Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Ханбогдыг хоёр дахь том хот болгох хэрэгтэй

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригийн Их хурлын чуулганаар Оюу толгойн төсөлтэй холбоотой маргаан мэтгээн өрнөсөн. Дубайн гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндөгдөж, 76 гишүүний далан тав нь чуулганы танхимд хүрэлцэн ирснээр бараг л 99 хувийн ирц бүрдэж, шөнийн 00:00 цаг өнгөртөл хоёр хэсэг талцаж хэрэлдсэн юм. Ч.Сайханбилэгийг огцруулах эсэх популист улс төр нь яамай хэрэг. Харин тэр өдрийн чуулганаар улс орны эдийн засаг, хөгжил дэвшилтэй холбоотой нэгэн чухал асуудал цухас яригдсан нь Өмнөговийн Ханбогдыг уул уурхайд түшиглэсэн томоохон хот болгох тухай байлаа.

Эцэс төгсгөлгүй хэрүүл, улс төрийн хийрхэл, өнөө маргаашаа харсан өчүүхэн эрх ашгийн дэргэд Ханбогдын асуудал Монгол Улсын ирээдүйн хөгжил, бүтээн байгуулалт, бизнесийн гогцоо зангилааг тайлж болох итгэл төгс, зоримог алхам санагдсан. “Оюу толгой шиг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд дэд бүтцийг нь шийдсэн том хот байх ёстой юм билээ. Үүнийг гадна, дотнын судлаач, мэргэжлийн хүмүүс хэлдэг” хэмээн Ханбогдыг хот болгох тухай санал Оюу толгой төслийнхөнд тавигдсан. Үүнд “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд “Тухайн улс орны эдийн засагт Оюу толгой шиг нөлөө бүхий томоохон төслүүдэд дэд бүтцийн асуудал зайлшгүй тавигддаг. Түүнийг шийдвэрлэж байж эдийн засагт эргэлт ирдэг жамтай. 2017 он гэхэд Монголын тал Оюу толгойн уурхайг эрчим хүчээр бүрэн хангана гэж гэрээнд тусгасан” гэж мэдэгдсэн юм.

Тэгэхээр Оюу толгойн уурхай буюу Ханбогдод өндөр хүчин чадал бүхий цахилгаан станц баригдаж, уг бүс нутаг эрчим хүчээр бүрэн хангагдан, өмнөд хөршөөс хараат бус болох нь. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2013 онд “Оюу толгой” ХХК Ханбогдын эрчим хүчний асуудлыг шийдэж байсан удаатай. Тодруулбал, Оюу толгой урд хөршөөс импортолж буй эрчим хүчнээсээ Ханбогд руу 45 километр цахилгаан дамжуулах шугам татаж, 35 кВТ-ын дэд станцыг барьж өгч байсан. Ингэж Өмнийн говийн Ханбогд сум гэрэл цахилгаантай болж байсныг бид мэднэ.

Да.Ганболд Их хурлын чуулган дээр төмөр зам болоод авто замын асуудлыг мөн сөхсөн. Уул уурхайн бүтээгдэхүүнийг шороон замаар тээвэрлэх боломжгүйг тэрээр дурдаад авто зам тавих ажлыг өнгөрөгч жилээс хүлээж авснаа тайлбарласан юм.

Ийнхүү Ханбогдын цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн асуудлыг нь төр засгаас бодлогоор шийдээд өгчихвөл Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дараа орох, уул уурхайд түшиглэсэн эдийн засаг, бүтээн байгуулалтын том хот болох гүүр гарц нээгдлээ гэсэн үг. За тэгээд энэ онд Оюу толгой төслийн хоёр дахь шат далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

“Оюу толгой хөдөлснөөр Таван толгойн цахилгаан станц гэх томоохон мега төслүүд ар араасаа хөдөлнө” гэдгийг ч эдийн засагчид онцлоод буй. Хоёр дахь шатны төсөл хэрэгжсэнээр гурван мянган хүн ажлын байраар хангагдаж, жилдээ 1.2 тэрбум долларыг Монголын эдийн засагт оруулна гэх урьдчилсан тоон үзүүлэлт гарсан. Иймийн учир Ханбогдод хүссэн хүсээгүй бүтээн байгуулалтын их ажил ундрах нь дамжиггүй. Гурван сая гаруй иргэний мэдэгдэхүйц хэмжээний хувь нь өмнийн говийг зорьж, уул уурхайгаа түшиглэн, дэд бүтцийнхээ бааз суурийг бэхжүүлсэн хот хэрхэн хөгжиж хөдөлгөөнд ордгийг монголчууд нүдээрээ үзнэ. Зөвхөн Оюу толгой гэхгүй Таван толгой, хил залгаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг түшиглэж олон улсын жишиг, стандартад нийцсэн томоохон хотхонууд босч, Монголын өмнийн говьд хөгжил цэцэглэлтийн түүхэн он цаг ирнэ.

Хүн амын төвлөрөл нягтралаа дагаж, хувийн хэвшлийнхэн, үндэсний томоохон кампаниуд өмнийн говь руу нүүдэллэх нь мэдээж. Ингээд л ганган улаан тэмээгээрээ алдартай Галбын говьд Монголын хоёр дахь том хот сүндэрлэж эдийн засаг, банк санхүү, үйлдвэр уурхайн том төвүүд өдөр өдрөөр уралдан үүд хаалгаа нээх биз ээ. Энэ бол зүгээр мөрөөдөл төдий биш юм. Хархоринд нийслэл хотоо байгуулна гэж сэтгэлийн хөөрлөөр өвчигнөдөг нөхдийн үнэмшилгүй ярианы хажууд илүү бодитой, байж болох дүр зураг тодхон харагдаад байгаа. Учир нь Ханбогдод дэлхийд эхний тавд тооцогддог Оюун толгойн том уурхай байна.

Мөн Тавантолгойн уурхай байна. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Цагаан суваргын орд гээд хөгжил дэвшлийн суваг, гарцууд эргэн тойронд нь байна. Байнгын ажиллагаатай худалдааны Гашуун сухайтын боомтоос аваад хилийн томоохон боомтууд ойр орчимд нь төвлөрч байна. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй Хятад гүрэн хажууханд нь оршиж байна. Эл бүгд Ханбогдыг Монгол Улсын хоёр дахь том хот болон сүндэрлүүлэх бааз суурь, хөрс нь мөн юм.

Түүнээс гадна өмнийн говь,Ханбогд өвлийн хэдэн сард Улаанбаатарынхаа утаан дундаас гарах гарцгүй аж төрж, осгож үхмээр хүйтэнд дагжин чичирч буй монголчуудад цаг агаарын хувьд хамгийн таатай бүс нутаг юм. Манай сонинд өмнө нь “Монгол Улс дулаахан арал худалдаж авмаар байна”, “Арал худалдаж авах биш өөрсдөө арал байгуулъя” гэсэн цуврал нийтлэлүүд гарч байсан. Идэр есийн жавар тачигнан, хотын утаа хэрээс хэтэрч Улаанбаатарт аж төрнө гэдэг аймшигтай санагдах болсон өнөө цагт бидний дэвшүүлсэн нийтлэл олон ч хүний анхаарлыг татаж, талархлыг хүлээн санал сэтгэгдлээ илэрхийлэхэд хүргэсэн юм. Тэгвэл өөрсдөө байгуулах гэж санал санаачилга гарган зүтгээд байгаа “диваажингийн арал” чинь Ханбогд юм биш үү гэх бодол төрөөд байна.

Завханы Тосонцэнгэлд хасах 35 хэм хүрч байхад Өмнөговийн Ханбогд нэмэх 15 хэмийн дулаантай эрс тэс ялгаа харагддаг. Энэ өвлийн ид хүйтнээр Тосонцэнгэл, Улаангомд хасах тавин хэдийн хэм хүрч янгинаж байхад Ханбогдод хасах арваад, онцгой үед арваас жаахан давсан хэмийн хүйтэнтэй байлаа. Утаа, хүйтэн хоёроос дайжихдаа тулаад байгаа Улаанбаатарынхан идэр есийн жавар тачигнах цагаар ердөө 600 гаруй километрийн цаана орших “диваажингийн хот”-доо нүүдлийн шувуу шиг цуглаад жаргаж хэвтвэл яасан юм бэ.

Үндэсний томоохон компанийн нэг “Номин констракшн” шилдэг ногоон байгууламж төсөл “River Gar­den” хотхондоо хиймэл нуур, элсэн воллейболын талбай зэргийг Туулын хөвөөн дээр бий болгочихоод байгаа. Зөвхөн нэг компани олон улсын стандарт бүхий ийм хотхоныг барьж байгаа юм чинь бүхэл бүтэн улс орон нэг хотыг уул уурхайдаа түшиглэн дэлхийн жишиг хот болгох энүүхэнд биз дээ. Ханбогдын элсний шуургыг шийдээд хиймэл нуур, цөөрөм бий болгочихвол говь нутгийн салхи зөөлнөөр илбээд ёстой л нөгөө жаргалын орон гэдэг чинь жинхэнэ утгаараа ирнэ.

Дээр нь Равжаа хутагтын энергийн төв Ханбогдод бий. Түүнийг түшиглэн аялал жуулчлалын чөлөөт бүс бий болгох боломжтой. Мөн казино зэргийг дэлхийн зугаа цэнгэлийн хотуудын жишгээр байгуулж, үндэсний бүтээн байгуулагчдын хотхон дүүргүүд, сумогийн аваргууд тэргүүтэй урлаг соёл, спортын одуудын дүүрэг хорооллууд босох нь мэдээж. Дэлхийн морин уралдааны болон тэмээн поло-гийн цэнгэлдэх хүрээлэнгүүд нээгдэж, сав л хийвэл гадагш дайжиж оддог Монголын улстөрч, бизнесмэнүүд дэлхийн нөлөө бүхий нөхдүүдтэй Ханбогд хотоо зорих цаг ойрхон байгаа бус уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *