Categories
мэдээ цаг-үе

Э.Хосбаяр: Өөрийнхөө боломж, багшийнхаа заасныг харуулъя гэж зорьсон

My Voice” тэмцээний гран при шагналыг дуучин Э.Хосбаяр хүртсэн билээ. Тэрээр Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавтай хамтран ажиллах, БНСУ-д урлагийн сургуульд гурван жил суралцах эрхийг авч, 10 сая төгрөгөөр шагнуулсан юм. Мөн “Pepsi“ ундааг бүтэн жил үнэгүй хэрэглэх эрхтэй болсон гэнэ. Бид дуучин Э.Хосбаяртай гала концертондоо оролцсоных нь дараахан уулзаж ярилцсаныг сонирхуулъя.

-Гран при шагнал хүртсэнд баяр хүргэе. Та Соёл урлагийн их сургуулийг төгссөн байх аа?

-Баярлалаа. Тийм ээ, 2015 онд Соёл урлагийн их сургуулийн эстрад дуулаачийн ангийг төгссөн. Одоо бол Соёл урлагийн их сургуулийн Хөгжим урлагийн сургуулийн орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхим гэдэг болсон.

-Урьд нь дууны тэмцээнд оролцож байсан уу?

-Телевиз радиогоор цацагдсан том тэмцээнд оролцож байгаагүй. Ер нь бол янз бүрийн уралдаанд оролцсон. Томоохон тэмцээнүүдээс гэвэл 2006 онд “Алтаргана” олон улсын наадамд орж “Хүрэн хээр”, “Өндөр бор” дуугаа дуулж хоёрдугаар байрт орж байлаа. Амьд хөгжмийн “Monsters reality show”-нд оролцож шилдэгт орсон. Өнгөрсөн жил “Баянмонгол” чуулгын дуучин агсан Л.Оюунчимэгийн нэрэмжит Олон улсын рок, поп дуучдын улсын уралдаанд оролцож гран при шагнал хүртсэн.

-Багаасаа дуулдаг байсан биз?

-Тийм ээ. Манайх ер нь урлагийн гэр бүл л дээ. Өвөө маань Ц.Базаргүр гэж хүн байсан. Төв аймгийнхаа театрт ажилладаг байсан гэсэн. Мөнгөнморьт суманд насаараа кино механикч хийсэн. Таван жилийн гавшгайч, улсын уран сайханчдын уралдаанд хоёрдугаар байрт орж байсан. Би өвөөгөө хараагүй л дээ. Аавын ээж Соёлын тэргүүний ажилтан уртын дууч хүн байдаг. Ээж маань хуучнаар Соёлын сургуулийг төгссөн. Төв аймгийн Мөнгөнморьт суманд насаараа Соёлын төвийн эрхлэгчээр ажилласан. Одоо ч ажлаа хийсээр байгаа. Ер нь урлагийн хүн.

-“My Voice”-д оролцсон П.Дагийсүрэн та хоёрыг сонсоход эстрад биш дуурийн дуучин баймаар хоолойтой санагдсан?

-Анх Соёр урлагийн их сургуульд шалгалт өгөхдөө дуурийн дуулаачийн ангид өгсөн. Эрүүл мэндийн байдлаас болоод дараа жил нь дахин шалгалтад орохдоо дуурийн дуулаачийн ангид өгөх гэж байгаад эстрад дуулаачийн ангид шалгуулсан. Яагаад дуурийн дуучин шиг сонсогдож байна гэхээр би ийм вокалтай л даа. Манай багш өөрөө ч ийм вокалтай .

-Хэний шавь билээ?

-Соёл урлагийн их сургуулийн эстрад дуулаачийн дуулах ур зүйн багш Н.Баасанбат гэж хүн бий.

-Их сургуулиа төгссөнөөс хойш ямар уран бүтээл туурвив?

-Одоохондоо уран бүтээл туурвиж амжаагүй байна. Янз бүрийн шинэ бүтээл хийх талаар нэлээд яригдаж байна. Сайн, чанартай бүтээл хийе гэсэн бодолтой байгаа. Үүний дараа шинэ бүтээлүүд ар араасаа ундрах байх. Ямар ч байсан нэлээд олон санал ирсэн. Хамгийн гол нь чанар гэж бодож байна.

-“My Voice”-д хамт оролцсон өрсөлдөгчид чинь ямар байв?

-Өрсөлдөгчид нэлээд ширүүн байсан шүү. Мэргэжлийн дуучид ч их байсан, урлагт хайртай, сонирхдог хүмүүс ч бас байсан. Ер нь оролцогчид их сайн дуулж байсан. Миний хувьд гэвэл өөрийнхөө боломжоор, багшийнхаа зааж сургасныг гаргая гэсэн бодлыг тээж оролцсон.

-Тэмцээний өмнө тамирч-дыг дасгалжуулагчид нь бэлтгэл сургууль хийлгэдэг. Дуучид ч ялгаагүй. Өөрийг тань хэн дасгалжуулав?

-Гардаж дасгалжуулж байсан хүн байхгүй. Зөвлөгөө, санаа өгч байсан хүн олон байгаа. Төв аймгийн Эрдэнэ сумийн А.Андрей багш маань байна. Үнэхээр ер бусын гайхамшигтай хүн. Багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Одоо нутагтаа хөгжмийн багшаар ажилладаг. Дээрээс нь Н.Баасанбат багш маань тусалж дэмжиж байсан.

-Тэмцээнд ороход дууны сонголт маш чухал байдаг. Үүнээс их зүйл хамаардаг. Дуугаа яаж сонгож байв?

-Нэгдүгээр шатанд “Гүрэн Монгол чинь хүлээнэ” гэдэг дууг дуулсан. Энэ дуу надад их ойр, зохих байх гэж бодоод сонгосон. Дуучны ур чадвар, чадал, хоолойн цар хүрээг харуулсан мундаг дуу.

-Дараагийн шатандаа та дуучин Т.Дэлгэрмөрөн, Т.Ариунаа нарын “Шөнө дундийн бүжиг” жүжгийн дууг дуулсан. Чамтай цуг дуулсан дуучин эмэгтэй та хоёрын хоолой үнэхээр сайхан зохицож байсан.

-Хоёрдугаар шатандаа энэ дууг дуулсан. Хамт дуулсан хүн маань манай эстрад дуулаачийн ангийг миний өмнөх жил төгссөн Б.Мягмарсүрэн гэж бүсгүй. Одоо Шанхайд сурч байгаа. Тэр дууг дуулахад жаахан учир дутагдалтай зүйл байсан. Бид хоёрын бэлтгэл тааруу байсан. Ердөө хоёр, гуравхан хоног бэлдээд л орсон. Хүмүүсийн сайн мэддэг энэ дууг жаахан өөрчилж дуулъя гэж бодсон.

-Гала концертонд ямар дуу дуулсан бэ. Дуугаа өөрөө сонгосон уу?

-Тийм ээ, дуугаа өөрөө сонгосон. Соёлын гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжавын ая, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын шүлэг “Чамайгаа оллоо” дууг дуулсан.

-Яагаад энэ дууг сонгосон юм бэ?

-Нэгдүгээрт, монголчуудын сайн мэддэг дуу. Хоёрдугаарт, ур чадвар шалгасан дуу учир би өөрийнхөөрөө найруулж, өөр хэв маягт оруулж дуулсан.

-Гала концертонд оролцоод тайзан дээр гараад дуугаа дуулахад ямар сэтгэгдэл төрж байв?

-Үнэхээр гайхамшигтай. Үзэгчид маань гайхалтай байсан. Намайг дахиулсан нь бүр сайхан санагдаж, урам зориг орсон.

-Айлын хамгийн бага хүүхэд гэсэн. Танай гэрийнхэн ялангуяа ээж, аав хоёр тань ихэд баярласан байх даа?

-Тийм ээ. Гала тоглолтыг ээж, аав хоёр маань ирж үзсэн. Тайзан дээр шагналынхаа цомыг авчихаад аавдаа авчирч өгсөн. Цаашдаа сайхан уран бүтээл туурвиж өөрийгөө харуулна гэж бодож байгаа.

-Яваандаа цомог гаргана биз дээ?

-Тэгнэ. Энэ бол миний хүсэл мөрөөдлүүдийн нэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *