Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Шийлэгдамба намын санхүүжилт болгож 120 мянган ам.доллар Н.Энхбаярт өгөх гэж байжээ

-Г.ШИЙЛЭГДАМБА ИЛ ЗАХИДАЛ БИЧИЖ, Н.ЭНХБАЯР ЕРӨНХИЙ САЙДТАЙ УУЛЗАВ-

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа ажлын өрөөндөө 500 сая төгрөгийн авлига авах гэж байхад нь баривчиллаа хэмээн хэвлэлээр шуугиж байсан. Түүнийг батлан даалтад гарсны дараа эрүүгийн хэрэг үүсгэсэн талаарх мэдээлэл гараад байсан ч тэрбээр ямар нэгэн тайлбар хийгээгүй байсан юм. Тэгвэл энэ сарын 28-ны өдөр буюу өнгөрөгч пүрэв гаригт “Олон нийтэд хүргэх ил захидал” бичжээ.

Тэрбээр уг захидалдаа “Миний бие өмнө нь олон нийтэд хүрсэн ташаа мэдээлэлтэй холбогдуулан доорхи бодит үнэнийг хүргэж байна. Үүнд:

Миний зүгээс Монгол Ерөнхий сайдад хаягласан 2015.11.05-ны өдрийн ЭМСЯ-ны сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг өөрийн хүсэл эрмэлзлээр гаргаагүй бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатарын тавьж байсан шаардлагын дагуу зориуд бичигдэн бэлтгэгдэж ирсэн бланкан дээр гарын үсэг зурахдаа утга агуулгыг нь ухаж ойлгох хугацаа байгаагүйн улмаас холбогдох мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж зээлсэн тухай дурдагдсаныг анзаараагүй юм.

Чухам бодит байдал дээр юу болсон тухай дурдвал холбогдох мөнгийг авсан шалтгаан нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, нөлөө үзүүлэх замаар тодорхой компани, аж ахуйн нэгжтэй хийсэн тохиролцооны үүднээс авлигалын сэдлээр хийгдсэн үйлдэл биш юм. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын намын санхүүжилт төвлөрүүлэх тухай шаардсан тулгалтаас шалтгаалж өөрийн сайн танил болох даваасүрэнгээс дэмжлэг хүсэж байсан хувийн гуйлтаас үүдэлтэй мөнгө байсан юм. энэ байдлыг ч тухайн үед уулзсан уулзалтуудад О.Даваасүрэнд дуулгаж байсан болно.

Миний бие иргэн Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 мянган ам.долларыг 2015.11.4-ний өдрийн өглөө Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМСЯ-ны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 мянган ам.долларыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан юм. Эцэст нь уг асуудал шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад журмын зарим нөхөд маань бодит үнэнийг илт гуйвуулан ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна” хэмээн бичжээ.

Баасан гаригийн үдээс хойш Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Уг хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн нь тодорхойгүй байгаа ч Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд спортын сайд болгож, Шадар сайдаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилох асуудлыг хэлэлцсэн байх гэсэн яриа байсан юм. Засгийн газрын ээлжит бус хуралдаан дөнгөж өндөрлөсний дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд Ц.Оюунбаатарын хамтаар сайдын өрөөг зүглэн Ерөнхий сайдын өрөөнд 20 гаруй минут болоод гарсан. Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр “Шударга ёс” эвсэл түүнийг хамгаалж үлдсэн тул үүний барьцаа болгож Шадар сайд болохоор Засгийн газрын тэргүүнтэй уулзсан байх магадлалтай юм.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *