Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон байна.
Уг төсөлтэй холбоотойгоор гаргасан Ардчилсан намын бүлгийн гишүүдийн саналууд олонхийн дэмжлэг хүлээж чадаагүй байна. Тодруулбал, Дорнод, Хэнтий, Завхан, Увс аймгийн мандатын тоог тус бүр нэгээр бууруулах санал олонхийн дэмжлэг хүлээсэнгүй, унажээ. Мөн нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн мандатыг нэгээр нэмэгдүүлэх санал дэмжлэг аваагүй байна.
Дээрх хуралдаанаар сонгуулийн санал авах өдрийн товыг тогтоож “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 29-ний өдрөөр тогтоох тухай Сонгуулийн ерөнхий хорооноос /СЕХ/ тусган оруулж ирсэн. Мөн гадаадад буй сонгуулийн эрх бүхий иргэдийн УИХ-ын ээлжит сонгуулийн саналыг 6 дугаар сарын 17, 18, 19-ний өдөр авах тухай тусгасан. Гишүүд хэлэлцээд сонгуулийн санал авах өдрийг СЕХ-ны саналаар тогтоохоор дэмжжээ.