Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэн хаана дэвших вэ? (II)

УИХын сонгуульд хэн аль намаас нэр дэвшихээр төлөвлөж, хэн аль тойргийг тордож байгаа талаар бид тоймлон хүргэж байгаа билээ.

ӨМНӨГОВЬ

Өмнөговь аймагт мандат нь нэг болсноор 2012 оны сонгуульд АН-ын Ц.Баярсайхан жагсаалтаар УИХ-д орох үүдээ нээж, Д.Бат-Эрдэнэ гишүүн тойрогтоо өрсөлдөж байлаа. Харин өнөө жил тэд байраа солих магадлалтай. Гэхдээ энд нэр нь яригдах бас нэгэн хүн бол Өмнөговийн Засаг дарга Б.Бадраа. Аймагтаа бас боломжийн ажил хийсэн гэдэг итгэлтэй тэрбээр УИХ-д хүч үзэх хүсэлтэй байгаа. Харин МАН-аас шинэ нэр дуулдаж байна. Өмнө нь энэ тойргоос МАН-даа нэг бус удаа суудал авчирч өгч байсан “Монросцветмет”-ийн Х.Бадамсүрэн нэр дэвших бодолгүй байгаа юм билээ. Тиймээс орон нутгийн бизнесмэн Б.Энхболд гэсэн залуу яригдаж эхэлжээ.

БАЯНХОНГОР

АН-ын хувьд тодорхой. Д.Ганбат, Х.Баттулга хоёулаа явна гэх. Тэдний рейтинг Баянхонгортоо урьдын адил байгаа гэлцэнэ. Шинэ сум байгуулах төсөл баянхонгорчуудад наалдаж очсон байж таарна. Бидон савны дуулиан ч нутаг орондоо нэмэх оноо болж таарах биз. Хэрэв Х.Баттулга жагсаалт руу орох хувилбар яригдвал АН-ын ҮЗХ-ны гишүүн, “Жип сервис”-ийн Д.Мөнх-Эрдэнэ гэдэг залуу явах болов уу. Гэхдээ намынхаа даргаа зоригтой шүүмжлээд байдаг гэх түүнд боломж олдох эсэх нь эргэлзээтэй. Харин МАН-ын хувьд Г.Занданшатар, “Спирт бал бурам”-ын Л.Элдэв-Очир нарын нэр зоогджээ.

АРХАНГАЙ

Архангайд УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор нар дахиад тойрогтоо очно гэж байгаа. Учир нь тэнд рейтинг нь тун өндөр байгаа гэнэ. Архангай ч хэзээнээсээ цэнхэр газар, тэд ч өнгөрсөн дөрвөн жил гүйцэтгэх засаглалд ээлжлэн орж байсан хүмүүсийн хувьд хөрөнгө ихээхэн шийдүүлжээ. Гэхдээ Фортуна буюу Н.Батбаяр гишүүн жагсаалтад орно гэж үзэж магадгүй. Тэр тохиолдолд Р.Гончигдорж гишүүн улстөрчийн карьераа дуусгаж өөр тийш очно гэсэн шийдвэр гаргачихгүй бол очих биз ээ. МАН-аас НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн очно. Өмнөх сонгуульд аав нь очихоор сайтар бэлдсэн байсан ч улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр нэр дэвшээгүй. Харин энэ удаад аавын бэлтгэсэн боломж хүүд нь ирнэ гэх хүмүүс байна. МАН-ынхан энэ сонгуульд дарга нараа жагсаалтад үлдээх бус халуун цэг рүү явуулна гэсэн тооцоотой байгаа. Үүний дагуу намын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Архангайд ирж таарч байгаа ажээ. Хэрэв жагсаалтад бичигдэхээр болбол оронд нь Т.Бадамжунай эсвэл Ё.Баатарбилэг нар яригдана.

БАЯН-ӨЛГИЙ

Энэ тойрог бусдаас онцлогтой газар. Олон жил цөөн хэдэн нэр дэвшигч ээлжлэн нэр дэвшиж, ээлжлэн гарч ирсэн газар. Сураг дуулахнээ Баян-Өлгий МАН-ын нэр дэвшигчдийг тодруулах хэлэлцүүлэг сунгаа ид явагдаж байгаа ажээ. МАН-ын намын хорооны дарга Г.Солтан, дэд дарга А.Гыламхан мөн ХХАА-н дэд сайд асан Ж.Сауле нар тэргүүлж байгаа гэнэ. Гэхдээ өмнөх сонгуульд нэр дэвшиж байсан А.Тлейхан гишүүн, Ж.Баделхан нар нар дэвших эрхийн төлөө хүчтэй өрсөлдөнө. Одоогийн УИХ-ын гишүүн А.Тлейхан тойрогтоо яах аргагүй хүчтэй өрсөлдөгч болж таарна. Гэхдээ тэрбээр жагсаалт руу орж ч болох талтай. Баян-Өлгийчүүд жагсаалтад өөрсдийнхөө төлөөллийг оруулахыг нэлээд шахах бололтой. Тэгвэл эмэгтэй бас цөөнхийн төлөөлөл гээд давхар эрх ашгийг хангаж чадна гээд Ж.Саулегийн нэр ч яригдаж таарах байх. Бас Т.Аубакир хэмээх залуугийн нэр сонстож эхэлсэн бөгөөд орон нутгийн сонгуульд намаасаа нэгээр бичигдэж иргэдийн төлөөлөгч болсон мөртлөө хуралдаа нэг ч сууж байгаагүй, Казахстанд амьдардаг гэсэн хэл ам дагалдаж байгаа гэнэ. Ерөнхийдөө Баян-Өлгийгөөс УИХ-д нэр дэвших дээр МАН-ынхан ихээхэн өрсөлдөөнтэй байгаа бололтой. Гэхдээ орон нутгийн иргэд нэр дэвшигчдийн асуудал дээр өөрчлөлт хийж, салхи оруулах цаг болсон гэж ихээхэн ярьж байгаа юм байна. Казах түмний нэрээр төрийн түшээ болчихоод хэрэг түвэгт орооцолдож, улмаар гадагшаа зугатан гарч байгаа хүмүүсийг олон жилийн турш сонгон явуулж байсан нь алдаа болж, харин залуу шинэ хүнийг дэмжих бас эмэгтэй хүнд итгэл үзүүлэхэд болохгүй юуных вэ гэлцэх болжээ. Казахын уламжлалаар эмэгтэйчүүдэд эрх мэдэл өгөхөөс цааргалж ирсэн ч өөрчлөгдөж байгаа бололтой. Харин АН-ын хувьд нэр дэвшигчид нь тодорхой байна. УИХ-ын гишүүн А.Бакей, Зам тээврийн дэд сайд асан саяхан Ерөнхий сайдын зөвлөх болсон Х.Ержан нар нэр дэвших ажээ. Бас аймгийн Засаг дарга Х.Дармен боломжийг хүлээн суугаа байж таарна. Мөн сүүлийн үед сошиалаар сурталчилгаа нь харагдах болсон А.Алаубек хэмээх залуу МАХН-аас өрсөлдөхөөр бэлдэж байгаа юм байна. Түүнийг УИХ-ын гишүүн К.Сайраны хүргэн хэмээж байна.

ЗАВХАН

Энэ тойрог бас л тулаантай тойргийн нэг. Харин ч Завханы хүчтэй нэр дэвшигчийн нэг Д.Оюунхорол жагсаалтад орсноор бусдад нь бас ч боломж гарлаа. Мөн бас нэг хүчтэй нэр дэвшигч бол Я.Санжмятав. АН-аас УИХ-ын гишүүн Я.Санжмятав эндээ дахин үзэж таарна. Ер нь бол аль ч намын нэр дэвшигч түүнтэй л өрсөлдөх гэж түүртэх байх. Бас Төрийн банкны захирал Д.Батсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны З.Нарантуяа нарын нэр ч явж буй. З.Нарантуяа бол АН-ын нэр хүндтэй, чамбай эмэгтэйчүүдийн нэг. УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаад Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ирсэн. МАН-аас Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуу явахаар яригдаж байна. Харин ах дүүг сэлгэх болсон шийдвэр нь төрсөн ах дүүсийг эвдрэлцүүлэх шалтгаан болжээ. Намын зүгээс ахыг нь болсон гэж үзээд дүүд нь боломж өгснөөр “Нарантуул”-ын Ш.Сайхансамбуу нар таарамжгүй, хөрөнгө өмчийн асуудалдаа тулж байгаа гэдэг. Тиймээс гишүүн асан Ш.Сайхансамбуу МАХН-аас нэр дэвших боломжийг судалж, үгүй бол бие даах төлөвлөгөөтэй гэсэн. Мөн сүүлийн үед тойргоо тордож, Завхан руу завгүй жирийлгэх болсон хүн бол “Сонор трейд”-ийн Б.Энхболд. Тэрбээр Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга бөгөөд хүүхдүүдийн дунд математикийн уралдаан тэмцээнээс эхлээд олон зүйл зохион явуулсан гэсэн. УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир энэ удаад мөн нэр дэвшихээр бэлдэж байгаа бөгөөд боломж олдохгүй бол МАХН-ыг сонирхож байх талтай.

