Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын заан Дасрангийн Мягмартай ярилцлаа. Тэрээр улсын наадамд арваннэгэн удаа шөвгөрсөн манлай заануудын нэг юм.
-Сар шинийн босгон дээр уулзаж буйн хувьд цагаан сарын бөхийн талаар яриагаа эхлэх гэсэн юм. Та сар шинийн барилдаанд хэдэн онд анх зодоглож байсан бол?
-Цагаан сарын бөхийг багадаа хөдөө радиогоор сонсоно. Тэр үед зурагт гэж ямар байсан биш. Хурц арслан Ц.Бадамсэрээжид гуай бөхчүүдийг овог нэр аймагтай сумтай нь гайхалтай гоё тайлбарладаг байлаа. Бөх болох юмсан гэх хүсэлдээ хөтлөгдөж явсан надад хэзээ нэг Улаанбаатар хотод очиж, нутаг усаа дуудуулан барилдах бол гэж бодогддог байлаа. Ингээд аравдугаар анги төгссөн жилээ Улаанбаатар хотод оюутан болж ирээд анх цагаан сарын барилдаанд зодоглож байсан юм. Тэр чинь жаран найман он. Би тэгэхэд аймгийн заан цолтой байлаа. Би чинь есдүгээр ангийн хүүхэд байхдаа аймгийнхаа наадамд үзүүрлэж байсан. Хөдөө гэртээ үргэлж радиогоор сонсч, аваргуудын цолыг дуудахад ёстой л нөгөө өөрийгөө цоллуулсан юм шиг дэвж шавж, тэр мундгуудтай барилдах юмсан гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байсан хүн чинь хотод ирээд цагаан сарын барилдаандаа зодоглоход урьд орой нь нойр хүрээгүй. Сэтгэл догдлоод тэр л дээ. Янз бүрийн л юм бодогдож байлаа. Нутаг усныхаа нэрийг дуудуулж гарчихаад нэг даваад чимээгүй болчих вий гэдэг ч юм уу. Харин аз болоход гурав давчихсан шүү.
-Ямар бөхчүүдийг хаяад гурав давчихав?
-Хоёрын даваанд Өвөрхангайн С.Цэдэвсүрэн начинг, гурвын даваанд Архангайн Хотонтын “Том” хэмээх улсын арслан Д.Жамц гуайг унагачихдаг юм. Дөрвийн даваанд Д.Дамдин аваргад амлуулж барилдаад өвдөг шороодсон. Их л сэтгэл өндөр байсан санагдана. Мөн улсын аварга, арслангуудыг хараад жигтэйхэн сүрдэж байгаа хэрэг. Ховд нутагтаа баруун таван аймгийн бөхчүүдтэй барилдаж явснаас тэр бүр улсын цолтой бөхтэй барилдаж байсангүй. Ингэхэд Улаанбаатар хотыг зорьж ус нутгаасаа мордохдоо нутгийнхандаа хоёр зүйлийг захиж байлаа. “Та нар радио сайн сонсч байгаарай. Би хотод очоод шууд улсын начин болно. Мөн спартакиадын аварга болно” гээд ам гарчихлаа. Тэр жил “Пионер сурагчдын анхдугаар спартакиад” болсон. Баруун таван аймгийн бүсчилсэн наадам манай аймагт зохиогдож, би чөлөөт бөхийн 75 кг-ын жинд алтан медаль хүртээд байв. Спартакиадын улсын аварга долдугаар сарын тавнаас наймныг дуустал болно. Энэ барилдаанд жиндээ түрүүлнэ, залгуулаад болох наадамд улсын цол хүртэнэ гэж санаад тийн ам гарчихгүй юу. Спартакиадын барилдаанд өөрийнхөө жинд түрүүлж алтан медаль энгэртээ зүүлээ. “Та нар сонссон биз. Би сая алтан медаль авчихлаа. Одоо наадмаар начин цол хүртэнэ. Радиогоо сайн сонсоно шүү” гээд дахиад хөдөө рүү ярихдаа хэлээд авлаа.
-Тэгээд тэр жилээ начин болж чадав уу?
-Яаж чадах вэ дээ (инээв). Хоёр давчихаад байж байтал гурвын даваанд Баянхонгорын улсын начин Ч.Баасанхүү амлалаа гэж дуулдав. Би аравдугаар ангид байхдаа улсын цолтой бөх хаяж үзэж байсан хүн л дээ. Увсын Тэсийн “Улаан гуталт” хэмээх Миеэгийн Цэрэндорж начинг Баян-Өлгий аймагт болсон барилдаанд тохиолдлоор хаячихсан. Ингээд гурвын даваанд Ч.Баасанхүү начинд өвдөг шороодлоо. Бараг л би яагаад уначихав гэж бодсон байлгүй. Өнөө начин цол байдаггүй. Маргааш нь морин тойруулгад болсон уяачдын баярт зодоглолоо. Эхний даваанд нэг их айхтар дэгээ ороодог цэрэгтэй таарчихдаг юм. Өнөө нөхөр салдаггүй дээ. Арайхийж хаяад байтал хоёрын даваанд Булганы “Задгай шар” хэмээх аймгийн арслан Н.Лхагвадоржтой таараад унасан. Энэ бөх улсын наадамд олон удаа дөрөв давсан байдаг. Начин байтугай зааны эрэмбэтэй бөх байлаа. Орой нь таван цагт Спортын төв ордонд барилдаан болоход уяачдын баярт таарсан цэрэгтэйгээ дахиад таарчихдаг юм. Бас л арайхийж хаяад сууж байтал улсын засуулч Ш.Лхүгдэв гуай ирээд “Чи нөгөө Ховдоос ирсэн хүү юү. Сайн бөхтэй нэг өдөр хоёр таарч барилдаад орхилоо доо. Наад чинь Булганы “дэгээ” Батчулуун гэдэг хүн шүү дээ” гэдэг юм. Ингээд энэ барилдааны хоёрын даваанд С.Цэрэн аваргатай таарсан. Аварга золгуутаа л ганц гараараа салтаадаж өргөөд шалан дээр тас гэдрэгээ харуулаад хаячихдаг юм. Урьд өмнө нь тийм бяртай хүнтэй барилдаж байсангүй. Бараг тийм бяртай бөх байдаг эсэхийг ч мэддэггүй явсан биз. “Улсын аварга цолтой бөх ийм л аугаа байдаг юм байна. Намайг чинь ганц гараараа тавагтай идээ хүнд өгч байгаа юм шиг өргөөд явчихлаа” гэж бодоод хоцорч билээ. Дараахан нь болсон заалны барилдаанд Х.Баянмөнх аваргатай таарч суугаад хөл авахаар нь зөрүүлж хутгаад ууцаар нь тэвэрч гараа чагтлаад барьчихлаа. Нэг сэртэл Ш.Лхүгдэв гуай Баянаа аварга хоёр намайг сэгсэрч байдаг юм. Би ухаан алдчихгүй юу. Тэр их бяртай хүн намайг бүтэн эргүүлээд нугасаар минь хаячихсан байгаа юм. “Улсын цолтой бөхчүүд гэдэг чинь хүн алах амьтад байна. Бид эд нартай эн зэрэгцэж барилдана гэдэг худлаа юм байна. Мөрөөрөө сургууль соёлоо дүүргээд аав ээжийнхээ дэргэд амьд мэнд очъё” гэж бодоод бүтэн хоёр сар барилдаагүй юмдаг.
-Таныг анх зодоглосон 1968 оны сар шинийн барилдаанд ямар бөх түрүүлсэн бол?
-Яг хэн түрүүлснийг сайн санахгүй байна. Д.Дамдин аварга, хоёр Мөнх яг ид гарч ирж байсан үе. Магадгүй Х.Баянмөнх аварга түрүүлсэн байх. Яагаад гэвэл тэр жилийнх нь наадамд Баянаа анх удаагаа түрүүлж, аварга цол хүртэж байсан. 1963-1967 оны улсын наадамд Ж.Мөнхбат тав дараалан түрүүлж Д.Дамдин аваргын амжилтыг давтаж байлаа. Тухайн цагт Баянаа, Мөөеө хоёр ижилгүй байсан даа. Хоорондоо яаж барилдах вэ гэдгээ л бодож явахаас бусад бөхчүүдийг огт авч хэлэлцэхгүй. Ер нь жараад оны сүүл үеэс наяад он хүртэлх энэ зурвасхан үед монгол бөхийн нэгэн үеийн алдар цуутнууд хоорондоо ид барилдаж байлаа. Д.Дамдин аварга хариагүй, хоёр Мөнх ид, С.Цэрэн, Ч.Бээжин аваргууд лут байсан үе л дээ. Г.Дэмүүл, Ө.Эрдэнэ-Очир, У.Мижиддорж, Л.Сосорбарам, “Тэмээ өргөдөг” Б.Жамьяандорж, Ж.Хайдав, П.Дагвасүрэн гэх аваргын дайны арслангууд энэ хэдийг залгаад Цэрэнтогтох, Д.Хадбаатар, М.Мөнгөн нар гарч ирсэн дээ. Үргэлж хоорондоо тунана. Үнэхээр халгамаар байсан. Намайг хүмүүс заан болно гэж ярьдаг байлаа. Зарим үед бараг итгэмээргүй л санагддаг байсан. Энэ хэдийгээ бүгдийг нь хаяж байж долоо даван дөрөвт үлдэнэ. Би чинь таван удаа зургаа давж их шөвгийн наймд үлдсэн хүн. Энэ үед надад “Шөвгийн наймд бол үлдэж болох юм байна. Харин дөрөвт үлдэх боломжгүй юм байна” гэх бодол төрж байв. Харин 1978 онд аз таарч долоо даван заан хэмээх эрхэм цолд хүрсэн дээ.
-Та чинь 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор начин болсон байх аа?
-Тэгсэн. Өмнөх жил нь тавын даваанд Д.Долгорсүрэн зааныг начин цолтой байхад нь тунаж барилдаад өвдөг шороодсон. Уул нь тэр жил намайг Ш.Батсуурь аварга начин болгоно гэж хэлсэн юм. Би аваргыг зүс мэдэхээс танихгүй. Гурав давчихаад байж байтал “Би танай аймгаас цол хүртэж бөхийн гараагаа эхэлсэн. Танай нутгаас сайн бөх төрөхгүй удаж байна. Харин цаашдаа сайн барилдах нэг залуу гарч ирлээ гэж баярлаж байна. Ах нь чамайг начин болгоно. Харин чи дөрөв давахаа л бодоорой” гэдэг юм.
Өмнөговийн морьт О.Пүрэвээр дөрөв даваад явж байхдаа ингээд нэг начин цолны үзүүр дээрээс атгаж авдаг байж дээ гэж бодон учиргүй баярлаад. Тэгтэл тавын давааны өмнө Ш.Батсуурь аварга ирээд “За миний дүү ахыгаа уучлаарай. Ах нь чамайг авъя гэж бодсон боловч манай Говь-Алтайн Ч.Амартүвшин гэж хүү дөрөв давчихаж. Чи начин байтуйгай барилдах хүн шүү” гэж хэлээд явчив. Ингэж Д.Долгорсүрэнтэй тунаж барилдаад унасан. Харин 1971 онд Архангайн Ж.Чойжилсүрэн арслангаар тав давж начин цолд хүрсэн. Чойжоо арслан намайг амлах тухайгаа мэдээж хэлэхгүй шүү дээ. Дараа нь бөхчүүдийн амнаас сонсоход Ж.Чойжилсүрэн гуай тэр жил өөрийнхөө нутгийн Л.Ринчендоржийг начин болгох бодолтой байсан юм билээ. Дөрвийн даваанд би өнөө Ринчендоржтой нь тунаж барилдаад хаячихсан. Тэгээд л намайг авсан байх.
-Тавын даваанд Д.Долгорсүрэн зааныг үнэхээр бараагүй юу?
-Бараагүй болоод л унасан хэрэг. Д.Долгорсүрэн ч лут амьтан байсан шүү дээ. Мөн Булганы Ч.Лундаа, Д.Галдандагва гээд аварга болчихсон байхад гайхахааргүй мөн ч сайхан амьтад байж дээ.
-Та есдүгээр ангидаа аймгийнхаа наадамд үзүүрлэж байсан гэж байна. Тэгэхээр багын их биерхүү, бяртай байж?
-Ангидаа бие хаагаар хамгийн том нь байлаа. Манай аав их бяртай хүн байсан. Ангийн банди нар надтай цувж барилдаад бүгд унана. Би чинь хүнтэй ноцолдохын бөөн хүслэн. Манай ах халаасанд багтдаг жижиг шатар авчирч өглөө. Ангийнхаа хүүхдүүдэд надтай барилдаад зөвхөн гарыг минь газарт хүргэсэн хүнд би энэ шатрыг өгнө гэж хэлээд хүртэл барилдаж байлаа.
-Шатар авах хүн гарав уу?
-Яаж байх вэ. Тэднийг би үзэхгүй хаяна. Наймдугаар ангиасаа аймгийнхаа бөхчүүдтэй барилдаад эхэлчихсэн хүнд чинь арван жилийн хүүхдүүд юу болох вэ. Арван жилд байхдаа “танк” гэсэн хочтой. Тухайн үеийн дурсамжийн дэвтэр дээр маань “тааяа”-даа гэж бичээд манай ангийнхан сэтгэгдлээ үлдээсэн. Хожим хүүхдүүд маань үзчихээд “Тааяа гэж юү гэсэн үг юм” хэмээн асууж байлаа. Тэр нь “танк”-даа л гэсэн үг байхгүй юу (инээв).
Би 1991 онд аварга Д.Хадбаатараар тав, шинэ начин Х.Амраагаар зургаа давж 43 насандаа их шөвөгт үлдэж байлаа. Түүнээс хойш дөрөв, таван жил барилдаад болчихсон. Гурвын давааны ам угтуулд уналгүй байгаа дээрээ больё гэж бодоод. Түүнээс гарч барилдаад байвал барилдаад л байна. Гарах нэг өөр, барилдах нэг өөр.
-Та олон бөх цолонд хүргэсэн үү?
-Ч.Бямбадорж, Р.Даваадалай, Т.Бат-Эрдэнэ зэрэг нутгийнхаа хэдэн бөхчүүдийг дэмжиж улсын цолонд хүргэсэн. Түүнээс найраанд орж одоогийн энэ дуулдаад байгаа үнэн худал яриа шиг мөнгө төгрөгтэй холбоотой зүйл байсангүй дээ.
-Цагаан сарын барилдаанд цол олгодоггүй болохоор буулт ч юм уу, ямар нэгэн байдлаар найраа ордоггүй гэдэг. Та ч энэ тухай хэлдэг. Гэтэл тэр жил Б.Бат-Эрдэнэ аварга, тухайн үед ид барилдаж байсан Өсөхөө, Сумъяабазар нарын залуу аваргуудыг дараалуулан хаяж түрүүлж байсан. Энэ тухай танаас асуумаар санагдлаа?
-Б.Бат-Эрдэнэ аварга өөрийнхөө үеийнхнээс хамгийн удаан, хамгийн дээгүүр амжилттай барилдсан энгүй хүчит бөх. Тэр жилийн сар шинийн барилдаанд нэг зүйл болсон юм. Юу вэ гэвэл, Г.Өсөхбаяр аваргын хуруу гэмтэлтэй байсан. Тийм болохоор цаашид барилдах боломжгүй. Ингээд аваргаас “Та намайг дөрөвт авчих. Би элдэв бусын хүнд унамааргүй байна” гэж хэлсэн байдаг. Энэ үгийнх нь дагуу аварга авчихсан. Үзүүр түрүүнд Д.Сумъяабазартай үлдсэн. Сумъяаг өмнө нь аварга улсын наадмаар шөвгийн дөрөвт хоёр ч удаа аван тунаанаас гаргаж, давааг нь ахиулж байсан. Тэгэхээр Сумъяа “Энэ хүн бөхийнхөө хувьд ахмад. Тэгэхээр би нэг их өмнөөс нь дайраад яахав. Тэртэй тэргүй цол авах биш” гээд унаад өгөхгүй юу. Үндсэндээ өмнө нь наадмаар авч давааг нь ахиулж байсан ачийг нь ч бодоод барилдаан гаргалгүй уначихсан. Ингээд ард түмэнд буруу ойлголт төрчихсөн. Д.Сумъяабазар, Б.Бат-Эрдэнэ аваргатай үнэн хүчээрээ барилдчих хэрэгтэй байсан юм. Тэр талаар би өмнө нь хэвлэлд ярьж байсан. Тухайн цагт бөхийн хэллэгээр бол аварга хариагүй байсан. Түүнээ тэр жилийнх нь наадмаар шилдэг залуу бөхчүүдээр найм давж их шөвөгт шалгаран баталж байсан.
-Энэ жилийн сар шинийн бөхийн барилдаан ямар болох бол, Та хэнийг түрүүлнэ гэж бодож байна?
-Мөөеө, Баянаа, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ нар шиг тасраад гараад ирэх бөх одоогоор харагдахгүй байна. Гэхдээ залуучууд ширүүн байгаа. Саяхан “Оны шилдэг найман бөх” тодорсон. Мэдээж тэр хэдээс дээшээ гарч ирж барилдах байх. Мөн аймаг, цэргийн цолтой бөхчүүд шуугиулахыг үгүй гэх газаргүй. Энэ жилийн цагаан сарын бөхийн барилдаан үзэж харах зүйлтэй сайхан болох нь мэдээж.