“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн гарч, уншигч
захиалагчдынхаа гарт хүрлээ.
Энэ өдрийн дугаарын онцлох нийтлэл, ярилцлага, сурвалжлагаас
сонгож, тоймлон хүргэе.
Ирж буй бичин жилийн сар шинийн баяраар зүг мөрөө хэрхэн
гаргахаа та мэдэж амжсан уу. Тэгвэл манай сонины тэргүүн нүүрээс зүг мөрөө
гаргах зурхайг хүлээн авч үзээрэй.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Төв Азийн нүүдэлчин соёл
иргэншилтэй улс орнуудтай ойртон нягтрах хэрэгтэй” ярилцлагыг нэг, хоёрдугаар
нүүрээс унших боломжтой байна.
Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг
алдарт гуравдугаар нүүрт “Монголчууд хулгай дээр хүртэл жудаг заадаг” нийтлэл
хэвлэгдлээ. Уг нийтлэлд “…Хүмүүс Г.Шийлэгдамбын яриаг сонсоод Н.Энхбаярыг нь
муулж, сайдыг шударга үнэнийг хэллээ гэлцэж байна. Нөгөө талаас Г.Шийлэгдамбын
хувьд маш харамсалтай зүйл болж байгаа юм. Одоо түүнд хэн итгэх билээ… ” гэж
бичжээ.
Тэгвэл ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр Medee.mn сайтыг албан
тушаалаараа далайлган сүрдүүлж дарамталсан тухай дэлгэрэнгүй мэдээллийг
долдугаарт нүүрт нийтэллээ. Энэ хэргийн талаар Монголын сэтгүүлчдийн эвлэл,
хуулийн байгууллагууд байр сууриа илэрхийлж, ШӨХТГ-ын даргын үйлдлийг буруушааж
байгаа юм.
“Өөрөөс нь…” буландаа Кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн
ярилцлагыг хэвлэлээ. Монголын кино нэрт зүтгэлтэн, ардын цолтон түүний яриаг
өнөөдрийн дугаарын нэг, 12 дугаар нүүрээс уншина уу. Тэрбээр Цэвээнжав гуайг
Монголын кино урлагийн шилдэг эмэгтэй жүжигчин гэж эргэлзэх зүйлгүйгээр нэрлэнэ
хэмээв. Түүний ярилцлага эрхгүй сонирхол татах ажээ.
Мөн “Дал наяад оны сар шинийн барилдааны түүхийг эргэн сөхөхүй”
хэмээх сонирхолтой материал 13 дугаар нүүрт гарлаа. Түүнчлэн дуурийн театрын
залуу дуучин Э.Анхбаярын ярилцлагыг 17 дугаар нүүрт хэвлэлээ. Тэрбээр
“Багшийнхаа бүтээлийг ард түмэндээ сурталчилна гэж боддог” хэмээн ярьжээ.
Сар шинийн баяраар цаг агаар ямар байх тухай тодруулга, Хүн ам,
нийгмийн хамгааллын сайдын хүүхдийн мөнгийг өнөөдөр өгч дуусгах тухай
ярилцлага, Монголд жил бүр 5000 хүн
хавдраар нэмж өвчилж байгаа тухай ноцтой мэдээлэл зэрэг цаг үеийн мэдээ
сурвалжлагууд өнөөдрийн дугаарт гарлаа.