ӨВӨРХАНГАЙ

Өвөрхангай хэзээнээс нэр дэвшигчид олонтой, өрсөлдөөн тэмцэлдээн ихтэй тойрог. Энэ парламентад гэхэд Өвөрхангайн гаралтай УИХ-ын гишүүд хамгийн олон байгаа ч гэгддэг. МАН-аас гэхэд өмнөх сонгуульд жагсаалтаар орж ирсэн Я.Содбаатар гишүүн төрөлх тойрогтоо өрсөлдөж таарна. Бас өмнөх сонгуульд бараг ялсан ч парламентад сууж чадаагүй С.Чинзориг яах аргагүй өрсөлдөж таарна. Мөн МАН-ын намын хорооны дарга Д.Тогтохсүрэнг өнөө жил нэр дэвшүүлэхгүй үлдээхийн аргагүй гэгдэж байгаа. Бас өнгөрсөн сонгуульд анх удаа хүч үзсэн мөртлөө өндөр амжилт үзүүлсэн Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү бас ирэх талтай. АН дээр ч яригдаж байгаа хүмүүс олон. Хуучин Г.Батхүү, З.Энхболд, Д.Зоригт гээд хуучцуул жин дарж сонстдог байсан бол одоо залуус яригдах болжээ. УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Ерөнхий сайдын зөвлөх Б.Даваацэрэн, МОАХ-ны Төмөрөө гэгддэг ТӨХ-ийн хорооны дэд даргаар ажиллаж байсан нэгэн бас намын хорооны дарга Мөнхжаргал нар гэсэн нэрс яригдаж байна. Тэднийг ахмадууд нь тус тусдаа дасгалжуулж байгаа бололтой. Ч.Даваабаярыг АН-ын дарга З.Энхболдоос дэмжлэгтэй гэх бол нөгөө талдаа ҮЗХ-ны хорооны гишүүн ч биш учраас орон нутгаасаа дэмжлэг авахгүй гэлцэнэ. Харин Б.Даваацэрэнг Г.Батхүү, С.Дэмчигийг Д.Зоригт дагуулж байгаа гэнэ. Б.Даваацэрэн нь Өвөрхангайгаас ҮЗХ-ны гишүүнээр арав шахам жил сонгогдсон “Crown”-ийн хүн ажээ. Ирэх сонгуульд Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Д.Зоригтын хувьд өрсөлдөхгүй гэсэн.

УВС

АН-ынхны хувьд Увс хатуу тойрог. Ерөөсөө улаан талын газар. Тиймээс тийш зүглэх хүмүүс ховор гэлцэнэ. АН-ын дарга байсан, экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг сүүлийн үед нутгийн зүг хүлгийн жолоо ихээр татах болсон. Ерөнхий сайдын албаа өгчихөөд УИХ, Засгийн газрыг шүүмжлэх үедээ хатуухан үг хэлчихээд бусад үед нь нам гүм байх болсон түүний нэр хүнд өндөр байгаа. Тиймээс Увсад өрсөлдөөч гэж аймгийн намаас нь уриад байгаа дуулддаг. Гэхдээ 2012 оны сонгуульд намын жагсаалтаар орж ирэхээсээ өмнө удаа дараа сонгогдож байсан Сонгинохайрханаа орхихгүй байгаа гэхээр нийслэлд ч хүч үзэх юм болов уу гэмээр. Бас намаас нь нэр хүндтэй байгаа, шууд АН-ын лидерүүд гэж харагдах фигурүүдээр жагсаалтаа бүрдүүлнэ гэж үзвэл түүнийг жагсаалт руу дахиад урихаас аргагүй болж таарах байх. Мөн аймгийн АН-ын дарга, “Тесо” корпорацийн захирал О.Цогтгэрэл Увсад нэр дэвшинэ. Өнгөрсөн сонгуулиар энд үзэж байсан Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Д.Дорлигжав ч Увсад үзэхгүй бас Эрдэнэт рүү очихгүй гэж байгаа болохоор жагсаалтад найдаж байгаа бололтой. МАН-ын хувьд Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар хэвээрээ. Өмнө гурван суудал байхад Ц.Нямдорж гишүүн эд гурвалдаг байгаад 2012 онд мандат хоёр болоход Ц.Нямдорж гишүүн жагсаалтад орсон байдаг. Гэхдээ энэ удаад нийслэлд өрсөлдөх бөгөөд Ч.Хүрэлбаатар жагсаалтыг бодож байх талтай. Сүүлийн үед хэл ам болоод байгаа нийслэлийн мандатыг нэмэх асуудал нэлээд өөрчлөлтийг дагуулна.

