Оюутны тэтгэлгийн 70 мянган төгрөгөө хүлээж буй цөөнгүй оюутнууд бий. Сургалтын төрийн сангаас 2015-2016 оны хичээлийн жилийн 9-12 дугаар сарын үндэсний тэтгэлгийн судалгааг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-нд хийж дуусгасан байна. Ингээд Сангийн яаманд бүх холбогдох материал албан бичгээ хүргүүлжээ.
Харин одоо Сангийн яамны санхүүжилтийг хүлээж байгаа бөгөөд санхүүжилт хийгдсэн өдөртөө арилжааны банкууд руу шилжүүлж олголт хийгдэх юм байна. Тиймээс Сангийн яамнаас хэзээ санхүүжилт хийхийг хүлээх хэрэгтэй гэдгийг хариуцсан албан тушаалтнууд хэллээ.
9-12 дугаар сарын үндэсний тэтгэлгийн болзлыг нийт 52 мянга гаруй оюутан хангасан бөгөөд үүнд нийт 16 тэрбум төгрөг зарцуулагдах аж.