Categories
мэдээ нийгэм

Зээлийн маргаан өсчээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр болсон юм. Хурлын үеэр өнгөрсөн онд шүүхээр шийдэгдсэн хэргүүдийн тухай мэдээллийг хүргэсэн юм.

2015 онд иргэний хэргийн шугамаар 56 мянга гаруй нэхэмжлэл гомдол шүүх байгууллагад иржээ. Эдгээрийн 40 мянга гаруйг нь шийдвэрлэсэн байна. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралтай холбоотойгоор иргэдийн дунд зээлийн гэрээтэй холбоотой маргаан нэмэгдэх хандлагатай болжээ. Нийт маргааны дийлэнх хувийг зээлийн гэрээ, банкны зээлийн үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэл эзлэх болсон байна. Тухайлбал, зээлийн гэрээний маргаан хоёр дахин өссөн бол банкны зээлтэй холбоотой маргаан 60 орчим хувиар өсжээ.

ХУЛГАЙЛАХ, ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ ӨСӨВ

Бусдын эд хөрөнгийг хулгайлах, залилах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх олж авах, хадгалах, борлуулах, тээвэрлэх, илгээх, борлуулах хэрэг өсчээ.

Шийдвэрлэсэн гэмт хэрэг дотроос хүнийг санаатай алах гэмт хэрэг 186 байгаа нь өмнөх оноос 13 хэргээр буюу 6.5 хувиар, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах хэрэг 303 байгаа нь 17 хэргээр буюу 5.3 хувиар, танхайрах гэмт хэрэг 623 байгаа нь 15 хэргээр буюу 2.4 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлөгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 750 хэрэг гарсан нь 44 хэргээр буюу 5.5 хувиар өнгөрсөн оноос тус тус буурсан дүн юм.

Харин бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 1418 байгаа нь өнгөрсөн оноос 82 хэргээр буюу 6.1 хувиар, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг 209 байгаа нь өнгөрсөн оноос 26 хэргээр буюу 14.2 хувиар, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 42 гарсан нь өнгөрсөн оноос 9 хэргээр буюу 27.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм. Бусдын эд хөрөнгийг хулгайлах, танхайрах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн нийт эрүүгийн хэргийн 41.3 хувийг эзэлж байна.

МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ ӨСЧЭЭ

Өнгөрсөн онд ШШГЕГ 11 603 хүнд холбогдох 7998 эрүүгийн хэргийг хүлээн авсан байна. Өнгөрсөн оны хувьд “Өршөөлийн тухай хууль”-ийг хэрэгжүүлсэн. Тэгвэл “Өршөөлийн тухай хууль”-ийг хэрэгжүүлсэн ч зарим эрүүгийн хэргийн үзүүлэлт өсөлттэй гарсан дүн мэдээ байна. Ялангуяа мансууруулах бодистой холбоотой эрүүгийн хэрэг хамгийн өндөр буюу 27 хувиар өссөн таагүй үзүүлэлт гарчээ. Тухайлбал, мансууруулах бодистой холбоотойгоор 2014 онд 33 хэрэг, 2015 онд 42 хэрэг бүртгэгдэж 27 хувиар өссөн байна. Харин ял шийтгүүлэгчдийн тоо 2014 онд 54, харин 2015 онд 76-д хүрч нэмэгджээ. Ийнхүү мансууруулах бодистой холбоотой хэрэг өсч буй нь энэ чиглэлд төрийн бодлогыг чиглүүлэх шаардлага тулгарсныг харуулж буй хэрэг аж.

2015 оны байдлаар гэмт хэргийн улмаас улсад 60 тэрбум орчим төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирчээ. Харин гэмт хэргийн улмаас 500 гаруй хүний амь хохирч, 3000 гаруй хүн хүнд, хөнгөн гэмтэл авсан байна.

Өнгөрсөн оны хувьд 14-15 насныхан ял шийтгэл эдлэх нь буурсан үзүүлэлт гарчээ. Тухайлбал, 2014 онд 14-15 насны 134 иргэн ял шийтгүүлсэн бол 2015 онд 110 болсон байна. Ял шийтгүүлэгчдийн дийлэнх нь 18-29 насны иргэн байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *