XXI зуун гарсаар ертөнцийн хөгжлийн уг сурвалж, амьд организм үүсэх нөхцөлийн мөн чанартай холбоотой зарчмын гайхамшигтай нээлтүүд ар араасаа гарч, нийт олны гайхшралыг төрүүлж байна. Өнгөрсөн зууны гол нээлтүүдийн нэг бол өнөөдрийн өдрийн ажиглалтын хүрээнд байгаа асар уудам хорвоо ертөнц 13,7 тэрбум жилийн өмнө нэгэн онцгой цэгээс хүний ой тойнд оромгүй асар их эрч хүчтэй гэрлийн туяа цацруулан үүсчээ гэсэн дүгнэлтийг хөдлөшгүй баримт, туршилтад тулгуурлан гаргасан юм. Тэгвэл жингүй буюу массгүй энэ их гэрлийн туяанаас орчлон хорвоогийн бүтцийг бий болгосон од эрхэс, нар сар, эх дэлхий түүгээр ч барахгүй бид бүгдийн араг яс, бие махбодыг бүрэлдүүлэгч эд эс, эгэл бөөм, цөм, молекулууд яагаад жин татдаг масстай болсон юм бэ гэсэн асуулт эрдэмтдийн шийдэх ёстой гол бодлого байсан. Хамгийн энгийн шийдэл бол “Бурхан биднийг бүтээх гэж гэрлийг масстай болгожээ” гэж хэлж болох юм. Гэвч яагаад масс үүссэн, ямар учир шалтгаан байсан юм бол гэдэг нь эрдэмтдийн санааг зовоож байв. Гэтэл цай идээших, тараг бүрэлдэх, газрын хөрсөн дээр халсан агаар дээшээ дэгдэж бороо хур, мөндөр болон буудагтай адил төстэй үйл явдал ертөнцийн үүслийн эхэн мөчид бий болжээ гэсэн таамаглалыг эрдэмтэд дэвшүүлж тавьсан. Энэ үзэгдэл орчлонгийн анхны тэгш хэмт чанар алдагдсантай холбоотой болохыг физикчид тогтоосон. Үүнтэй төстэй амьдралын жишээ бол залуу гэр бүл амьдралаа зохион цаашид амьдрахын тулд оосор бүчгүй ор цагаан гэрт тооно, хаалга гарган түүний анхны дээд тэгш хэмт чанарыг эвдсэнтэй адил бүлгээ.
Ертөнцийн үүслийн их тэсрэлтэнд бий болсон хэмжиж боломгүй тоон хэмжээтэй температурын утга яваа яваандаа буурах үед өөрийгөө тойруулан сэвсгэр хөвөн, цас шиг орчин үүсгэдэг онцгой бөөм буюу физикчдийн нэрлэснээр Хиггс бозон үүсч түүний ойр орчмоор гүйсэн гэрэл түүнд уургалагдан, хөдөлгөөн нь удаашран хурд нь багассан учраас анхдагч гэрэл масстай бөөм болох нөхцөлийг бүрэлдүүлсэн гэсэн таамаглалыг анх Шотландын физикч Хиггс дэвшүүлсэн.
Гэтэл 2012 оны зуны дэлгэр цаг буюу долдугаар сарын 4-ний шөнө Швейцарь улсын Женев хотод байдаг 27 км тойрог замаар эгэл бөөмсийг гэрлийн хурд хүртэл хурдасгадаг Европын Цөмийн Судалгааны Лабораторийн супер хурдасгуурын хяналтын өрөөний компьютерийн дэлгэц дээр нөгөө Хиггс бөөм байж магадгүй гэмээр бөөм үүсч байгааг бүртгэж авсан юм. Хожим нь олон удаа давтан хийсэн туршилтаар энэ шинэ бөөм яг Хиггс бөөм болохыг баталж, анх түүнийг төсөөлөн хэлсэн эрдэмтэд 2013 онд Нобелийн шагнал авсан билээ.
Материаллаг ертөнцийн бүтэц, түүний хөгжлийн нууцыг тайлсан энэ нээлтэд баясан хөөрсөн шотландчууд дунд сургуулийн сурагчдын дунд Хиггс эрдэмтнийхээ нэрэмжит шагналт уралдааныг жил бүр зохион явуулж, түрүүлсэн сурагчийг Женев хотын Европын Цөмийн Судалгааны Лабораторид илгээн суралцуулах болсон юм.
Одоо өөр нэг бүр онцгой чухал нээлтийн тухай ярья. Хүний оюун ухаан, тархины хийсвэр сэтгэлгээ, цэвэр математикийн бодлого яаж хорвоо ертөнцийн бодит үнэнийг зураглан бичиж болдог юм болоо гэсний тод жишээ нь 2016 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр буюу бидний цагаан сарын шинийн гурванд таталцлын хүчний долгионыг нээсэн явдал боллоо. Альберт Эйнштейн 1915 онд харьцангуйн ерөнхий онолоо хийсвэр математик тооцоонд үндэслэн боловсруулсан бөгөөд энэ онолын гол мөрдлөгөөр бол цахилгаан цэнэгтэй биес бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээ болсон гар утас, телевизор, мэдээллийн бүхий л хэрэгцээг хангадаг цахилгаан соронзон долгион цацруулдагтай яг адил, масстай бие болгон таталцлын долгионыг цацруулах ёстой гэсэн дүгнэлт юм. Цахилгаан соронзон долгионыг бодвол таталцлын хүчний долгионы эрчим тэрбум тэрбум тэрбум дахин маш бага учир ийм долгионыг бүртгэн авах ямар ч боломжгүй гэж физикчид үзэж байв. Гэтэл 1,3 тэрбум жилийн өмнө сая сая одны масстай тэнцүү масстай хоёр хар нүх мөргөлдсөний улмаас үүссэн таталцлын долгионыг АНУ-д таталцлын интерферометр гэдэг багажийн тусламжтайгаар бүртгэн авснаа дэлхий нийтэд зарласан байна. Энэхүү долгионы тархалт усанд хаясан чулуунаас үүссэн усны гадаргуугаар тархах тойргон хэлбэртэй долгионтой адил төстэй. Асар их масстай хар нүх нь манай Галактик болох сүүн зам буюу Тэнгэрийн заадасны төвд орших бөгөөд түүний татах хүч асар их тул 100 тэрбум од түүнийг тойрон эргэлдэнэ. Ийм төрлийн хар нүхнүүд энэ орчлонд түм бумаараа байх ёстой гэж эрдэмтэд үздэг бөгөөд хар нүхний физик судалгааг Кембриджийн их сургуулийн Люксон профессорын орон тоон дээр ажилладаг С.Хоукинг тэргүүлдэг юм. Амьд сэрүүн байгаа физикчдийн дундаас А. Эйнштейний дараа орох физикч эрдэмтэн нь Хоукинг хэмээн үздэг. Түүний уураг тархины нейронуудын хөдөлгөөнийг залдаг мотор нь ажиллахгүй болсноор 40 гаруй жил болж байгаа ба үүний улмаас хөдөлгөөн нь саарч, юм ярих боломжгүй болсон юм. Люксон профессорын орон тоон дээр ажиллаж байсан өөр гарамгай эрдэмтэд нь Исаак Ньютон, Поль Дирак байв. П.Дирак нь цэвэр математик тооцоо, тэгшитгэлийн тусламжтайгаар орчлон ертөнцөд бидний ердийн бодисоос гадна түүний антибодис байдгийг нээсэн. Энэхүү антибодис бидний ертөнцийн бодистой нийлэх л юм бол гэрэл болон алга болно. Ертөнцийн хөгжлийн хувь заяагаар энэхүү антибодис вакум буюу бодисын хамгийн доод түвшинд шурган алга болжээ.
Харилцаа холбоо, мэдээлэл, компьютерийн хувьсгалын давалгаанд хөвсөн хүн төрөлхтний үсрэнгүй хөгжил, нөгөө талаас орчин үеийн шинжлэх ухааны нээлт ололтыг хүний амьдралын материаллаг тансаг хэрэгцээг хангахад зориулагдсан бизнесийн өнгө мөнгөний хязгааргүй өрсөлдөөн, тэмцэл эцсийн эцэст нийт хүн төрөлхтөнд ямар үр дагавар авчрах бол гэдэг нь эрдэмтдийн санааг зовоосон асуудал болж байна. Хоукингийн хэлснээр ингэж шинжлэх ухааны нээлт бүтээлийг тэмцэлдэн, өрсөлдөн ашиглах нь ирээдүйдээ, бүүр ойрын ирээдүйд ч магадгүй нийт хүн төрөлхтөнг сүйрэлд хүргэж болзошгүйг анхааруулжээ.
ЭХ БОЛСОН ЭХ ДЭЛХИЙГЭЭ БҮГДЭЭРЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛЪЯ.
Академич Х.Намсрай