Цагаан сарын баярыг тохиолдуулан иргэд орон нутгийг зорих
хөдөлгөөн ихэсчээ. Үүнтэй холбогдуулан Драгон төв үндсэн үйлчилгээ үзүүлдэг
аймаг, сумын зорчих тээвэрт иргэдийн ачааллыг харгалзан үзэж хоёр талд нь
нэмэлт автобусаар үйлчилж байгаа аж. Драгон төвөөс өдөрт орон нутгийн 31
чиглэлд автобусаар үйлчилдэг бөгөөд сар шинийн өдрүүдэд Дархан-Уул, Орхон
аймгийн чиглэлд иргэдийн эрэлт их байгаа учраас нэмэлт автобусаар үйлчилж
байгааг дуулгалаа. Мөн бусад чиглэлд ч гэсэн иргэдийн зорчих хөдөлгөөнийг
харгалзан орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэг хувийн компаниудтай
хамтран нэмэлтээр автобусаар үйлчилж байгаа гэв.
Түүнчлэн, иргэд хөдөө орон нутаг руу хот хоорондын зорчигч тээврийн автобусаар
явахдаа заавал “Драгон” төвд очиж тасалбар бичүүлэх шаардлагагүй юм.
Учир нь орон нутгийн автобусны тасалбарын захиалгыг онлайнаар буюу Автотээврийн
үндэсний төвийн www.teever.gov.mn сайтын “Тасалбар захиалах” цэс рүү орж явах
өдөр болон суудлаа сонгоод захиалах боломжтой аж.