Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг сүүлийн гурван жилийн хугацаанд 60 хувиар өсжээ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 90 хувь нь эмэгтэйчүүд, 40 хувь нь хүүхдүүд байна. Хүний хэрэгт хошуу дүрэхгүй гэсэн сэтгэлгээнд өөрчлөлт орж иргэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад өгдөг болсноор энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт өсжээ. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн гаралт гэнэт нэмэгдээгүй. Хөрш айлд нь гарсан хэрүүл тэмцэл, хүүхдийн уйлах дууг сонссон ч тоолгүй өнгөрдөг байсан иргэд хуулийн байгууллагад ханддаг болсноор цагдаагийн байгууллагад бүртгэлтэй гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо ийнхүү 60 хувиар өссөн дүн гарчээ.