Өнгөрсөн зууны сүүлээс шинжлэх ухаан хурдацтай хөгжиж эхэлсэн. Гэтэл хүйтний эсрэг шинжлэх ухаан огт хөгжилгүй өнөөдрийг хүрчээ. Яагаад гэвэл хүн төрөлхтний 99 хувь нь яаж ч хүйтрээд шөнөдөө -20 хэмээс илүү гардаггүй цаг агаарын таатай бүс нутагт амьдардаг. Шинжлэх ухаан, технологийн өлгий нутаг болох Америк, Герман, Япон зэрэг улсад өдөртөө -30 хэм хүртэл хүйтэрнэ гэж бараг л байхгүй дээ. Урссан нулимс эгээтэй л хацар дээр хөлдчихдөггүй энэ хүйтэн газар хэн амьдардаг вэ гэвэл Сибирийн хэдэн оросоос гадна монголчууд бид л байна. Тиймээс хахир өвлийн хүйтэнд арай ч осгочихолгүй аж төрөхийн тулд хөвөнтэй өмд, үстэй дээлнээс өөрийг бодож олж чадалгүй өнөөдрийг хүрчээ. Хэрэв германчууд, япончууд ийм хүйтэнд амьдардаг байсан бол хүйтний эсрэг өчнөөн олон технологийн нээлт хийчихсэн байгаа. Ямар ч л байсан хахир хүйтэнд иргэдээ ажралгүй алхуулж чадах технологи нээчихээд сууж байх ёстой. Хүйтний эсрэг технологи гэж юуг хэлээд байна вэ гэвэл утаагүй, дулаан байр, биед эвтэйхэн, хөнгөн мөртлөө дулаахан хувцсыг хэлнэ. Орчин үед ийм зүйл зохиох хэрэгтэй байна. Бид энэ өвлийг яаж давж байгаа билээ дээ. Охид хүүхнүүд доод тал нь дөрвөн давхар зузаан өмд давхарлан өмсөж байна. Эрчүүд аль зузаан ултай, дулаахан гэсэн гутал хайж дэлгүүр хоршоогоор эргэлдэж яваа. Өнөөх олон давхарлаж өмссөн хувцсандаа түүртээд хөнгөн шингэн, хурдан ч алхаад явчихаж чадахгүй бээцгэнцгээнэ. Дээрээс нь гудамж талбай цас мөсөнд хучигдчихаар биеэ аль байдгаар нь хумин бээвийж явсаар ядарчихдаг. Тиймээс аль болохоор таатай өвөлжихийн тулд хүйтний эсрэг технологийг яаралтай нэвтрүүлэх хэрэгтэй байгаа юм. Сэтгэл байвал ямар л бол ямар аргаар иргэдээ дулаахан өвөлжүүлээд байж болно шүү дээ. Үгүй ядаж л нийслэл хотын автобусны буудлыг дулаан зогсоолтой болгочих.
Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ-ны гадаа нэгэн саравч байдаг. Элчин рүү орохоор дугаарлан зогсоо хүмүүст зориулсан. Тэр саравч яадаг вэ гэхээр тенээр халдаг. Саравчны доор очоод зогсохоор дээрээс нь халуу төөнөөд дааруулдаггүй. Жавар тачигнасан идэр есийн хүйтэнд дугаарлан зогсоо хүмүүсийг даарч бээрэлгүйгээр хүлээн зогсох боломжтой болгосон гэсэн үг. Америкчууд гадаах хүйтний асуудлыг ингээд шийдчихсэн байхад бид ядаж автобусны буудал дээр унаагаа хүлээн зогсоо иргэдээ дааруулмааргүй байна. Нэг хөлөө нөгөөгөөр нь товшилгүй автобусандаа суух бололцоог бодож олох хэрэгтэй. Шилэн хаалттай дулаан байр бэлддэг ч юм уу ямар нэгэн аргаар л автобусаа хүлээхдээ дэвхцэж зогсдоггүй болгомоор байгаа юм. Эсвэл час халуун цай, аарц, чацарганаар үйлчилдэг түргэн үйлчилгээний газартай болъё. Гадны ихэнх улсын метро, автобусны буудал дээр манайхны ТҮЦ шиг хэмжээтэй үйлчилгээний газар байдаг. Тэндээс халуун цай, кофе ууж болно. Даарчихсан явахад аяга халуун цай уухад дорхноо бүлээцээд ирдэг дээ. Яг л тийм газартай болмоор байгаа юм. Манай хотын гудамжинд хаа сайгүй “Хүйтэн пиво-Халуун хоол” гэсэн хаяг харагдаж байдаг. Өвлийн хүйтэнд энэ хаягийг уншаад л чичирмээр санагддаг. Тэгвэл үүнийхээ оронд час халуун мөртлөө шим тэжээлтэй уух зүйл хурдан шуурхай үйлчилдэг төвүүдтэй болмоор байгаа юм. Өвөлдөө халуун ундаагаар үйлчилсэн тэд зундаа зайрмаг, мөстэй ундаа гээд цаг агаартайгаа нийцүүлэн ажиллахад болохгүй зүйлгүй. Иймэрхүү зүйлийг сэтгэж хиймээр байна. Ядаж л хүйтэнд ямар хоол идэх хэрэгтэй вэ гэдгийг зааж өгөх хэрэгтэй. Уламжлалт хүнс буюу тарган мах идээд араас нь архи уугаад байж болохооргүй байна. Хөдөөний малчид ихэнхдээ л иймэрхүү хоол идэж байгаа. Өөхтэй тарган мах идэж өвлийн хүйтнийг давна гэж ярьдаг нь буруу. Ингэж хооллосон хүмүүс 50, 60-аас дээш наслахгүй байна. Эрүүл мэндэд зохихгүй байна гэдгийг эрчүүдийн дундаж наслалтаас харж болохоор байгаа. Тиймээс эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй мөртлөө хүйтний улиралд тохиромжтой хоол юу байдгийг эрдэмтэд хэлж өгөх хэрэгтэй. Орчин үеийн хүмүүсийн амьдралд нийцэх эрүүл, зөв хооллолтын сонголтуудыг гаргаж өгмөөр байгаа юм.
Шинжлэх ухааны академийн судлаач, эрдэмтэд хамтраад гудамж талбайгаа дулаан байлгах шинэ арга санаачилж яагаад болохгүй гэж. Японы Осака хот бол Япондоо л хүйтэнд ордог газар. Төр засаг нь тэндхийнхээ иргэдийг хүйтэнд ая тухтай амьдруулахын тухайд гудамжаа доороос нь халааж өгдөг. Гадаа гудмаар явж байхад л доороос дулаанаар төөнөөд байдаг. Тэд хөлддөггүй шингэн бүтээн гудмаа халааж иргэдээ дааруулахгүй өвөлжүүлээд байна. Гудамж талбай доороосоо халахаар ядаж л цастаж мөстөхгүй болохоор халтирахгүй. Харин манайд яаж байгаа билээ дээ. Өвлийн хэдэн сарын турш тархиараа саваад уначихгүйн тулд хоёр тийшээ найган оцон шувууны алхалтаар урагшилна. Тэгвэл энэ бүхнийг шийдэх цаг хэдийнэ болжээ. Байшингийн хана гадагшаа халдаг технологи байж болно. Хэрэв нийслэлийн бүх байшингийн хана гадагшаа халдаг болчихвол учиргүй халууцаад явдаггүй юмаа гэхэд бөөн бөөнөөрөө осгож үхээд байхгүй.
Аль 1800-гаад оны үед нээсэн төвлөрсөн халаалтын систем өнөөдөр хоцрогджээ. Хүн төрөлхтөнг алмайруулсан шинэ технологи бүтээдэг эрдэмтэд бидний зовлонг мэдэхгүй болохоор хүйтний эсрэг технологи санаачилъя гэж бодохгүй. Тиймээс монголчууд бид л өөрсдөө хийх хэрэгтэй. Шинжлэх ухааны салбарынхан нэг хэсэг юун шинэ нээлт, шинэ технологитой манатай үе байсан. Одоо тэгвэл цаг өөр болсон. Үнэхээр хүнд хэрэгтэй шинэ зүйл сэдвэл төр засгаас үнэлдэг, урамшуулдаг болсон байна. Ийм үед эрдэмтэн, судлаач нар мэдлэг чадвараараа өрсөлдөх хэрэгтэй. Хүйтэн газар амьдардаг бид хийхгүй бол өөр хэн ч хийж өгөхгүй. Шинжлэх ухааны академийнхан хүйтнийг ялах хэмжээний технологи гаргах хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал монголчууд эх орондоо таатай амьдарч чадна. Уг нь тав тухтай байж чадвал өвлийн улирал гоё. Өвлийн улиралд дулаахан хувцаслаад сэнгэнэсэн цэвэр агаарт алхахад хүн бүр дуртай. Даанч хөлдөж үхнэ гэж айгаад гэрээсээ гардаггүй. Тиймээс хүйтнийг мэдрэнгээ аятай тухтай өвөлжүүлдэг болгоод өг. Өвлийн хүйтэнд нийслэл хот дотроо хүнээс нуугдаж байгаа аятай нүүр амаа битүү баглаж алхмааргүй байна. Хүрмээ өмсөөд үсээ задгай тавиад алхдаг болтол хотын жаврыг үргээгээд өгөөч.