Categories
мэдээ цаг-үе

П.Дагийсүрэн: Би одоо л урлагийн хүн болох гэж байна

“My Voice” тэмцээний оролцогчдоос П.Дагийсүрэн дуулах ур чадвараараа төдийгүй өвөрмөц хоолойгоороо бусдаасаа ялгарсан. Тэр мэргэжлийн хэллэгээр контр альт хоолойтой. Энэ нь ихэд ховорт тооцогддог гэнэ. П.Дагийсүрэн олон тэмцээнд оролцохдоо хэд хэдэн удаа “Олны таашаалыг хүртсэн дуучин”-аар тодорсон. Хамгийн сүүлд “My Voice” тэмцээнд оролцож мөн л олны таашаалыг хүртсэн дуучны шагналыг хүртсэн юм.

-Та аль нутгийнх билээ?

-Уг нь бол Говь-Алтай аймгийнх. Намайг бага байхад манайх Дарханд нүүж ирсэн. Дарханы 14 дүгээр сургууль буюу “Жигүүр” цогцолборыг төгссөн.

-Бөх болох гэж байсан охин яаж яваад дуучин болов?

-Манай “Жигүүр” цогцолбор бөхийн ангитай. Манай сургуульд Дарханы шилдэг хүүхдүүд суралцдаг. Би дөрөвдүгээр ангиасаа бөхөөр хичээллэж эхэлсэн. Ээж, аав хоёулаа бөхийн удамтай л даа. Тиймээс бөх болно гэж боддог байлаа. Багаасаа л аавтайгаа бөхийн барилдаан үзнэ. Намайг бага ангид байхад гавьяат тамирчин Эрдэнэт-Од олимпоос медаль авч ид мандаж байлаа. Түүнийг хараад эмэгтэй хүн барилдаж болдог юм байна гэсэн бодол төрж, түүн шиг нэртэй бөх болохыг мөрөөддөг болсон. Ингээд тамирчин болохоор шийдсэн. Бэлтгэл хийж байхдаа маш их бэртэл авсан, ахар сүүлээ хүртэл хугалж байлаа. Хамгийн сүүлд тархиндаа бэртэл авсны улмаас хараа муудаж тэрнээс хойш спортыг орхисон.

-Хэзээнээс эхэлж дуулсан бэ?

-Цэцэрлэгт байхдаа дуулж байсан юм шиг байна лээ. Нэг зураг байдаг юм.

-Сургуульд байхдаа дуулж байгаагүй юу?

-Барилддаг байхдаа спортынхны урлагийн үзлэгт оролцдог байсан. Тамирчид дундаас арай гайгүй дуулдаг байсан болохоор надаар дуулуулна. Урлагийн үзлэгт урдаа барьдаг хүн нь байсан. 2009 онд бил үү “Оддын эрэлд-3” тэмцээнд оролцож байсан. Клубийнхэн маань ятгасааар байгаад оруулж билээ. Тэрнээс хойш бараг дуулаагүй. Спортыг ч орхисон, 11 дүгээр ангиа ч төгссөн ингээд яахаа мэдэхгүй байв. Тамирчин болно гээд шийдчихсэн байсан болохоор их хэцүү байсан. Сэтгэл санаагаар ч нэлээд уналаа. 17 настай байсан мөртлөө амьдрал дуусчихсан мэт л санагдаж байсан үе. Гэтэл манай Дарханы гавьяат жүжигчин Дагийсүрэн дуучны дугуйланд хүүхэд авч байна гэсэн зар гаргасныг олж уншаад очиж шалгуулж билээ. Надтай ижилхэн нэртэй болохоор гоё санагдсан.

-Гавьяат жүжигчин Дагийсүрэнд шалгуулахад юу гэж хэлсэн?

-Багш маань өөртэй нь ижилхэн нэртэй гээд ихэд бэлгэшээсэн. Намайг шалгаад дасгал уншуулж, сонсгол шалгаад “Болж байна, миний хүү. Чамд тэнгэрээс заяасан авьяас байна, дуулах хоолой байна” гэсэн. Бөх болох гэж байснаа багшдаа ярихад намайг урлагийн хүн болох ёстой гэж билээ. Надаас нэг ч төгрөг авахгүй мэддэг бүхнээ зааж өгнө гэсэн. Урлагийн хүн ямар байх ёстой, дуулах ур зүй, амьсгаа хэрхэн авахаас эхлүүлээд бүгдийг заасан. Нэг жил багшаараа хичээл заалгуулж, урлагийн хүн болох хэцүү гэдгийг ч мэдэрсэн. Урлаг гэдэг үгээр хүнийг амьдруулдаг болохыг тэгэхэд ойлгож билээ. Спорт бол бяр тэнхээ, тэвчээр, ухаан гурав байхад болдог. Тэр үед надад Үндэсний биеийн тамирын дээд сургуульд орох урилга байсан. Очиж бүртгүүлэхээр явж байгаад Соёлын урлагийн их сургуулийн урдуур гарлаа. Гэтэл дээд давхраас нь хөгжим сонсогдоод их сайхан санагдсан. Ямар байдгийг нь үзэхээр ороод элсэлтийн шалгалтанд нь бүртгүүлж тэнцэж билээ.

-Өөрийг тань анх дуулж байгааг сонсоод дуурийн дуулаачийн ангид сурдаг байх гэж бодож байлаа?

-Тийм ээ. Уг нь бол дуурийн дуучны хоолойтой. Дагийсүрэн багш маань намайг өөрийнхөө багш ардын жүжигчин Ц.Уртнасан гуай дээр хүртэл аваачиж сонсгож байсан. Ц.Уртнасан гуай миний дуулахыг сонсоод “Хайран сайхан хоолой. Даанч бие нь жижигхэн юм” гэж билээ. Би жижигхэн биетэй болохоор дуурийн дуучинд тохирохгүй гэсэн.

-Тэгээд л Соёл урлагийн их сургуулийн эстрадын дуучны ангид орсон юм уу?

-Ямар сургууль болохыг үзэх гэж ороод шууд л бүртгүүлсэн гэж ярьсан даа. Яг тэр үед уран чадварын шалгалт авч байсан. Их азтай л даа. Шууд л шалгалтанд нь ороод чаддаг юмаа үзүүлсэн. Бүжиглэ гэхээр нь бүжиглэсэн. Хөгжим тогло гэхэд нь “Үнэхээр хөгжим тоглож чаддаггүй” гэсэн. Этюд гэж юуг хэлдгийг ч мэддэггүй байлаа. Орой нь зургаан цагаас дүнгээ сонс гэсэн. Шалгалтын дүнгээ үзэх гээд очиход нэлээн дээгүүр орсон байсан. Одоо бодоход багш нар маань тэр үед надад маш их итгэл үзүүлжээ.

-Мэргэжлийн багш тань хэн билээ?

-УГЗ Д.Ухнаа. Манай багш гуравхан эмэгтэй шавьтай. Би хамгийн бага нь.

-Яагаад “My Voice”-т оролцохоор болов?

-Багш маань өөрийгөө сорьж үз гэж дандаа хэлдэг. “Урлагийн хүн ганцхан миний сургаснаар явж болохгүй. Өөр хүнээс бас суралцах хэрэгтэй” гэдэг. Өөр дуучдыг үз, тэмцээнд ор гэж хэлдэг байсан. Би Соёл урлагийн их сургуульд орсноосоо хойш “Монстр” гээд нэлээд хэдэн тэмцээнд оролцохдоо дандаа л тодорхой хэмжээний амжилт үзүүлдэг байлаа. Эдгээр тэмцээн болгоноос маш их зүйлийг сурсан. Юун дээр алдав, тайзан дээр гараад үзэгчдийн сэтгэлд хүртэл дуулахын тулд яах ёстой, юу бодох ёстой, үгээ яаж хэлэх гээд л. Энэ бүхнийг тэмцээнд оролцож байж мэдэж авдаг юм билээ.

-Та “Universe best songs” тэмцээнд нэлээд амжилттай оролцсон байх аа?

-Тийм ээ. Энэ тэмцээн нэлээд хэдэн шат явсан. Тэр үед би жирэмсэн байсан. Хүүгээ төрүүлэх гэж байсан болохоор сургуулиасаа чөлөө авсан байлаа. Учир нь байнга дасгал уншаад, дуулаад байхад урагт сөргөөр нөлөөлдөг гэсэн. Тиймээс багш маань чөлөө авах хэрэгтэй гэсэн юм. Ингээд чөлөөтэй байхдаа тэмцээнд оролцъё гэж бодсон. Д.Ухнаа багш маань ажиглагч шүүгч хийж байсан шүү дээ. Би “Uni­verse best songs”-д оролцохоо багшдаа хэлээгүй. Нэгдүгээр шатанд нь оролцсоныхоо дараа багшдаа зэмлүүлж байлаа. Багш “Давхар биетэй байж яаж байгаа юм. Надад яагаад хэлээгүй юм. Ар өврийн хаалга гэж байхгүй шүү. Би чамаас өөрийнхөө заасан юмыг л харна. Багш намайг дэмжинэ гэж бодох хэрэггүй гэдгийг хатуу хэлье” гэж билээ. Ингээд багшдаа сурсан зүйлээ харуулахыг л хүссэн. Шүүгчид юу гэж хэлэх нь надад чухал биш байсан. Багшийн маань үнэлгээ чухал байлаа.

-Та бас “Best of best”-д оролцсон байх аа?

-Тэгсэн. “Universe best songs”-ийн он болгоны шилдгүүдээс шилдгийг нь тодруулахаар “Best of best”-ийг зохион байгуулсан. Түүний хоёрдугаарт шатанд би “Буруу эргэлт” киноны дууг дуулсан. Тэр дуунд их дуртай л даа. Их хүнд дуу. Би долоон сартай жирэмсэн байсан. Намайг дуулахыг сонсоод багш маань уйлж билээ. Сэтгэлд нь хүрсэн байх аа. Тэр үед л Д.Ухнаа багш маань тэнд байсан хүмүүст “Энэ бол миний шавь. Би шавиараа бахархаж байна” гэж хэлсэн. Тамирчин хүн ялалт байгуулаад нэг сайхан болдог доо. Надад яг л тийм байсан. Тэр тэмцээнээс би олны таашаалыг хүртсэн дуучны шагнал хүртсэн. Гэхдээ энэ нь миний хувьд гран пригээс илүү. Одоо л би урлагийн хүн болох гэж байна гэж бодож билээ.

-Цаашдаа ямар шинэ уран бүтээл туурвихаар төлөвлөж байна?

-“My Voice”-ийн гала концертод орсон. Энэ тэмцээн надад маш их зүйл өгсөн. Үнэхээр их эрч хүч зарцуулсан. Хүн юу хийж болдгийг надад харуулсан тэмцээн. Тоглолтонд оролцох санал, студи, продакшнуудаас хамтран ажиллах санал маш их тавьж байгаа. Бүр толгой маань эргэчихээд байна. Ямар ч байсан биеэ даасан уран бүтээлч болно гэж бодож байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *