Categories
мэдээ цаг-үе

Намдавын Дагвадорж: Дамдинсүрэн, Ринчен гээд Монголын сор болсон эрдэмтдээр хичээл заалгаж явжээ

Зураг дээр зүүн гараас Ц.Чинбат,
Н.Дагвадорж, Б.Цэрэнжамц нар

Он он жилээр Булган хангайнхаа тэнгэр дор сууж, бүтээлээ туурвиж буй буурал багш Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Намдавын Дагвадоржтой хөөрөлдсөнөө хүргэе.

-Булган нутгаас авьяас билигт олон хүн төрсөн. Тэр бүгдэд та шүлэг найраг, элгэн халуун сэтгэлээрээ нөлөөлж, ихэнх найрагчдын номыг өлгийдөн, өврөөсөө шувуу шиг нисгэсэн байх юм. Та бол Явуу, Эрдэнэ, Гайтаваас цөөхөн дүү, Түдэв, Дашдооров, Нямдорж, Чойном нартай үе чацуутан. Тэгэхээр эртний хүн болж таарах нь?

-Миний бие 1936 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Хужиртбулангийн Сондуул гэдэг газар төрсөн юм. Байгалийн үзэмж төгөлдөр, хүмүүс аж төрөн амьдрахад зориулагдсан юм шиг тийм сайхан хангай. Ус нутгийнхан маань Дугариг, Сондуул, Хадлан жирээ гэдэг газруудад өвөлжөөд, Сэлэнгэ мөрнийхөө хойно Хайлааст, Аяган жирээ, Өрөлт, Мухар булгаар зусна даа. “Өрөлт Сэлэнгэ-миний нутаг” гэж Ширчинсүрэн найрагчийн шүлэг байдаг. Хөвсгөлийн Тариалан, Хутаг-Өндөр хоёр залгаа юм. Дунд нь Намнан гэж сайхан уул бий. Ширчинсүрэн бид бол Сэлэнгийн хөвөө салаануудад төрж өссөн хүмүүс. 1945 онд Хутаг-Өндөрийн бага сургуульд орсон. Би чинь хүний ганц хүү шүү дээ. Манай аав монгол бичиг мэддэг хүн байв. Айл саахалтынхан манайд цуглаад Пушкины “Алтан загасны үлгэр”-ийг оройдоо сонсдог байлаа. Аавын ярьдаг үлгэр домог сэтгэлд их тод үлджээ. Дөчин есөн онд Хутаг-Өндөрийн бага сургуулийг төгссөн. Сургуулийн захирал Ширнэн одоо сэрүүн тунгалаг Орхон суманд амьдарч байна. Дөрөвдүгээр анги төгсөөд Булганы төвийн арван жилийн дунд сургуульд ирсэн.

-Булганы төвийн сургууль арван жилийн сургалттай байв уу?

-1949-1950 оны хичээлийн жил Булганы төвийн долоон жилийн сургууль арван жилийн сургууль болж байсан түүхтэй. Ёндонгийн Бадам, философийн Дорж, Жамбаажамц, хэл уран зохиолын Долгорын Чойжил гээд сайхан багш нар байлаа. Чойжил багш маань намайг шүлэг зохиолд анх дурлуулсан хүн. Харин наймдугаар ангид орох жил Улсын их сургууль төгссөн хоёр багш Булганд ирсэн. Гомбонэрэнгийн Мэндсайхан сүүлд Гэгээрлийн яамны орлогч сайд болсон. Их сургуулийн математикийн анги төгссөн, Дорнодын Тамсагбулагийн хүн. Ерөнхий сайд байсан Энхсайханы аав шүү дээ. Нөгөө нэг нь А.Самдан гэж физикийн багш бас ирсэн юм. Тэр хоёр багш Булган хангайд соёл гээчийг түгээсэн буянтнууд. Ухаандаа, тэдний тэшүүр нь жигтэйхэн гоё. Одоогийн ботинктой тэшүүр байхгүй юу. Бид бол хөрөөний төмрийг хугалж эсгий гуталд хүлээд гулгадаг байсан үе. Наймдугаар ангиас Мэндсайхан багш манай ангийг дааж аваад хоёр жил багшилж байтал хотоос дуудсан. Тэгээд Политехникийн сургуулийн захирал болж байлаа. Самдан багш бас л дуудагдаж, хотын гэгээрлийн хэлтсийн дарга болсон юм даг.

-Их сургуулийн босго алхсан үеэ дурсахгүй юу. Таныг агуу их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн гарын шавь нарын нэг явсан гэдэг дээ?

-Намайг аравдугаар анги төгсөхөд Москва руу сургуульд хуваариллаа. Гэвч тэр үед аав минь хэрэгт холбогдож, хоригдоод ижий минь ганцаараа үлдсэн хэцүү үе тохиосон юм. Ингээд би Москвагийн сургуулийн хуваариас татгалзаж, Улсын их сургуулийн хэл, уран зохиолын ангийг сонгосон. Тус ангийг сонгож, зохиолч болно хэмээн тэмүүлэхэд гол нөлөө үзүүлсэн хүн бол Содовын Жамсранжав багш. Тэрээр уран зохиол судлаач төрийн шагналт Дамдинсүрэнгийн Цэнд, доктор Сономын Лувсанвандан нартай их сургуулийн нэг анги байсан юм билээ.

Тавин таван онд их сургуулийн босго алхахад маш баяртай нэг зүйл тохиосон. Тэр нь юу вэ гэхээр төрийн гурван удаагийн шагналт, ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн Монголын зохиолчдын хорооны дарга байж байгаад Төв хорооны тогтоол эсэргүүцсэн хэргээр ажлаасаа халагдаж, их сургуулийн багшаар ирсэн байв.

-Ингээд та Дамдинсүрэн гуайн шавь болсон хэрэг үү?

-Тийм л аз тохиосон юм. Их сургуульд багш болонгуутаа бүр манай ангийн багш болдог юм. Да багш Их сургуульд ердөө дөрвөн жил л багшилсан. Биднийг нэгдүгээр ангид ороход дааж аваад, дөрөвдүгээр анги төгсөхөд Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар томилогдоод явчихсан. Багш биднийг хариуцан ажиллаж байхдаа Ардын их хурлын тэргүүлэгч болж, Сүхбаатарын одонгоор шагнуулж байсан түүхтэй. Энх тайвны их хуралд байнга явна. Гэвч биднээс хараа салгана гэж үгүй. Эртний уран зохиолын хичээл голдуухан заадаг байв. Амьдралд хэрэг болохоор сургамжтай зүйлийн талаар хэлж, аминчхан ханддаг байсан сан. Одоо эргээд санах нь ээ, үнэхээр эрдэм оюунд нэвтэрсэн хүн байжээ. Би багшийгаа дагаад гэрт нь их очно. Их сургуулийн хажууханд. Гэргий нь орос хүн. Зан ааш их сайхантай хүн байсан. Анна Цендина гэж охин нь төрөөд удаагүй байсан. Багш гадаад явах бүртээ өөртөө шляп малгай авч ирнэ. Дэгжирхэж байгаа нь тэр байх. Их сургуулийн өлгүүрээс хоёр ч малгайгаа алдсан гэж өөрөө хэлдэг сэн. Да багштай тухайн үед их ойр Шанжмятавын Гаадамба багш байсан. Ёстой амь насаараа дэнчин тавьж багшийг минь хамгаалж байсан хүн. Га багш утга зохиолын онол, Бямбын Ринчен багш харшуулсан хэлний зүйн хичээл ордог байлаа. Монголын хэл шинжлэлд тэнгэр хурмастаас заяагдсан гэж хэлж болохоор нэрт эрдэмтэн Шадавын Лувсанвандан багшаар мөн хичээл заалгаж явжээ. Ингээд бодохоор би гэдэг молхи амьтан Монголын сор болсон эрдэмтдийн ном, лекцийг сонсож явжээ. Даваасамбуугийн Дашдорж гэж Багшийн сургуулийн хэл уран зохиолын багш мундаг хүн байлаа. Бид нэг ангийн хүүхдүүд юм. Дашдорждоо “Монголын аугаа их эрдэмтдээр хичээл заалгасан, бид азтай хүмүүс шүү” гэж хэлдэг байлаа. Шинжлэх ухааны доктор Жавзангийн Цолоо, зохиолч Гүрренчин, Монголын радиогийн сурвалжлагч байсан Архангайн Батсуурийн Халтар гээд ангийн нөхөд байна. Биднийг дөрөвдүгээр курсэд байхад нэгдүгээр ангид хэдэн авьяастай хүүхэд орж ирсэн нь Шаравын Сүрэнжав, Дожоогийн Цэдэв, Жамбын Дашдондог энэ хэд. Дугуйланг хариуцдаг хүн нь Га багш. Дамдинсүрэн багш, Ринчен гуай нартай уулзуулна. Дугуйланд авьяасаараа гайхагдаж байсан нь Галсангийн Жамъян, Тангадын Галсан хоёр юм. Жамьян “Халхын талд” хэмээх шүлэглэсэн роман бичнэ гэж хүртэл гайхуулдаг байлаа. Мөн хэлний авьяас билигтэй эрдэмтэй айхтар хэдэн оюутан байсны нэг нь академич, төрийн шагналт нэрт эрдэмтэн Далантайн Цэрэнсодном. Домийн Төмөртогоо гэх нэртэй академич ч тэр үед оюутан байсан.

-Хэдэн онд их сургууль дүүргэсэн бэ. Ажил амьдралын гараагаа хаанаас эхэлсэн бол?

-Төгсөх үеэр их сургуульдаа үлдээд багшил гэсэн санал ирлээ. Би болохоор хөдөө явна гээд Булган руугаа зүтгээд байдаг. Тэгтэл Гэгээрлийн яамны Энхийн Бадарч гэж хүн “Их сургуульд багшил гэхэд үгүй гэж хэлдэг хүн чамаас өөр байна уу. За яахав, хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарина гэдэг чинь зөв байх. Гэхдээ чамайг Булган руу явуулахгүй. Хөвсгөл явуулна” гэдэг юм. Тэгээд ижий ааваа дагуулаад Хөвсгөлийн Мөрөнд очсон. Тэндээсээ Хатгал руу явлаа. Хоёр жил болж байтал хөдөлмөрийн баатар Дашцэдэн багшийн гарын үсэгтэй “Хотод яаралтай ир” гэсэн захидал дээд боловсролын хорооны Санжмятаваар очдог юм. Гэвч би хотын хүн болоогүй ээ. Хатгалд байхдаа Бадамын Базарханд гэж насны ханьтайгаа учирсан. Хөгшин маань Их сургуулийн орос хэлний ангийг төгсөөд 42 жил орос хэл заасан хүн.

-Зохиолчдын тухай дурсамжаасаа ярихгүй юу. Та утгын их мэргэдийг бүгдийг нь таньж мэдэх хүн?

-Одоогоос жаран жилийн өмнө буюу 1955 оны хавар Дэндэвийн Пүрэвдоржтой анх уулзаж байлаа. Хөвсгөл, Булганаар явж байхад нь таарсан хэрэг. Пүрэвдорж тэр үед 22 настай Дуурийн театрт зохиолч, редактороор ажиллаж байсан үе. Эргэлдсэн алаг нүдтэй гоё залуу, мөн ч хийморьтой харагдаж билээ. Цэцэлж хэлэхийн гайхамшгийг мэдрүүлсэн, Цоодолын хэлснээр Монголын яруу найргийн дархан цэц юм даа. Оюутан ахуй цагтаа Дашзэвэгийн Сэнгээ гуайг харж байлаа. Зохиолчдын хорооны дарга байсан. Монголын утга зохиолын нэгэн хүчирхэг үе гарч ирэхэд гол нөлөө болсон хүн юм. Дондогдоржийн Дашдондог гэж Хишиг-Өндөрийн авьяас билигт нэгэн байлаа. Төрийн шагналт Зундуйн Хангалын хөгжим “Аяны шувууд” гэж алдартай дууны шүлгийг бичсэн найрагч. “Гооёо” Дашдондог гэдэг байсан юм. Их гоё залуу байсан учир тэгж хэлдэг байж. Их сургуулийн математикийн ангийн дөрөвдүгээр курсээс Сандагдорж тэр хоёрыг хөөж байсан түүх бий. “Тууврын замд”, “Депутатын зоог” гэсэн хоёр өгүүллэг бичээд буруудсан нөхдүүд. “Тууврын замд” гэдэг өгүүллэгийг нь сайн санаж байна. Монголчууд малаа орос руу туугаад мал хуй нь майлалдаад хил давж байхад зөрөөд оросоос вагон дүүрэн резинэн тоглоомнууд ирж байгаа тухай зохиол. Үүнийг улс төрийн утга агуулгатай, Монгол Зөвлөлтийн найрамдлыг шүүмжиллээ гэж үзжээ. Түүнийг Сандагдорж бичсэн юм. Д.Дашдондог болохоор “Би Монголын том зохиолч” гэж архи дарс уугаад буруудсан. Мөн л оюутан ахуй үед минь Лодонгийн Түдэв, Сормууниршийн Дашдооров, Доржийн Гомбожав, Мишигийн Ширчинсүрэн гээд авьяас билиг нь гайхагдсан нэг үеийн суутнууд Их сургуулийн босго алхаж байлаа. Тэр тухай бодоход сайхан байдаг. Их утга зохиолын гол түүчээ болсон идэр нөхөдтэй нэгэн цагт хамт суралцаж, шүлэг зохиолыг нь сонсч явна гэдэг үсэн буурал болсон хойноо эргээд бодоход үгээр өгүүлшгүй сайхан юм даа. Дашдооров гэж духандаа сорвитой монгол зохиолчийг би залуугаас нь сайн танина. Багшийн институт гэдэгт Түдэв, Маам хоёртой хамт орж байсан санагдана. Маам ахаараа овоглосон, бокс тоглодог жижигхэн хөдөлгөөнтэй нөхөр байлаа. “Ард Аюуш”-ийн дүрээр мөнхөрсөн Лхамсүрэнгийн Чойжилсүрэн гэж өндөр нөхөр багшийн сургуульд байсан. Бид бас л нэг үеийн оюутнууд. Тэр цагт Сэнгийн Эрдэнийн “Тал нутгаар явахад” гэсэн шүлгийн түүвэр хэвлэгдэж байв. Эрдэнэ чинь шүлгээр эхэлсэн хүн шүү дээ. Их сургуулийн анагаахын ангийн оюутан байсан байх.

-Дашзэвэгийн Сэнгээгийн тухай дахиад тодруулах гэсэн юм?

-Сэнгээг дарга байхад Зохиолчдын хороо Засгийн газрын зүүн үзүүрт байлаа. Сэлэнгийн Хушаатын хүн шүү дээ. Сэнгээ гуайтай уулзаж, үг яриаг нь сонсч явах тэр цагт “Аюуш” тууж нь хэвлэгдчихсэн байв. 1954 онд шиг санагдана. Ч.Лодойдамба, Д.Сэнгээ хоёр хамт төрийн шагнал хүртсэн. Сэнгээ “Тагтаа”, шүлэг, “Өвгөн партизаны яриа”-гаар, Лодойдамба гуай “Алтайд” роман, “Манай сургуулийнхан” туужаар авсан юм. Бид хоёр хамт төрийн шагнал хүртлээ. Их бэлгэшээлтэй санагдлаа. Хамтарч уран бүтээл хийнэ гээд удаа ч үгүй “Үүрийн замаар” жүжиг хамтарч бичсэн. Сэнгээ гуайгаас гадна Намдаг гуайтай уулзаж, яриаг нь сонсч явсан минь бас л эргэн санахад гайхалтай. Намдаг гуай тамхи татаад л яриад байна. Яг л жүжгийг нь үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр ярьдаг сан. Маш дэврүүн сэтгэлтэй хүн байжээ. Бидний хэсэг нөхөд Намдаг гуайгаас Нацагдоржийн тухай, “Учиртай гурван толгой” дуурийг хэрхэн бичсэн талаар асууна. “Амьдралын замд” гэж роман бичиж буйгаа ярьж байсан. Тэр нь “Цаг төрийн үймээн” байжээ. Уг романы Оюундарийн дүрийг Пагмадуламаас санаа авсан гэж хэлж билээ. Пагмадулам орос, герман, манж хэлтэй, дээд боловсролтой Амгалангийн гоё хүүхнүүдийн нэг байсан тухай сүүрс алдан ярьдаг сан.

-Таны дотны нөхөд гэвэл утга зохиолоос хэн хэн байна?

-Бавуугийн Лхагвасүрэн, Тангадын Галсан энэ хэдийгээ нэрлэнэ. Лхагвасүрэн миний анхны “Ухаарлын чагтага”-д өмнөтгөл бичиж байв. Бид хоёр дотнын найзууд. 1963 онд Лхагвасүрэнг Лениний ботийг Улсын хэвлэх үйлдвэрт хэвлэж байхад нь танилцаж байлаа. Тэрээр

“Олон олон он жилд

Ойрхон байжээ, бидэн хоёр

Олон олон тохиолд

Цуг байжээ, бидэн хоёр

Анд би чамтайгаа

Алтан хором олныг өнгөрөөв

Авсанд хоёр хүн багтдаггүй болохоор

Арга буюу салах л байх даа

Согоо чичрүүлсэн буга шиг

Сортолзож явлаа бидэн хоёр

Согтуу хорвоод эрүүл байж

Солгой заяаг тэгшилж явлаа” гэж тэмдэглэлийн дэвтэрт минь бичиж үлдээсэн байдаг. Бид хоёрт ижил нэг зүйл байдаг юм, тэр нь архи уугаагүй явдал. Лхагвасүрэн Хүүхэлдэйн театрын дарга байхдаа хэдэн “хүүхэлдэйнүүд”-тэйгээ Булганд хүрээд ирнэ. Би тосч аваад зусландаа аваачиж амраана даа. Намайг хүмүүс “Та огт хөгшрөхгүй юм” гэдэг. Мэдээж би хөгширч байгаа. Харин залуу харагдаад байгаагийн нууц энэ шүлэг найраг, ном зохиолтой холбоотой болов уу гэж боддог.

-Дамдинсүрэнгийн Баянтунгалаг, Нанзадын Хишигдорж, Цэрэндоржийн Чинбат, Банзрагчийн Цэрэнжамц гээд таны шавь нар их утга зохиолд өөр өөрийн орон зайг бий болгосон. Мандахсан багш та хоёрын “школ” гэж нэг том юм бий?

-Баянтунгалаг, Хишигдорж, Цэрэнжамц, Чинбат энэ хэд намайг багшаа гэж хүндэтгэдэг. Манайхаар үргэлж ирнэ, шүлэг найргаа уншина. Нэгийгээ энэ хорвоогоос явчихаар жигтэйхэн үгүйлэн гансарч, өнчирч хоцордог. Баянтунгалаг бол байгалиасаа заяасан авьяас билигт найрагч юм. Би түүнийг сэрэл мэдрэмжийн маш том найрагч хэмээн хайрладаг. Саяхан их зохиолч Д.Нацагдоржийн шагналыг хүртэж, буурал намайг болоод уншигч олноо баярлууллаа.

“Таныг ирэхэд би бүтэн болдог

Тавилан болоод заяа минь тэнгис мэт давалгаалдаг” гэж надад зориулж шүлэг бичсэн. Түүнийг нь уншаад “Монголын нэгэн авьяас билигт найрагчийн дутаж байгаа юмыг нөхөх нэг юм надад байна. Тиймээс би хэдэн жил амьд мэнд явахсан” гэж боддог юм. Манай Чинбат хүүхдүүдийнхээ төлөө амиа тавьдаг хүн байлаа. Тиймдээ ч хүүхдийн зохиолын гол төлөөлөгч нь болсон биз ээ. Хөдөөгийн амьдрал, аж байдлын нарийн чухал анзаарагдамгүй зүйлүүдийг маш сайн тусгаж чадсанаараа түүний шүлгүүдийн агуулга санаа нь хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйд их ойрхон байдаг. Түүний илэрхийлэл нь “Аарцны чулуу” шүлэг юм. Хишигдорж маань Монголын хүүхэд багачуудын төлөө бас л сэтгэл зүрхээ үнэнээсээ зориулсан, утгын их өглөгч байлаа. Харахад нүд дүүрэн дэлхийг донсолгом ханагар эр. Гэвч цээжин цаанаа жигтэйхэн өр ниймгэн, маш зөөлөн элгэмсүү, тийм л хүний хайлан байлаа. Хишигдоржоо, Чинбатаа бодоод буурал багш нь хааяа сэтгэлдээ чимээгүй мэлмэрдэг. Гэхдээ надад нэг сайхан бодол бий. Би бол Булганыхаа уул хангайн дунд дандаа хүний дээдтэй учирч, хэдэн шавь нарынхаа халуун сэтгэлд бүүвэйлэгдэн өдий хүрсэн хүн. Тэд нарын шүлэг найргийн онгод намайг ямагт залуу болгож, шүлэг зохиол бичихийн гэгээн хүсэлд хөтөлдөг билээ. “Уул усны шивнээ” зэрэг олон туурвилууд минь тийм л нандин яруу сэтгэлээс ундарсан байж таарна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *