Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн зах зээлд тогооч хамгийн эрэлттэй байна

Манай улсын хөдөлмөрийн зах зээлд тогооч хамгийн эрэлттэй байгаа аж. Энэ нь сүүлийн жилүүдэд Монгол Улсад бүтээн байгуулалтын ажил өрнөж буйтай холбоотойг мэргэжилтнүүд онцлов. Тогоочоос гадна гагнуурчин, барилгын засал чимэглэлчин, өрлөгчин, сантехникч, зам гүүрийн туслах ажилтан гэсэн ажлын байрны захиалга улсын хэмжээнд хөдөлмөр зуучлалын байгууллагуудад хамгийн их ирж байгаа гэнэ. Харин хуульч эрхзүйч, нягтлан бодогч, эдийн засагч гэх мэт мэргэжилтэй хүмүүс ажил хайж хөдөлмөр зуучлалын байгууллагуудад олноор хандаж байгаа ч ажлын байрны захиалга төдийлөн ирдэггүй юм байна. Энэ нь эдгээр мэргэжил хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй байгаатай холбоотой аж.

АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА БУУРЧЭЭ

2015 оны жилийн эцсийн байдлаар 78 мянга орчим ажлын байрны захиалга улсын хэмжээнд хөдөлмөр зуучлалын байгууллагуудад иржээ. Энэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 32 хувиар багассан үзүүлэлт юм. Товчоор хэлбэл 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэс, хувийн хөдөлмөрийн биржүүдэд ирүүлсэн ажлын байрны захиалгын тоо 36 мянга гаруйгаар буурсан байна. Ажлын байрны захиалгын ихэнх нь барилга, үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбараас ирсэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа, мэдээллийн үндэсний төвөөс мэдээлснээр 2015 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 47618 ажил хайгч иргэн идэвхтэй байна. Үүний 32788 нь бүртгэлтэй ажилгүй иргэд ажээ. Өөрөөр хэлбэл 32788 хөдөлмөрийн насны иргэн ажил хийхэд бэлэн байгаагаа хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн гэсэн үг. Харин ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох зорилгоор бүртгүүлсэн 14830 иргэн байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 65 хувь нь сургууль төгсөөд ажилгүй байгаа, шилжин суурьшсан болон орон тооны цомхотголд орсны улмаас хөдөлмөр зуучлалын байгууллагад ханджээ.

БҮРТГҮҮЛЭГСДИЙН 81 ХУВЬ НЬ БАЙНГЫН АЖИЛТАЙ БОЛСОН БАЙНА

Улсын хэмжээнд 2015 оны эцэс гэхэд ажилд зуучлуулж орсон 49739 хүний 81 хувь нь байнгын ажлын байртай болжээ. Найман хувь нь улирлын, 11 хувь нь түр болон цагийн ажилд зуучлуулсан байна. Иргэдийг олноор цагийн ажилд зуучилдаг “Их хэнгэрэг” ХХК-ийн хөдөлмөр зуучлалын төвөөр ороход ажлын байрны захиалга одоогоор алга байна гэлээ. Тус төв 100 айлын барилгын зах, төвүүдэд шаардлагатай цагийн ажилд зуучилдаг байна. Барилгын салбарын үйл ажиллагаа 11 дүгээр сарын сүүлчээс хоёрдугаар сарын сүүлч хүртэл зогсдогтой холбоотойгоор хөдөлмөр зуучлалын ажил амсхийдэг аж. Барилгын ажил өрнөх үед тус төв өдөрт 15-20 хүнийг ажлаар хангадаг байна. Тэднийд барилгын туслах ажилтны захиалга ихэнхдээ ирдэг гэнэ. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор ажил олгогчид өдрийн ажилтнууддаа өгдөг мөнгөө багасгаж, барилгын туслах ажилтны өдрийн цалин 2015 онд 30 мянган төгрөг болжээ. Үүнээс өмнө 35000-40000төгрөгийн ханштай байжээ.

Цагийн болон өдрийн ажилд зуучилдаг төвүүдээр ихэнхдээ оюутнууд үйлчлүүлдэг байна. Оюутнууд ялангуяа амралтын өдрүүдэд ажиллахыг илүүд үздэг аж. Мөн ажиллаж байсан газар нь түр зогсолт хийсэн юм уу, цалингаа тавихгүй байгаа зэрэг шалтгаанаар цөөнгүй хүн түр ажлын байрыг сонирхдог гэнэ.

БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН ИХЭНХ НЬ ЗАЛУУС

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн ихэнхийг залуус эзэлдэг аж. Тухайлбал 2015 оны эцсийн байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн 65 хувь нь 15-34 насныхан байна. Тэдний 76 хувь нь бакалаврын болон дипломын юм уу бүрэн дунд боловсролтой юм байна.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн мэдээлснээр энэ насныхан нийгмийн оролцоо сайтай, идэвхтэй байдгаас хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудад олноор ханддаг ажээ. Гэвч тэдний ажилд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа нь юуны өмнө ажил хайгчаас шалтгаалдаг гэнэ. Тодруулбал, тухайн ажлын байранд залуусын мэргэжил тохирдоггүй, ачаалал даах чадвар муутай, эсвэл цалин хөлсөө голдгоос залуус ажилгүй байх нь элбэг гэв. Нөгөөтэйгүүр ажил олгогчид сургуулиа дөнгөж төгссөн залууст ажлын туршлагатай байх шаардлага тавьж ажилд авдаггүй тал бий гэлээ.

О.Нямсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *