Сар шинийн баярыг тохиолдуулан УИХ-ын Тамгын газрын удирдлагууд өчигдөр ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. УИХ-ын Тамгын газар Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон УИХ-ын гишүүн, мөн Тамгын газарт ажиллаж байсан 65 ахмадтай юм байна. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ, түүний Тамгын газарт ажиллан, төр түмнийхээ төлөө олон жилийн хөдөлмөрөө зориулж ирсэн ахмадууддаа талархаж явдгаа илэрхийлээд удахгүй болох сар шинийн баярын мэнд дэвшүүлсэн юм.
Энэ үеэр МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Очирбатаас цөөн асуултад хариулт авлаа. Тэрээр 1993-1997 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан юм. Түүний улс эх орныхоо, хөгжил дэвшил, нийгэм, улс төрийн шинэтгэлд оруулсан онцгой хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь төр засаг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн баатар цол хүртээж байсан юм.
–Ирж буй жилийн өнгийг та хэр байна гэж бодож байна?
-Гарч байгаа бичин жилийг сайхан жил болно гэж бодож байна. Зурхайч нарын сонин хэвлэлд өгч байгаа ярилцлагуудыг үзэж байхад муугүй жил болох нь бололтой. Улирч байгаа жил сайхан болж өнгөрлөө. Цаг агаарын хувьд жаахан цастай, зарим аймаг зудархуу байгаа юм байна. Гэлээ ч гэсэн өдөр уртасчихсан, дулаарах цаг ирээд байна. Цаг агаарын хувьд өнгөрсөн жил сайхан байлаа, ирж байгаа жил ч муугүй болно гэж бодож байна.
–Та төр түшилцэж явсан хүний хувьд өнөөдрийн манай улс төрийн байдлыг хэрхэн харж явдаг вэ?
-Улс нийгмийн хувьд яахав явж л байна, хөдөлцгөөж л байна. Манай энэ төр засаг, дээгүүрээ эв эеэ хичээсэн, харилцан ярилцаж ойлголцсон, зөвшилцсөн, бие биенээ хүндэтгэсэн ийм маягаар улс орныхоо хувь заяаны асуудлын төлөө хамтран хүчин зүтгэх хэрэгтэй юм гэж бодож байна. Тэгэх юм бол Монголын бүх юм бүтнэ, үйлс нь бүтнэ. Манайхан ч бас хувь заяатай ард түмэн шүү дээ.
-2016 онд манай улс төрийн амьдрал нэлээд өрнүүн, олон үйл явдалтай байх нь. Хүмүүс сонгууль ямар болж өнгөрөх бол гэж одооноос анхаарал хандуулж байна?
-Сонгуулийн хууль нь батлагдчихлаа. Сонгуульд оролцох улс төрийн бүх нам тэр хуулиа баримтлаад, сонгогч олон түмэн маань шударга, шулуун, хамгийн шилдэг сайн, үнэнч, зарчимч, үг ажил хоёр нь зөрдөггүй ийм улсуудыг төрийнхөө эрх барих дээд байгууллагад сонгоосой гэж бодож байна. Засаг төр маань тэгээд тогтох байлгүй дээ.
–Сүүлийн үед манай улс төрийн амьдрал нэлээд бужигнаантай байлаа. Хамгийн сүүлд л гэхэд МАХН–ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Шийлэгдамбатай холбоотой асуудал шуугиан тарилаа?
-Өнөөдөртөө тийм нарийн юм руу орж яриад хэрэггүй байх. Сар шинэ болж байна. Монгол хүн амны бэлгээр шүү дээ.