Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намрын чуулган хаалтаа хийлээ

УИХ-ын
намрын чуулган өндөрлөлөө. УИХ-ын
намрын чуулган нь 90 өдөр үргэлжилж давхардсан тоогоор 131 удаа хуралдаж 412
хууль, 65 тогтоол хэлэлцэн баталжээ. Үүнээс бие даасан хууль 26, бол
хуульд нэмэлт өөрчлөлт орсон нь 347, хүчингүй болсон хуулийн нь 28, нэгдэн орох
конвенци 11 байсан байна. Ээлжит
бус чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталснаар 1353 ялтан өршөөгдөж,
хорихоос суллагдсан байна. Харин
намрын чуулганаар Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай
хуулиудыг шинэчлэн баталсан бол Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай
хуулийг баталснаар далд байсан эдийн засаг ил болгох, бүх иргэн, аж ахуйн нэгж
нь хуульд хамрагдах бололцоог олгосон байна.УИХ-ын дарга З.Энхболд намрын
чуулганыг хааж хэлсэн үгэндээ Үндсэн хуулийн цэцээс гарсан шийдвэртэй
холбоотойгоор ипотекийн зээл зогсоод байсныг УИХ яаралтай арга хэмжээ авч энэ
оны нэгдүгээр сарын 19-нд Иргэний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
болон Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийг баталсан болохыг онцоллоо. Эрх зүйн орчин бий болсноор энэ хугацаанд
сар шинээс урьтаж 379 зээлдэгч ипотекийн зээлд хамрагдаж орон сууцандаа
орон 23.7 тэрбумын зээл авсан байна. Мөн ойрын хугацаанд ипотекийн зээлд хамрагдах
хүсэлтэй 18 мянган айл өрх шийдвэрээ хүлээж буйг онцоллоо.Түүнчлэн малчны
зээлийн хүүг бууруулж 10 хувь руу оруулах даалгавар Засгийн газарт өгөгдсөнийг
онцоллоо.

Хаврын
чуулганаар хэлэлцэх асуудлыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын
Их хурлын 2016 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын
төслийг хэлэлцэн гишүүдийн 81.4 хувийн саналаар дэмжин баталлаа. Хаврын
чуулганыг ирэх дөрөвдүгээр сарын 5-нд нээх бол сар гаруйн хугацаанд үргэлжлэх
чигтэй байгаа аж. Уг чуулганаар нийт 12 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр
төлөвлөжээ.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн
Д.Лүндээжанцан: Хаврын чуулган бол дөрөвдүгээр сарын 5-наас зургадугаар сарын
5-н хүртэл үргэлжлэхээр хоёр сар л байна. Энэ хугацаанд сонгуулийн шинжтэй
хуулиудыг оруулж батлуулмааргүй байна. Дараа нь хүндрэл учруулсан сургамж бий.
Сонгуулийн тухай хуулийг батлах үед зургадугаар сарын 29-нд УИХ-ын сонгууль,
аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг товлох гээд гарчихсан. Дахиад 65 хоногийн
өмнө товлоно гэхээр өөр өдөр зарлачихвал яах вэ. Хууль зүйн хувьд логикийн юм
гараад, амжихаа байлаа гээд товлон зарлах эрх байгаа юм чинь гээд сонгуулиа
хойшлуулъя гэдэг юм гарч ирэх үү. Экспертиз хийлгээд нэг тийш болгохгүй юм уу?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
А.Бакей: Эхнийх нь санал авах өдрийг тогтоож байгаа, 150 хоногоор. Бэлтгэлээ
хангахад зориулагдсан хугацаа. Товлон зарлана гэдэг 65 хоногийн өмнө тогтоосон
хугацааг тэнд нийцүүлж зарлах тухай асуудал юм. Агуулгын хувьд ижил болохоос
хугацааны хувьд зөрөх юм байхгүй. Сонгуулийг 65 хоногийн өмнө товлон зарлана.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: УИХ эцсийн хийх ажлынхаа
жагсаалтыг гаргаж байна. УИХ-аар Төрийн цэргийн номлол гарсантай холбоотойгоор
хаврын чуулганы эхэнд холбогдох хуулиудыг баталчихвал олон жил хүлээлгэсэн асуудал
цэгцэрнэ. Салбарын хөгжлийн асуудалд түлхэц өгөх хуулиудыг хаврын чуулганаар
хэлэлцэх асуудлын тэргүүнд тавиад өгчихвөл энэ УИХ-ын ажлын үр дүн гарна. Ийм
Боломж ямар байна вэ?

