МоАХ-ны 26 жилийн ой өнөөдөр тохиож байгаатай холбоотойгоор АН-ын дарга З.Энхболд, бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Х.Баттулга нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Энэ УИХ-ын үед УИХ-ын гишүүдийн хариуцлага улам дордсон. Өглөө УИХ цагтаа эхэлдэггүй. 26 жилд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ нь 500-4000 ам.доллар болж ес дахин өслөө. Төр засагт ажилладаг улсууд цалингаа авч байгаа бол ажилдаа ирэх хэрэгтэй. 76 гишүүн гэж байгаа боловч энэ УИХ дотор таван намын гишүүд байна. Гурван намын гишүүд ажилдаа ирж, хоёр нь ирэхгүй байна. Өнгөрсөн 26 жилд АН-д дангаар нь засгийн эрх барих боломжийг монголын ард түмэн өгөөгүй байна. Өнөөдөр АН-ын гадаадад томилолттой байгаа нэг гишүүнээс бусад нь бүгд оролцсон. Гэтэл МАХН, МАН-ынхан хуралдаа суусангүй”гэв. Энэ удаагийн ээлжит бус чуулганы хуралдааанаар Зөрчлийн тухай хууль, Барилгын тухай хууль, Хүүхэдтэй холбоотой хоёр хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийн эцсийн найруулгыг унших ёстой байж. Хэрэв ирц бүрдсэн бол дээрх хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэх байсан. Ирц бүрдэхгүйд хүрвэл эдгээр хууль ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэхээр болоод байна. Мөн Татварын тухай хууль, Аж ахуй нэгжийн тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль гээд маш олон дэвшилттэй хуулийг гаргах гэхээр хуралдаа сууцгаахгүй байгаа талаар шүүмжлэв.
Түүнчлэн “Ерөнхий сайдыг огцруулдаг шиг намайг огцруулна гэж байхгүй. Би угаасаа ийм ааштай хүн. Ааш зангаа өөрчлөх боломжгүй. УИХ сахилга баттай байх ёстой. Цагтаа ирдэггүй хүмүүстэй хариуцлага ярихаар урдаас өрвөлзөөд байх юм” гэв. Одоогийн байдлаар үдээс хойш хэмээн зарласан чуулган эхлээгүй байна.