УИХ-ын намрын ээлжит чуулган энэ долоо хоногт хаалтаа хийнэ. Харин чуулганаар хэлэлцэх ёстой 39 асуудал байгаа ажээ. Тиймээс эдгээр хуулийн төслүүдээ хэлэлцэж дуусгахын тулд цагаан сарын дараа ээлжит бус чуулганыг хуралдуулна гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр АН-ын бүлгийн хуралдаанд оролцохдоо хэлсэн байна.
АН-ын бүлэг ч УИХ-ын даргын энэ саналыг дэмжиж байгаа аж. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш Засгийн газартай холбоотой асуудлууд нилээд яригдсан, хурлууд дээр завсарлага авснаас болоод хэлэлцэх ёстой олон асуудал сунжирсан. Намрын чуулганы ээлжит хугацаа дуусах хүртэл 39 асуудал хэлэлцэх ёстой. Гэхдээ нам эвслийн бүлгүүд одоо хэлэлцэх асуудлууд дээр ямар нэг саад үүсгэхгүй бол энэ долоо хоногт дээрх 39 хуулийн төслийг хэлэлцэх боломжтой. Хэлэлцэж амжихгүй бол ээлжит бус чуулган зарлаж, ажлаа дуусгах хэрэгтэй гэдгийг УИХ-ын дарга хэлсэн” гэсэн юм.