УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 77.3 хувь нь дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэв. Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг баталсан. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийг сонгуулийн хуульд нийцүүлж зохицуулалт хийхээр төслийг өргөн барьсан аж.
Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгсөн байх.
Төрийн жинхэнэ албан хаагч сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх.
Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө чөлөөлөгдсөн байхаар тус тус тусгасан байна.