ХОВД

Ховд хэзээнээсээ нэр дэвшигчид олонтой бас чанга гэгддэг. АН-ын хувьд хамгийн баталгаатай нэр дэвших хүн нь Д.Батцогт. Гэхдээ судалгаагаар рейтинг өндөртэйдөө биш зүгээр л АН-ын дарга түүнд амлачихсан учраас гэж намынхан нь ярина. АН-д байж байгаад МҮАН-д орж эргээд АН-даа ирэх үед нь тийм амыг өгсөн гэх. Харин үлдэх нэг суудал дээр нь АН-ынхан өрсөлдөгч олон. Өнгөрсөн сонгуульд бие дааж өрсөлдөөд хэдхэн саналын зөрүүгээр ард хоцорсон Ш.Адьшаа рейтингтэй байгаа дуулдана. Бас Засгийн газраас сайн аймгуудын жишээ татахад Сүхбаатар, Ховд гээд зуузай дарж зэрэгцдэг болохоор аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нэр хүндтэй байгаа нь ойлгомжтой. Харин өөрийнх нь дэвших амбиц хэр байгаа юм гэхээс. Бас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга асан Б.Пүрэвдорж улс төрийн сонголтоо хийж ажлаа өгсөн гэж мэдэгдсэн байгаа. Тэрбээр ажилтай нь холбоотой хэл ам гарахаас өмнө Ховдын тойргийг байнга торддог байсныг хүмүүс мэднэ. Кёкүшюзан Д.Батбаяр ч өмнөх сонгуульд унаад шороодсон тойрогтоо боломж олдвол үзээд алдах хүсэлтэй байгаа. МАН-ын хувьд нэр дэвшигчид нь жаахан сул сонстож байгаа. Хуучин Ц.Дамиран, Д.Дэмбэрэл, Ж.Бямбадорж, Д.Пүрэвдорж гээд ланжгарууд гарч байсан энэ тойрогт сүүлхнээс С.Бямбацогт гээд залуу лидер төрсөн. Харин одоо Н.Очбадрах, Батнасан гэсэн нэр дуулдах. ТӨХ-ны дарга, Монголбанкны ерөнхийлөгч Д.Пүрэвдоржийн хүү П.Хангал аавынхаа нутгаар нэлээд явж байгаа сурагтай. Уг нь МАН-аас нийслэлийн төлөөлөгч хоёр ч удаа болж байсан тэрбээр МАХН-д элссэн байдаг. Гэхдээ энэ удаад МАХН-аас эсвэл бие дааж нэр дэвших төлөвлөгөөтэй байгаа бололтой.

