Categories
мэдээ цаг-үе

Ж.Энхбаяр: Төв Азийн нүүдэлчин соёл иргэншилтэй улс орнуудтай ойртон нягтрах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-Улс төрийн намын санхүүжилт олны анхаарлын төвд байна. Намын санхүүжилтээс болоод хүнд байдалд ороод байгаа хүмүүс ч нүднээ илхэн байна л даа?

-Улс орон ийм хүнд байдалд орсны буруу нь улс төрийн намуудад байгаа юм. Улс төрийн нам намч чанараа алдсан. Үүнтэй холбоотойгоор улс төрийн намын нэрийн дор янз бүрийн хүмүүс эрх мэдэлд хүрдэг болсон. Төрийн албан тушаалыг наймаалцдаг болсон. Мэргэжлийн бус хүн намын хүн гэдгээрээ дулдуйдан томилогддог ямар ч мэргэжлээс илүү ийм нэг сонин мэргэжил гарчихлаа. Та намын л гишүүн бол маргааш мэс засал ч хийж болохоор байна. Та намын гишүүн бол эдийн засгийн чухал шийдвэрүүдийг гаргаж байна. Намын гишүүн л бол инженер ажиллах ёстой ажлын байранд ажиллаж эхэллээ. Үүнтэй агаар нэг зөндөө жишээ хэлж болно. Мэргэжилтэн шаарддаг салбар дээр намын нэрээр түрээ барьсан хүмүүс ирсэн тул төрийн шийдвэр гаргах байдал нуран унаж байна. Төрийн алба муудаад эхлэхээр эдийн засгаа ингэж хүнд байдалд оруулдаг юм. Иргэдийн амьдрал хүндэрсэн, туйлдсан нь эргээд л энэ улс төрийн намтай холбоотой.

-Тэгэхээр нам хэрэггүй гэсэн үг үү?

-Би улс төрийн намыг үгүйсгээгүй. Нам, нам шиг л байх нь чухал. Тиймээс нам өөрсдөө өөрчлөгдөх хэрэгтэй. Тэр нам хатуу, төрийн албыг шударга явуулдаг, мэргэжлийн хүнийг ажиллах бололцоог бүрдүүлдэг байх ёстой. Энэ нь эргээд улс төрийн намын санхүүжилттэй холбоотой. Үүнийгээ хуульдаа сайн зохицуулж өгч чадаагүйтэй холбоотойгоор улс төрийн намууд үйл ажиллагаагаа явуулахын тулд янз бүрийн эх үүсвэрээс мөнгө татаж эхэлсэн. Улмаар мөнгөтэй хүмүүсийн нөлөөнд бага багаар автаж эхэлсэн. Анхан шатны үүр, хороодоосоо эхлээд аймаг, орон нутаг, улсын хэмжээнд автаж байгааг илэрсэн ганц Г.Шийлэгдамбаас харж болно. Энэ ганцхан Г.Шийлэгдамбын асуудал биш. МАХН-ын ч асуудал биш. Бүх улс төрийн намд тохиолдож байгаа зовлон байхгүй юу. Тэгэхээр үүнийг ил тод яриад шийдэх ёстой. Улс төрийг санхүү мөнгөний нөлөөллөөс яаж ангид байлгах вэ гэдэг асуудлаа шийдэх нь чухал. Дахин хэлэхэд би улс төрийн намыг үгүйсгэж байгаа юм биш. -Намын санхүүжилтийг тэгээд яаж шийдэх ёстой гэж?

-Бид төрийн албан хаагчдын хөрөнгө оруулгын мэдүүлгийг гаргадаг болгоё гэж зүтгэсээр байгаад авдаг болсон. Үндсэндээ Монгол Улсын хөрөнгө мөнгөний гүйлгээ маш тод болж эхэлж байна. Төрийн албаны бүх гүйлгээ шилэн болсноор буруу мөнгөний гүйлгээг хянаж эхэллээ. Энэ бол дэвшилттэй зүйл.

УИХ, орон нутагт иргэдийг төлөөлж суудал авсан хэмжээгээр нь санхүүжилтэд нь тодорхой хэмжээгээр дэмжлэг өгөх хэрэгтэй. Яагаад гэхээр энэ хүмүүс улс орны төлөө ажиллах ёстой. Санхүү мөнгөний нөлөөллөөс ангид байх ёстой. Тэр боломжийг нэг талаас нь бүрдүүлэх нь чухал. Нөгөө талдаа улс төрийн нам иргэдийн дэмжлэг дээр тогтох ёстой. Энэ агуулгаараа гишүүд, дэмжигчдээсээ хандив авах нь зөв. Нийгмээс авах дэмжлэгээ алдаад эхлэхээр улс төрийн бүлэглэлийн захиалгыг биелүүлдэг болж байна. Цөөн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалахын тулд улс төрийн намд ихээхэн хэмжээний мөнгө өгчихөж байгаа юм. Тэгснээр УИХ дээр хууль батлахдаа түүнийг нь харгалзахаас өөр замгүй болдог. Тэр нөлөөллөөс УИХ яаж гарах вэ гэдгийг сайтар бодож Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх хэрэгтэй.

-Чуулганы хуралдааны гол асуудал Гацууртын орд байлаа. Эдийн засаг хүнд байгаа болохоор Гацууртын ордыг ашиглуулах шийдвэрийг УИХ гаргалаа гэж байна. Түүнчлэн Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад ч авахаар боллоо?

-Монгол Улсын эдийн засаг туйлын хүнд байдалд орсныг Гацууртын ордыг шийдвэрлэж буй байдал, Оюу толгойн гэрээн дээр буулт хийж Дубайд гарын үсэг зурсан байдлаас харж болно. Манай орны хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 80 хувийг импортоор хангадаг. Ингэхдээ валютаар авдаг. Энэ бол бодит байдал. Үүнийгээ бид экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлтийн буянаар бүрэн хангадаг байлаа. Нөгөө талдаа улс төр нь тогтвортой байсан тул гадаадын хөрөнгө оруулалт асар их хэмжээнд орж ирдэг байсан юм. Жилдээ гэхэд 4-5 тэрбум ам.доллар орж ирдэг байсан гээд бод. Улс төр нь тогтвортой байснаар Монгол Улсын зээлжих зэрэглэл өндөр байж, хамгийн ирээдүйтэй орны тоонд орж байсан тул хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтууд орж ирэх боломж нээгдсэн. Одоо бол энэ бүх боломж нуран унасан. Энэ дөрвөн жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт “0” болж, 17 хувийн өсөлттэй байсан эдийн засаг нэг болтлоо буурлаа. Экспортод гаргаж байсан түүхий эдийн үнэ 2-6 дахин унасан. Гадаадын хөрөнгө оруулалт, экспортын орлого хаагдсан. Болсон болоогүй гадаадын зээл тусламжаа зарцуулаад дууслаа. Энэ гурван эх үүсвэр хаагдангуут бидэнд валют болох эх үүсвэр болсон алтны асуудал сөхөгдөж байна. Алт ухан валют олж, өргөн хэрэглээг хангахын тулд нэг талдаа Гацууртын орд дээр харамсалтай шийдвэрийг гаргалаа.

-Та чуулганы хуралдаан дээр манай улсын гадаад бодлогод шинэ чиглэл бий болгох санал дэвшүүлж байсан. Энэ талаараа нэмж тайлбар өгөөч?

-Сүүлийн жилүүдэд Монгол Улс ОХУ, БНХАУ болон АНУ, Японтой гурван талт харилцаа, хамтын ажиллагааг бий болгох, хөгжүүлэх талаар нэлээдгүй чармайлт гаргах болсон л доо. Энэ нь манай орны гадаад харилцааг шинэ хэлбэрт оруулах, үр дүнг нь оновчтой болгоход чиглэсэн чухал алхам.

Манай болон ОХУ, БНХАУ-ын гурван талт харилцааны үндэс нь хөрш залгаа орнуудын хамтын ажиллагаа өргөжих нь зөв. Түүний дотор Орос, Хятад хоёрын дунд бамбай улс болон орших хэрэгтэй. Ингэснээр эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд энэ хоёр улсын бараа, бүтээгдэхүүн бусад зүйл дамжин өнгөрөх гол түшиц, стратегийн ач холбогдол бүхий газар нутаг болно.

-Тэгвэл АНУ, Японтой яаж харилцах юм. Түрүүн энэ хоёр улсын тухай та хөндлөө?

-Монгол, АНУ, Японы гурван талт харилцааны гол утга нь төр, нийгмийн ардчилсан тогтолцоот орнуудын хамтын ажиллагааны хүрээнд явагддаг юм. Энэ хүрээндээ Азид шинээр бий болсон ардчиллын загвар улс болох Монголыг дэмжихэд энэ хоёр улс анхаарал хандуулдаг.

Мөн гурвалсан харилцааны хүрээнд гадаад бодлогын энэ шинэ хэлбэрийг гүнзгийрүүлэх шаардлага байна уу гэвэл тийм. Тэр утгаараа соёл иргэншлийн түүхэн уламжлалт харилцаатай, улс хоорондын харилцаандаа баримталж буй чиглэл, зарчим талаасаа төсөөтэй шинж чанартай орнуудтай харилцаагаа сэргээх хэрэгтэй. Хэрэв нягт хамтран ажиллаж чадвал Төв Ази, Зүүн Хойд Азийн улс хоорондын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэр утгаараа манай орон Казахстан, Киргиз гэсэн хоёр оронтой гурван талт харилцааг эхлүүлэх шаардлагатай гэж хараад байгаа юм. Цаашлаад хамтын ажиллагааны ямар нэгэн үр дүнтэй механизм бий болгох нь зүйтэй байж болох юм гэдэг үүднээс санал дэвшүүлсэн. Тэр саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан хэрэг. Төв Азийн нүүдэлчин соёл иргэншилтэй улс орнуудтай ойртон нягтрах хэрэгтэй.

-Яг үнэндээ манайхан Казахстан, Киргиз гэхээр хэр хүлээж авах бол. Гурван талт харилцааг хөгжүүлэх боломж байгаа гэж та харсан юм уу?

-Тэгэлгүй яахав. Түүхийн хувьд авч үзэхээр нэгэн дээвэр доор багтаж явсан хүмүүс л дээ. Монгол, Казахстан, Киргиз гэсэн гурван орон Төв Азийн өргөн уудам тал нутагт өнө эртнээс нүүдлийн мал аж ахуй, ахуйн хэрэгцээний бага сага газар тариалан, гар урлал, төмрийн дарх эрхлэн чөлөөтэй нүүдэллэн амьдарч ирсэн соёл иргэншил, ахуй, хөтлөх арга ухаан, төрт ёс, зан заншлын хувьд ихээхэн төсөөтэй гэдгийг бүгд мэднэ. Өнгөрсөн зуунд Казахстан, Киргиз нь Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан. Харин Монгол Улс социалист хамтын нөхөрлөлийн орнуудын эгнээнд багтсанаар орос загварын европ маягийн буюу шинэ евразийн гэгддэг соёл иргэншил, эдийн засаг, нийгмийн нийтлэг зүйлс гээд цөөнгүй зүйл дээр ижилсэн, хамтын ажиллагааны багагүй туршлага хуримтлуулсан байдаг.

-Гадаад бодлогын хүрээнд харилцаа ойр байх боломж бий юу?

-Энэ хоёр орон болохоор олон улсын тавцанд энхийг эрхэмлэсэн, дайн, зэвсэгт мөргөлдөөн болон цөмийн зэвсгээс ангид байх тууштай байр суурийг эрхэмлэдэг. Манайх ч мөн адил.

Монгол Улс, Казахстан улс, Киргиз улс нь нэг талаасаа уламжлалт хамаарал бүхий ОХУ-тай аль болох ойр нягт хамтран ажиллах хүсэлтэй. Мөн дэлхийн өндөр хөгжил бүхий бусад орон болон тэр дундаа АНУ тэргүүтэй барууны улсуудтай найрамдалт харилцаатай байхыг эрмэлздэг.

Энэ гурван улс дэлхийн улс орнуудтай харилцахдаа өөрсдийн уламжлалт соёл иргэншлээ гадны аливаа нөлөөллөөс хамгаалах, нүүдэлчин ардын уламжлал бүхий төрт ёсныхоо зан заншлыг хадгалах чин хүсэлтэй байдаг. Түүнчлэн бусад улсын нутаг дэвсгэрт оршин сууж буй үндэстэн нэгт ард түмнүүдтэйгээ аль болохоор ойр дотно байх, тэднийг гадаад бодлогынхоо нэг чухал хүчин зүйл болгон ашиглахыг эрмэлздэг дээ.

-Казахстан, Киргизтэй гурван талд хэлэлцээр байгуулснаар ямар давуу талтай юм бэ?

-Казахстан, Киргиз улс нь өнгөрсөн зуунд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байж манай улстай адилаар социалист хамтын нөхөрлөлийн орнуудын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалах нэгдсэн тогтолцоонд хамаарагдаж байсан юм. Монгол Улс олон тулгуурт бие даасан гадаад бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлж буй өнөө үед гурван талт болгон гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь улс төр, нийгэм, эдийн засагт үр дүнтэй байж болох юм гэж хараад байна л даа. Мөн Казахстан, Киргиз улстай тогтоох шинэ маягийн гурван талт харилцаа, цаашлаад хамтын ажиллагаа нь манай орны хэрэгжүүлж буй “Гуравдагч хөршийн бодлого”-ын нэг тодорхой илэрхийлэл болж чадна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Хятад, Орос гэсэн хоёр хөршийнхөө хэт нөлөөллийг тодорхой хэмжээгээр хязгаарлахын тулд хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд энэ хоёр улстай аль болох ойр дотно харилцахыг эрмэлзэж ирсэн нь энэ гурван талт харилцааг амжилттай хөгжүүлж болохын нэг төрлийн баталгаа болох боломжтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг эхлүүлэх санаачилга гаргасныг геополитикийн орон зайн хувьд Төв Азиар нэмэгдүүлэн өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой байж болох юм. Энэ нь манайх болон нөгөө хоёр оронтой гурван талт шинэ харилцааг бий болгохын нэг угтвар гэж харж байна л даа.

-Үүнийг хэрхэн зохион байгуулах ёстой юм бол?

-Зохион байгуулалтын хувьд эхлээд уг асуудлыг судлах тусгайлсан ажлын хэсгийг холбогдох байгууллагуудын албан тушаалтан болон мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын оролцоогоор байгуулах хэрэгтэй байх. Дараа нь аюулгүй байдал, стратегийн судалгааны чиглэлийн эрдэм шинжилгээний болон ТББ-уудын уулзалтыг зохион байгуулсны дараа гурван улсын гадаад хэргийн болон эдийн засгийн сайдуудын уулзалтыг зохион байгуулбал үр дүнтэй. Ингээд учраа олоод явчихвал гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэх хэрэгтэй байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *