Categories
мэдээ цаг-үе

Ц.Пүрэвжаргал: Парисаас алтан цом авчирсан үзүүлбэр маань дэлхийн циркчдийн дээд амжилтыг эвдсэн

Франц улсын нийслэл Парис хотноо болсон “Месси” олон улсын циркийн 24 дүгээр наадмаас монгол циркчид алтан цом хүртсэн билээ. Нэр хүндтэй тэмцээний тэргүүн шагнал авсан Монголын үндэсний циркийн харьяа “Puje and guys troupe” хамтлагийн жүжигчид өчигдөр эх орондоо ирсэн юм. Тус хамтлагийн ахлагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Цэсэндагвын Пүрэвжаргалтай уулзаж ярилцлаа.

-Олон улсын циркийн наадмаас алтан цом хүртэн эх орондоо ирсэнд баяр хүргэе. Ямар тэмцээнд оролцоод ирэв?

-Парис хотноо энэ сарын 21-24-ний өдрүүдэд болсон “Massy” олон улсын циркчдийн тэмцээн энэ жил хорин дөрөв дэх удаагаа зохиогдож, Монголын циркчид анх удаагаа очиж амжилттай оролцон алтан цомыг нь авчирсандаа маш их баяртай байна. Манай “Puje and guys troupe” хамтлагийнхан энэ том фестивальд дээсээр наадагчид, шидэлттэй акробат гэсэн хоёр төрлөөр оролцсон. Сая манай хамтлагийнхан хэвтээ дөрвөн үе, босоо таван үеийн үзүүлбэрээрээ дэлхийн дээд амжилтыг эвдээд ирлээ.

-Түрүүнд нь тийм үзүүлбэрийг олон улсын циркчид ерөөсөө хийж байгаагүй гэсэн үг үү?

-Хийж байгаагүй.

-Дэлхийн циркийн байгууллага та нарын энэ амжилтыг бүртгэж аваа байлгүй дээ?

-Энэ фестивалийн хүрээнд 23 жилийн бүх шилдэг үзүүлбэрээр сонин сэтгүүл гаргаж, бичлэгийг нь цомогт бичээд зарж байдаг юм билээ. Бидний уран бүтээлийг ч бас бүртгэж авсан.

-Танай хамтлаг хэдэн гишүүнтэй билээ?

-Манай хамтлаг арваннэгэн гишүүнтэй. Анх 2001 онд байгуулагдаж арвантав дахь жилдээ уран бүтээлээ хийж явна. Бид насны хувьд 17-38 насны улс. Хамтлагийн гишүүн Цогбаярын Баяраа, Ганбатын Энхболд, Чимэдсүхийн Билгүүнхангал, Бямба-Очирын Номин-Эрдэнэ, Ганбатын Мөнхбат, Санжаагийн Ганбат, Шинэбаярын Мягмардорж, Даваасамбуугийн Эрдэнэдагва, Алтанцоожийн Жаргалсайхан нартайгаа гар сэтгэл нийлж ажилладагтаа үнэхээр бахархдаг юм.

-Шидэлттэй акробат ч харахаас л хэцүү төрөл шүү. Хүмүүсээ хэдэн жил бэлтгэх вэ?

-Шидэлттэй акробатыг доод тал нь дөрвөөс таван жил уйгагүй хичээллэж бэлтгэж байж өөрийн гэсэн дөртэй болдог урлаг. Гэмтэл бэртэл авах магадлал өндөр, хурд, биеийн хүч шаардсан төрөл.

-Таны хувьд цирктэй хэдэн насандаа хувь заяагаа холбов?

-Би арвангурван настай, З5 дугаар сургуулийн сурагч байхдаа 1990 онд анх Улсын циркийн алиалагчийн дугуйланд орж, дагалдан жүжигчнээр ажиллаж эхэлсэн хүн. Улсын цирк 2006 онд хувьчлагдаж Монголын үндэсний цирк болсноос хойш одоо хүртэл акробатчинаар ажиллаж байна.

-Цээеэ, Латиф нарын алдартай алиалагчидтай хамтран үзүүлбэр хийж байв уу?

-Цирк гэдэг олон урлагийн нийлэг урлаг. Бидний хувьд акробатаар түлхүү хичээллэж байсан. Гэхдээ Батсүх, Энхээ нарын алдартай алиалагч нартай бүгдтэй нь үзүүлбэрт хамт гарч байсан. Миний хувьд жонглёр, дээсээр наадагч, шидэх банзнаас үсрэгч, акробат, агаарын үзүүлбэрүүд үзүүлдэг байсан. Одоо бол шавь нартайгаа хамтран тоглож, бас мэддэг чаддаг бүхнээ хүүхэд залуустаа зааж өгөөд явж байна.

-Танай хамтлаг олон улсын тэмцээнд хэдэн удаа оролцож байв?

-Байгуулагдсанаасаа хойш олон улсын тэмцээнд оролцох урилга, гэрээ хэлцэл олонтаа ирж байсан боловч яагаад ч юм бэ, хамтлагийн гишүүдийн хэн нэгнийх нь гар хугарах ч юм уу, хөлдөө бэртэл авах зэргээр бэрхшээл гарч оролцож чаддаггүй байсан. 2012 онд Монголын циркчдийн их наадамд бид дээсээр наадагч үзүүлбэрээрээ тэргүүн байр эзэлж байсан.

-Шүүгчид хаанахын хүмүүс байв?

-Францын хоёр иргэн, Герман, Испанийн нэг нэг шүүгч, Монголын циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ нарын таван хүний бүрэлдэхүүнтэй байсан.

-Аливаа нэг тэмцээнд шүүгчид гол нөлөөтэй байдаг. Эрдэнэ шүүгчийн лообий ороо болов уу?

-Тийм юм байхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл олон улсын тэр нэр хүндтэй тэмцээнд муу үзүүлбэр толилуулбал өөрсдөө онигоо болно биз дээ. Дээр нь улс орныхоо нэр хүндийг баллана.

-Алтан цомыг мөнгөн шагнал дагалдах юм уу?

-Ямар ч мөнгө төгрөг дагалддаггүй цэвэр нэр төрийн шагнал юм билээ. Цирк чинь өөрөө эрсдэлтэй эр зоригийн урлаг болохоор авьяас чадвараа л үнэлүүлж байвал сэтгэл ханахаас мөнгө төгрөгийн төлөө үхэлдээд байх нь сонин биш гэж боддог доо.

-Хэн нэг нь асуудалтай байсан ч тоглолтоо үргэлжлүүлж болдоггүй юм уу?

-Түрүүн би хэлсэн дээ. Акробат гэдэг дөрөв, таван жил уйгагүй хичээллэж байж зүгширдэг төрөл гэж. Дээр нь бэртэл гэмтэл авах маш их эрсдэлтэй. Үзэгчдийн нүдний өмнө инээмсэглээд юу ч болоогүй юм шиг царайлдгаас биш сэтгэл зүйн хувьд ч бас л их тэсвэр тэвчээр шаарддаг төрөл л дөө. Бүжгийн хамтлаг байлаа гэхэд аль нэг гишүүн нь оролцохгүй байлаа ч хөдөлгөөний эвслээ тааруулаад тайзнаа үзүүлбэрээ үргэлжлүүлээд явчихаж болдог. Харин бидний хэн нэг нь л байхгүй бол хүн дутаад үзүүлбэрээ зогсоохоос аргагүйд хүрдэг.

-Саяын тэмцээнд хэдэн орны жүжигчид оролцов?

-Арван хоёр орны дал наяад жүжигчин циркийн бүхий л төрлөөр оролцсон. Акробатын төрлөөр Хойд Солонгос, Швейцарь, Испани, манай хамтлаг өрсөлдсөн.

-Өмнө нь гадаадын улс орнуудад тоглолтоо толилуулж байв уу?

-Олон улсын тэмцээнд оролцохоос өмнө Германы их нэр хүндтэй “Fliv flac” циркийн урилгаар тоглолттой байж байгаад эх орондоо ирж, визээ даруулж аваад буцаж Франц руу ниссэн. Энэ циркт “Монте Карло” зэрэг олон улсын циркийн нэр хүндтэй наадмын шагналтнууд урилгаар очиж үзүүлбэрээ толилуулдаг юм билээ. Бидний хувьд үндсэндээ арвандөрөвхөн хоног бэлтгэл хийгээд тэмцээнд оролцсон.

-Ойрын үед гадаадад тоглолттой юу?

-Гадаадын хэд хэдэн циркээс гэрээ хийх санал ирсэн. Бид энэ оны дөрөвдүгээр сард Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад болох “Хаврын баяр” олон улсын урлагийн их наадамд оролцох учраас гэрээний саналуудыг одоогоор хүлээж аваагүй.

-Та гэр бүлээ танилцуулаач!

-Гэргийг маань Л.Ариунцэцэг гэдэг. Бас л циркчин, агаарын гимнастикч, соёлын тэргүүний ажилтан цолтой жүжигчин хүн байна. Ууган хүү Эрдэнэсайхан маань 16-тай. Урлагийн гэр бүлд өссөн болохоор ч тэр юм уу морин хуураар хичээллэж байгаа. Дунд охин Энхжин естэй. Бага нь ойтой Энх-Амар гэж энэ нөхөр байна даа.

-Мэргэжлийн циркчний хувьд гадныхнаас анзаарсан сонин сайхан зүйл их байгаа байлгүй?

-Энэ тэмцээнд улс улсын чансаа сайтай хамтлаг жүжигчид оролцдог юм байна. Олон улсын циркчдийн сүүлийн үеийн хандлагыг ажихад өөрсдөө амьд хөгжимтэй дуулж бүжиглээ л, агаарын хүнд бэрх үзүүлбэрүүдээ толилуулаад, бүхий л авьяас чадвараа шавхаж харуулдаг болчихсон юм байна. Яагаад ийм мундаг байна гээд анзаараад үзэхээр шинэ номерыг санаачилдаг найруулагч, дууны найруулгыг хийдэг өндөр чадвартай хөгжмийн мэргэжилтэн, хувцасны загвар хариуцдаг тусдаа баг байна. Тэгэхэд манай циркчдийн хувьд зөвхөн бор зүрхээрээ номерын ахлагч л бүхнийг хариуцан өөрөө найруулагч, жүжигчин, менежер болж байна шүү дээ.

-“Massy”-гийн тэмцээн ямар зэрэглэлд ордог тэмцээн бол?

-“Монте Карло” бол циркчдийн А зэрэглэлийн тэмцээн шүү дээ. Энэ фестиваль Францад “Монте Карло”-гийн тэмцээний дараа ордог нэр хүндтэй тэмцээн юм билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *