Ирц бүрдэхгүй тул өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсангүй. Үүнтэй холбоотойгоор зарим гишүүд үг хэлсэн юм.
УИХ-ын дарга З.Энхболд ажилдаа ирээгүй гишүүдийн нэрсийг тойргоор нь дуудлаа. Үүнд УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн, мөн бие даагч УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү, Г.Уянга, Д.Тэрбишдагва, Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ нарын нэрийг дуудаж, ажилдаа шалтгаангүйгээр ирэхгүй байгааг сануулсан юм.
Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “УИХ-ын ээлжит бус чуулганыг 2016 оны хоёрдугаар сарын 15-26-нийг хүртэл зарлан хуралдуулах захирамж гаргасан. Тэр үеэс УИХ дахь Ардчилсан намын бүлэг бүрэн сууж байна, МАН, МАХН-аас тавьсан шаардлагын дагуу. Ардчилсан намын бүлгийн 35 гишүүн сууж байна” гэж хэлээд бусад гишүүдийг чуулганд суухыг уриалсан.
Мөн гишүүд ээлж дараалан үг хэлсэн бөгөөд маргааш ирц бүрдвэл ээлжит бус чуулганаа хийхээр болов. Түүнчлэн зарим гишүүд өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулган ирц хүрээгүйн улмаас гишүүдийн үг хэлэх индэр бүхий сименар болон хувирсанг ч УИХ-ын дарга З.Энхболд онцлов. Маргааш ирц бүрдвэл УИХ-ын ээлжит бус чуулган 09.00 цагт эхэлнэ.