Categories
мэдээ улс-төр

Ажлын хэсэг хуралдав

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо болох бөгөөд энэ хүрээнд 04 дүгээр сарын 21-22-нд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт болно.

2016 оны 04 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 13 дугаар тоот захирамжаар байгуулагдсан юм. Тус Ажлын хэсгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ажиллаж байгаа бөгөөд энэ удаа Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын явцтай танилцан, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар зөвлөлдөв. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яам, Төрийн ёслолын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын холбогдох албаны хүмүүс багтжээ.

2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн хурал болох юм. Тухайлбал, 2016 оны 04 дүгээр сарын 21-22-нд болох Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт, 05 дугаар сарын 12-13-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, 06 дугаар сард АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Ази, Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт зохион байгуулагдана. Харин 07 дугаар сард Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт, АСЕМ-ын Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *