Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үндэсний зөвлөлийн тэргүүн М.Баясгалан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Баатаржав, Монголын Дүлий иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэд УИХ-ын ээлжит бус чуулган цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатай байна гэлээ. Учир нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах тухай хуулийн эцсийн найруулгыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх аж. Гэвч МАН-ын гишүүд хуралдаа суугаагүйгээс УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт энэ сарын 18-нд болж хойшлогдсон. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд дээрх хууль нэг хоногийн өмнө ч болов хэрэгжих нь чухал байгаагаа илэрхийллээ.
“Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хуулиа хурдан хэрэгжээсэй гэж хүсч байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд нэг өдрийн өмнө ч болсон эрхээ хамгаалуулах нь чухал. Гэтэл УИХ-ын ээлжит бус чуулган товлосон хугацаандаа нээлтээ хийж чадсангүй. Ийм чухал асуудлуудыг хойш нь тавиад хуралдаа суухгүй байгаа гишүүдэд харамсаж байна. УИХ-ын гишүүдээ та бүхэн хуралдаа суугаач ээ” хэмээн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөлийн тэргүүн М.Баясгалан хэллээ.