Улсын хэмжээнд Хөрөнгө, орлогын мэдүүлэг хүлээн авах ажлыг энэ сарын 15-ны өдөр албан ёсоор дуусгасан. Урьдчилсан дүнгээр төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас ирүүлсэн дүнгээр 39940 мэдүүлэг гаргагч 2015 оны мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлсэн бөгөөд энэ нь нийт бүртгүүлэх ёстой албан хаагчдын 99.7 хувь юм.
Харин Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 269 албан тушаалтан бүгд буюу 100 хувь бүртгүүлжээ. Энэ жилийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувьд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбогдуулан зарим төрийн байгууллагад халаа сэлгээ ихээхэн хийгдсэн. Авлигын эсрэг хуулийн дагуу холбогдох төрийн байгууллагууд хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хойш 14 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт тайлан мэдээг ирүүлэх үүрэгтэй бөгөөд албан ёсны дүн мэдээг ирэх гуравдугаар сарын нэгний өдөр улсын хэмжээнд гаргана.