“Шинэ үе” продакшны овоглож ирсэн жүжигчин Г.Ундармаа хошин урлагт төдийгүй кино урлагт тууштай уран бүтээл туурвиж яваа эрч хүчтэй жүжигчин бүсгүйчүүдийн нэг. Часхийсэн дуутай, цовоо, басхүү нийгэмд өөрийн байр суурийг хадгалж сайн үйлсийн аянд чин сэтгэлээсээ хандаж улсын гурван ч эмнэлэгийн хүлээлгийн танхимыг хандив тусламж босгон тохижуулсан. Түүний энэхүү бүтээн байгуулалт Монголчууд талархан хүлээн авч буйгаа илэрхийлсээр байгаа. УИХ-д тухлах эмэгтэй гишүүдээс илүүтэйгээр бодит зүйлсээр иргэддээ дэмжлэг үзүүлэх Г.Ундармаа дахин хүмүүнлэгийн үйл хийхээр болсон байна. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 24, 25, 28-р хорооны харьяа 30,000 гаруй хүүхэд үйлчлүүлдэг эмнэлэгийг тохижуулах гэнэ. Тус эмнэлэг нь Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошууны салбар дахь амбулаторийн Хүүхдийн тасаг бөгөөд тус тасгийн гурван өрөөг тохижуулж засварлахаар болсон байна.