“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын их наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж буй талаар НЗДТГ-аас мэдээлэл хийлээ.
Зуун жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагт 2015 оны наймдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Хүрээ цам- Даншиг наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн. Харин энэ жил “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт энэ жил олон шинэ арга хэмжээнүүд 3.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний 500 сая орчим төгрөгийг Даншиг наадам зарцуулахаар болжээ.
НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “Өнгөрсөн жилийн ажлын үр дүнгээс харахад энэ ажлын талаар мэдээлэл, сурталчилгааг маш эрт эхлүүлэх шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс өнөөдөр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг арга хэмжээнүүдийн оргил нь болох Даншиг наадмын талаар мэдээлэл өгч байна. Эрт мэдээлэл өгснөөр хүмүүст зуны амралтаа төлөвлөх, гадна дотны найз нөхдөө Улаанбаатарт урих боломжоор хангаж байгаа юм” гэв.
Наадмын үеэр Чингисийн талбайд 500 лам сүсэгтэн олонд зориулан ном хурахаас гадна анх удаа 300 гаруй уран нугараач оролцсон “Уул усны домог” уран нугаралтын фестивалийг задгай талбайд толилуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн “Эвлэх уянга буюу ер бусын эрчим” этник мюзиклийг Чингисийн талбайд тоглох юм байна. Мөн Хүрээ жахар цам, хүчит бөхийн барилдаан, аялал жуулчлалын үзэсгэлэн, хурдан морьдын уралдаан, Өндөр гэгээн болоод соёмбот туг залах ёслол, лам нарын тэмцээн гээд уламжлал соёлоо хадгалсан олон сонирхолтой арга хэмжээнүүд болох юм.
Даншиг наадмын бөхийн барилдааныг төрийн наадмын цол, зэргийг харгалзахгүйгээр даваа бүрд барилдах бөхчүүдийг сугалаа сугалуулж, оноолтоор барилдуулах аж. Өнгөрсөн жилийн Даншиг наадмаар барилдаж цол авсан бөхчүүд эхэлж учраа бөхөө сугалах ба барилдаж цол авсан бөхчүүдийг 15-60 сая хүртэл төгрөгөөр шагнах юм байна.
Шагналын сан:
Начин-15 сая,
Чимэгтэй начин-20 сая,
Заан -25 сая,
Чимэгтэй заан-30 сая,
Арслан -50 сая төгрөгөөр шагнаж, өнгөрсөн жилийн даншигт түрүүлж арслан цол авсан бөх энэ жил дахин түрүүлбэл аварга цол, 60 сая төгрөгөөр шагнана.