ХӨВСГӨЛ

МАН-аас нэр дэвших хүмүүс эртнээс тодорхой болж “ажиллаад” эхэлчихсэн газар. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өмнөх сонгуулийн адил эндээ өрсөлдөнө. Бас өмнөх сонгуулиар богино хугацаанд маш эрчимтэй ажиллаж гайхмаар өндөр үзүүлэлт, гаргасан гэгддэг Л.Мөнхбаатар дахин өрсөлдөх юм билээ. 2012 оны сонгуулиар Хөвсгөлд Л.Энх-Амгалан гишүүнтэй хамт АМГ-ын дарга Д.Батхуяг явах гэж байсан байдаг. Гэвч шүүх цагдаагаар асуудал өрнөөд явчихсан учраас МАН-ынхан хуучин Бүртгэлийн газраар ажиллаж байсан Л.Мөнхбаатарт хүндхэн үүрэг ногдуулсан. Харин сүүлийн мөчид орж ажилласан гэхэд сайн санал авсан ч Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан нарт арай хүрсэнгүй гэж тухайн үедээ бичигдэж байсан санагдана. Ц.Даваасүрэн гишүүний хувьд улс төр дэх попуудын адилаар рейтинг өндөр байгаа. Түүнтэй хамт явж ирсэн бие даагчдын зөвлөлийн С.Ганбаатар ХҮН-д орж, Х.Болорчулуун МАН-тай дотночилж байгаа үед экс МАН-ын гишүүн юу бодож явааг хэн мэдэх билээ. Ямартай ч Хөвсгөлдөө нэр дэвшиж таарна. АН-аас аймгийн намын хорооны дарга Ч.Батцогт (Шонхор фракц), ШУТИС-ийн Эдийн засгийн хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулуун (Нэг ардчилал фракц), “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний гишүүн н.Болдбаатар (МоАХ фракц) өрсөлдөхөөр нэрээ өгсөн байгаа талаар хэвлэлээр бичигдэж байгаа. Өмнө энд өрсөлдөж байсан Ц.Сэдванчиг явахгүй гэж байгаа бололтой. Л.Гүндалай гоё нэртэй нам байгуулаад Эрдэнэтэд өрсөлдөнө гээд тийшээ нүүгээд явчихсан байгаа.

ГОВЬ-АЛТАЙ

МАН-аас Ж.Энхбаяр явна гэж байгаа. Өмнөх сонгуулиар жагсаалтад орсон учраас Ц.Дашдоржтойгоо сэлгэх нь гэж харагдаж байгаа. Бас Говь-Алтайд МХЕГ-ын дарга асан Ш.Раднаасэд дэвшихэд чадамжтай кандидат. Ах нараасаа үл дутах. Гэхдээ мандат нь нэг, Ж.Энхбаяр нутгаасаа өөр газарт гарч чадахгүй гэж айгаад байвал түүнд боломж олдохгүй байж мэдэх. Харин АН-ын хувьд хэн очих нь бас л яригдаж байгаа сэдэв. Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан оны өмнө ажлаа өгсөн нь дэвших нь гэж харагдаж байгаа ч, өмнө нь ч бас ТЕГ-ын даргын албаа ч бас хэл амгүйхэн өгчихөж байсан хүн л дээ. Ер нь АН-аас Говь-Алтайд нэр дэвших хүмүүсээр Б.Ариунсан, ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, Аймгийн засаг дарга Л.Амгаланбаатар нар яригддаг. Гэхдээ гурван ч удаа өрсөлдөж байсан Б.Ариунсан дэвших эсэх талаар одоохондоо ам нээгээгүй байна. АН-ын сайн генсекийн нэг гэгдэж байсан Ц.Оюундарь мэргэжлийнхээ байгууллагад очоод завгүй болсон тул дэвшихгүй байх. Тэрбээр дэвшихээр бол энэ сарын 30-наас өмнө ажлаа өгөх учиртай. Л.Пүрэвсүрэн сайдын хувьд нэлээд хүчтэй өрсөлдөгч гэгдэж байсан ч ирэх долдугаар сард болох “АСЕМ”-ийн хурал түүнд нэр дэвших боломж өгөхгүй байх магадлалтай. Улс орныхоо нэр нүүрийг авч гарах том хэмжээний арга хэмжээг ГХЯ зангидаж байгаа болохоор Л.Пүрэвсүрэн сайд орхиж явж түвдэхгүй байж болох юм. Уг нь Говь-Алтай цэнхэртэж өгдөггүй бас цөөхөн хэдэн гишүүдээсээ уйдаж өгдөггүй газар. Ямар сайндаа сүүлийн хэдэн жил тэнд толгой суусан хоёр гишүүн нь ээлжлээд жагсаалт, тойрог гэж байхав. Гэхдээ сүүлийн үед орон нутгаа АН удирдах болсон зэрэг нь өөр сонголтыг авчирч болох юм.

АН-ЫН ЖАГСААЛТАД ХЭН БАГТАХ БОЛ?

Одоогоор АН-ын жагсаалтад хэн багтах вэ гэдэг нэлээд бүрхэг гэгдэж байна. Мэдээж орох хүсэлтэй хүмүүс маш их байгаа ч жагсаалтын 28 хүн түүнээс УИХ-ын гишүүн болох магадлалтай эхний аравт орох дээр л үзэж тарна гэсэн үг л дээ. АН-ын жагсаалтыг намын дарга З.Энхболд өнгөлж таарна. Түүнийг нэг хэсэг тойрог руу явах нь Дархан, Чингэлтэй, Сүхбаатарыг сонирхож байна гэж дуулдаж, сүүлхнээс Баянгол дүүрэгт С.Эрдэнэтэй хамт явах нь гэцгээж байгаа ч намаа базаж орох биз ээ. Мөн жагсаалтад намын генсек орж таарна. Гэхдээ ерөнхий нарийн бичгийн даргын алба одоогийн үүрэг гүйцэтгэгчээс өөр хүнд очиж мэдэх гэсэн яриа байгаа учраас нэр заахад хэцүү. Өмнөх сонгуульд генсек нь тавдугаарт бичигдэж байсан зарчмаараа явах болов уу.

АН-ынхан жагсаалтаа нэр цэвэр, шууд АН гэж харагдах хүмүүсээр бүрэлдүүлнэ гэж тооцоолж байгаа. Үүгээр Р.Амаржаргал жагсаалт руу орж ирж магад. Бас тэгж яривал түүнтэй хамт нэг тойрогт зүтгэдэг БСШУ-ны сайд Л.Гантөмөр ч байж болно. Тэд МҮДН, Нэг ардчилал фракцуудын толгойд байдаг учраас аль аль нь магадлалтай. Гэхдээ тойргоос суудал авч ирэх хүмүүс бас мөн учраас байдал хэрхэхийг таамаглахад хэцүү юм. Жагсаалт руу орж ирэх магадлалтай хүмүүст Лу.Болд, Ажнай Д.Бат-Эрдэнэ, Бриж Д.Ганхуяг, Г.Батхүү гээд нэрс явж байна. Мөн эмэгтэй нэр дэвшигчид орж ирж таарна. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нэр дэвшихгүй намаа дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн байгаа. Гэхдээ сонгууль дөхөөд ирэхэд намын даалгавар учраас гээд байдал өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Саяхан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдсон С.Одонтуяа гишүүн Баянголдоо өрсөлдөнө, жагсаалтад орохгүй гээд ярилцлагадаа хэлсэн. Уг нь жагсаалтад нэр нь бичигдэх албан тушаал ч өөрөө тойрог руу явна гэж байгаа бол Ерөнхий сайдын Б.Ургамалцэцэгийн нэр зүй ёсоор орж ирэх болов уу. С.Одонтуяатай ана мана өрсөлдөж, ердөө ганцхан хүний саналаар ард үлдсэн нь түүнийг нам дотроо эмэгтэйчүүдийн дэмжлэг маш өндөртэй байгаа, нэр хүнд сайтайг байгааг баталлаа гэж нэлээд бичигдэж байсан. Энэ удаагийн сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна” гэж зааж өгсөн нь өмнөх сонгуулийн 20 хувиас нэмэгдсэн. Энэ заалтаар намын жагсаалтын 28 нэрсийн 9-10 нь, тойргийн 48 мандатын 15-16 нь эмэгтэй нэр дэвшигч байж таараад байгаа юм. Хэдийгээр хүйсийг хэрхэн эрэмбэлэх талаар яригдаж байсан нь уг хуульд тусгагдаагүй ч АН-ынхан өнгөрсөн 2012 оны сонгуульд эхний аравт хоёр эмэгтэй багтааж байсан амжилтаасаа ухрахгүй биз ээ. Зарим эх сурвалжууд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг жагсаалт руу бичигдэж таарна гэж байгаа бол зарим нь өмнө жагсаалтад орсон болохоор энэ удаад тойрогт очиж таарна. Ингэхдээ төрсөн нутаг Дорнод руу явах болов уу гэсэн таамаглал дэвшүүлж байгаа юм.

Гэхдээ орон нутаг дахь мандатын тоо цөөрөх эсэхээс бүх зүйл хамаарч, горилогчид энэ шийдвэрийг харгалзан хаана нэр дэвшихээ шийдэж ядаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

Үргэлжлэл бий.


One reply on “Хэн хаана дэвших вэ? (II)”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *