УИХ-ын гишүүн С.Ганбаатарын Хөдөлмөрийн үндэсний намынхан тамгаа алдсан, гээсэн болохын аль нь үл мэдэгдэх нэгэн зарлал тавьжээ. Тодруулбал, Хөдөлмөрийн үндэсний намын 8489100 регистрийн дугаартай, ГСТ-2248 тоот тамга гээсэн гэсэн зарыг сонинд байршуулжээ. Сүүлийн үед тус нам дотор нэлээн бужигнаантай байгаа. Намын даргаа дүрэм зөрчсөн хэмээн эсэргүүцэж, зарим гишүүд нь намаасаа гарах өргөдлөө өгсөн.
Намын тамгаа гээсэн гэх асуудалд намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд тайлбар хийжээ. Тэрээр “ХҮН-ын дотоод асуудлаас үүдэн хэсэг бүлэг хүмүүс намын тамгыг дахин хийлгэхээр явж байна гэсэн мэдээлэл ирсэн тул та бүхэн сэрэмжтэй байж, тус намын тамгыг хувилах хүсэлт ирсэн тохиолдолд цагдаагийн газарт мэдэгдэнэ үү. Холбогдох хуулийн хүрээнд намын үйл ажиллагаанд тамга ашиглагдаж байгаа болно” гэсэн албан бичгийг тамганы үйлдвэрүүдэд тараажээ. Харин зарим намын гишүүд нь өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан “гээгдсэн гэх тамга ашиглаж байгаа. С.Ганбаатар дарга болих хэрэгтэй” гэх мэдэгдлийг хийжээ.