А.Бакей: Төрөөс батлан хамгаалах салбарт
баримтлах бодлого батлагдсан учраас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа
хууль, тогтоолын төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны саналыг үндэслээд
хэлэлцэх боломжтой. Хурлын тэмдэглэлд үлдээх шаардлагатай.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Намрын чуулганаар 12
хуулийн төсөл хэлэлцэхээр орж ирж байна гэдэг зарим байнгын хороо ажилгүй суух
юм уу. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо,
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд идэвхитэй ажилладаг 3-5
ажлын хэсэг бий. Тэдгээрийн гараас нь гарчихсан анхны хэлэлцүүлэгт байгаа бэлэн
хуулиудыг ажлын явцаас нь үзээд 90-ээс дээш хувьтай хуулийг шууд хаврын
чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд тавиад өгч болохгүй юу. Жишээ нь С.Оюун
гишүүний хэлсэн Хог хаягдлын тухай хууль байна, анхны хэлэлцүүлэгт ороход
бэлэн. Эмнэлгийн тусламжийн тухай хуулийг нэрлэж болно. Энэ хуулийн төсөл дээр
3 жил ажилласан байдаг.

А.Бакей: Хаврын ээлжит чуулганы хуралдах хугацаа
богино. Ирэх дөрөвдүгээр сарын эхэнд хаврын чуулган эхэлж таван сарын дунд
хүртэл явах байх. Ээлжит УИХ-ын сонгуулийн ажил зохион байгуулагдах учраас улс
орны нийгэм эдийн засагт онцгой ач холбогдолтой хуулийг богино хугацаанд
хэлэлцэх шаардлагатай. Бүгдийг жагсаахаар урт жагсаалт гарна. Бусад гэдэг
хүрээнд саяны хэлсэн хуулиудыг Нийгмийн бодлогын байнгын хорооноос оруулна
гэвэл тухай бүрт нь хэлэлцээд явах бүрэн боломжтой.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ю.Цэдэнбал агсны 100
жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, төрсөн өдөр нь 2016 оны есдүгээр сарын 7-нд
тохионо. Түүхэн ойг нь Монголын төр нэр төртэй тэмдэглэмээр байна. Гуйгаад
байхад яагаад энэ асуудал хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд багтсангүй вэ.

Хоёрт, Монгол Удсын эдийн засгийн байдал хүнд
байна. Хямралаас яаж гарахаа ярилцаж явахгүй бол 2016 оны сонгуульд орчлонгийн
хамгийн сайн сайхныг амлаад явна. Одоогийн бодлогоор явбал эдийн засагт уналт
үргэлжилнэ. Энэ дээр нэг асуудал хэлэлцүүлж болдоггүй юм уу. УИХ-д байдаг эдийн
засагч гишүүд Статистикийн тухай хуулийг бэлтгэчихээд байхад хэлэлцэхгүй байна.
Улс орны эдийн засгийн тоо худлаа гараад эхэлбэл хөрөнгө оруулагч нар
зугатаана. Үндсэн статистикийн хороог Засгийн газрын мэдлээс гаргаж, УИХ-ын
харьяанд авчирах ёстой.

А.Бакей: Төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын 100
жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой ажлын хэсгийг сайд С.Баярцогтоор
ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг албан ёсоор танилцуулаагүй байна. Хэлэлцүүлэгт
бэлэн болчихсон байхад хаврын чуулганы эхэнд хэлэлцэх боломжтой.

Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний
талаар урьд нь тогтоол шийдвэр гарсан. Хэрэгжилт ямар байна вэ гэдгийг ярих
асуудал бий. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг ярина. Хямралт нөхцөл байдлыг даван
туулах чиглэлээр илүү санал санаачлагатай тогтоол юм уу хууль санаачлаад орж
ирэх юм бол шийдвэр гаргаж болно. Статистикийн тухай ч шийдэх боломжтой гэсэн
юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *