Монголчууд бид аливаа зүйлийг үргэлж сайнаар ерөөн, ирж буй бүхнийг сайхан, дулаан сэтгэлээр угтаж, нөмөр нөөлөгтэй үгсээр мэхийн хүндэтгэн авдаг ёс билгэдлийн ард түмэн билээ. Ямар нэг юмны сайн, муу болохын бэлгэ тэмдгийг ёр гэцгээдэг. Энэ үүднээс манай ард түмэн алив зүйлийг эртнээс сайнаар ёрловол тухайн үйл хэргийнх, нь хойшдын бүтэл зөв зам руугаа ордог гэж үзэж, өдөр тутмын амьдрал ахуйдаа үргэлжид сайныг ёрлон ярьж, бэлгэддэг. Тэр бүх бэлгэдлийнх нь охь манлай нь Цагаан сарын баяр юм.
Монголчууд эрт дээр үеэс Цагаан сарын баяраа элбэг, дэлбэг, өнгөтэй өөдрөг, сайн сайхан бүхнийг бэлгэшээн, муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэж, намрын цагт цагаан идээний баяр хэмээн тэмдэглэж ирсэн гэдэг. Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад Цагаан сарын баярыг хаврын эхэн сард, мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч эхлэх үеэр тэмдэглэвэл зохино хэмээн зарлиг буулгасан талаар түүхийн эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Тухайн үед Монгол орноор аялсан алдарт аялагч Марко Поло монголчуудыг Цагаан сарын баяраа хэрхэн тэмдэглэдэг талаар бичиж үлдээсэн нь сонин. Монголчууд тэр цагт цагаан сарын баяраар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг барьж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл нь байсныг алдарт аялагч анзаарсан байдаг. Ингэхээр бид энэ ёс, ёр, бэлгэдэл гэдэг зүйлийг бүр эрт үеэсээ, өвөг дээдсээсээ уламжлан ирсэн гэдэг нь тодорхой.
Шинийн нэгний өглөө эртлэн босч, шинэ дээл хувцсаа өмсчихөөд аав, ижийдээ золгохоор гэрээсээ гарахад өчигдөрхөн хацар хайрч байсан жавар үгүй болсон мэт, салхины үзүүр цаанаа л нэг уярчихсан, цээж дүүрэн амьсгалахад урин цагийн агаар салхи мэдрэгддэг билээ. Ямар ч зудтай жилийн шинийн нэгний өглөө тийм л байдаг. Уулсын цаанаас мандаж байгаа нарны элч улам ч хурц, туяа нь бүр л тод болсон мэт санагдаж, алсын барааг хараа гүйлгэн сараавчилж, айсуй цаг сайхан шүү хэмээн сэтгэлээ чагнадаг. Дэлгэсэн хадаг мэт цэлмэг тэнгэр бахдал төрүүлж, ер нь бүх юм сэрж, сэргэж байгаа нь анзаарагддаг. Гэрт ороход өвөө, эмээгийн нүднээс жаргал харагдаж, аядуу үгс бүхэн нь сургаал, бэлгэ дэмбэрэлтэй ерөөл болон ирж, гэрт гадаагүй бүгд баяр хөөртэй байдаг сан.
Золгосон бүхэн нүүрэндээ баяр тодруулж, уулзсан хүн бүрийн царайд жаргал, инээмсэглэл оршиж, хаашаа л харна инээд алдсан хүмүүс л болчихдог. Урин цаг ирж, онд мэнд орлоо гэдэг нь энэ л дээ.
Цагаан сарын баярын өмнө монголчууд эд агуурс, гэр орон, хашаа хороогоо цэмцийлгэн цэвэрлэж, шинэ дээл, хувцас зэхдэг. Шинийн нэгний өглөө цэвэрхэн, шинэ дээлээрээ гангарч, авдрын буландаа хадгалдаг сайхан өмсгөл зүүсгэлээ гаргаж ирж гоёдог. Энэ өдөр муу муухай үг хэлэх нь бүү хэл хүн рүү муухай харж болохгүй хэмээн ахан дүүс, үр хүүхэдтэйгээ найрсаг харилцаж, орж гарсан болгоныг дайлж, цайлан гарахад нь бэлэг өгдөг.
Энэ өдөр архи сархад хэтрүүлэн хэрэглэж, нар жаргасан хойно айл хэсч, энгэр заамаа задгайлж, хайш яйш хувцаслан хэдэр ядар гэж байгаа хүнийг ахмад настнууд зэмлэдэг учир залуус нь ийм явахыг цээрлэж, ахмадуудынхаа сургаалыг тогтон сууж ухаарч, дуулсан бүхнээ багачуулдаа дамжуулж сургамжилдаг заншилтай. Шинийн нэгний өглөө, Цагаан сарын баяраар элдэв бэлгэгүй үг яриа дэлгэж, хэн нэгэнтэй ам мурийвал тэр жилдээ ажил үйлс нь бүтэлгүйтнэ гэж үздэг учир хэрэлдэх, муудалцах шалтаг гарсан ч түүнийг эс тоон тэвчих нь олон жаргалын үүд хэмээдэг билээ.
Радиогоор энх сайхан цаг ирж байгаа тухай, мөн Монгол орны байгалийн сайхныг бахадсан дуу хуур эгшиглэж, телевизээр дууны концертууд, хуучны уран сайхны кинонууд тасралтгүй гарч яагаад ч юм хүн бүхэн яарч тэвдэхээ больж, ахан дүүсээрээ хөөр баяртай, хөгжилтэй зүйлс ярьцгаадаг. Хүүхдүүд томчуулын энэ өег гоё харилцааг гайхан тэдэн шиг байхыг эрмэлзэж, энгийн үед гүйж харайдаг зангаа энэ өдрүүдэд өөрийн мэдэлгүй гээчихдэг. Монголчууд бид Цагаан сарын цагаахан өдрүүдээр ийм л байж, тэр өдрүүдийн өнгө төрхийг бүтэн жилийн турш үргэлжилнэ гэдэгт итгэдэг билээ.
Монголчуудын ёс бэлгэдлийн аугаа их баяр Цагаан сар морилон ирж байна. Цагаан сарын баяр дөхсөн эдгээр өдрүүдэд монгол хүн бүр баяртаа бэлдэж, хот хөдөөгүй л хөл хөдөлгөөнтэй байна. Битүүний урд өдрүүдэд амралтын өдөр таарсан учир залуус хөдөө амьдран суугаа аав, ээжийгээ зорьж, хүлгийн жолоо татаж байна. Гар утасныхаа дуудлаган дээр цагаан сарын сэдэвтэй ардын дуу эгшиглүүлж, ганган төмөр хүлгүүдээ арчиж зүлгэж, хаана ч очсон нийтийн дууны хитүүд эгшиглээд сайхан л байна.
Жилийн дөрвөн улирал, 365 хоногийн турш манай сониныг шимтэн уншиж, бидний бэлдсэн мэдээ мэдээлэл, олон сонирхолтой нийтлэл, сурвалжлагуудыг алгасалгүй хүлээж суудаг уншигч та бүхэн минь,
Шижир хvйтэн өвлийг өнгөтэй давсны баяр
Шинэхэн ногооны үнэртэй энх золгосны баяр
XVII жарны Гал бичин жилдээ
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшүүлж,
Юу санасан
Есөн цагаан хүсэл тань
Сэтгэлчлэн бvтэж
Хамаг бурхад авран нигүүлсч
Хотол тvмнээрээ амгалан жаргаж
Даага далантай
Бяруу булчинтай
Тором бөхтэй
Хурган хонь хуруу өөхтэй
Төлгөн хонь төө өөхтэй
Хүү хүчтэй
Хүүхэн зүстэй
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!