Монголын Бурхны шашинтны Төв Гандантэгчэнлин хийд өнөөдөр сүсэгтэн олны хөлд дарагджээ. Цагаан сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр Дээрхийн Гэгээнтэн IX Богд Жэвзүндамба Хутагтын “Лагшин эрдэнэ”-ийг хүндэтгэн залах ёслол Гандантэгчилэн хийдэд боллоо. Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагт шавь олныг дээдийн номын айлдвар гүн дэлгэр зарлиг сургаалаараа хөтлөн зохиож байгаад XVII жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8 буюу 2012 оны гуравдугаар сарын 1-ний луу цагт мөнх бусын дүрийг үзүүлэн, дүрст лагшинг номын агаарт хураасан билээ. Түүнээс хойш дөрвөн жилийн турш Богд гэгээнтний шавь нар Багшийнхаа лагшин шүтээнийг дээдэс лам нарын адил уламжлал ёсоор бурханчлан шүтээн болгон бүтээсэн билээ.
Шүтээнчлэн бүтээсэн лагшин эрдэнийг Гандантэгчэнлин хийдийн Гандан дуганд өнөөдөр 13:00 цагт залж, равнай мандал өргөлөө. Гандантэгчинлэн хийдэд V, VII, VIII дугаар Богдын шарилын сүм байдаг аж. Их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд эдгээр Богдын шарилыг бүрэн бүтэн авч үлдсэн бөгөөд өдгөө ийнхүү IX Богдын “Лагшин Эрдэнэ” нэмэгдэж байгаа юм байна. Сүсэгтэн олон IX Богдын “Лагшин Эрдэнэ”-д мөргөх үйл ажиллагаа нээлттэй бөгөөд IX Богд Жэвзүндамба хутагтын “Лагшин Эрдэнэ” Гандантэгчинлэн хийдийн төв дуганд байх юм.