Categories
мэдээ нийгэм

Тахарын албыг шүүхийн шийдвэрт шилжүүлэх хуулийн төслийг өргөн барина

Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр Тахарын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа. Удахгүй Д.Дорлигжав сайд УИХ-д Тахарын албаны тухай болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг өргөн барих юм. Энэхүү хуулийн төсөлд одоогийн Тахарын ерөнхий газрын бүтцэд өөрчлөлт оруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын дэргэд Тахарын алба болгож, гэрч хохирогчийг хамгаалах ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар тусгажээ. Мөн Тахарын ерөнхий газрын одоогийн байраа суллаж, хуучин Архивын барилгыг засч, тохижуулан нүүж орох шаардлагатайг салбарын сайд нь онцлон ярьсан юм.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Тахарын албаны арван тойрог, 22 хэсгийн 550 гаруй алба хаагчид шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласан байна. 2015 оны эцсээр Тахарын алба нийт 59 мянга 779 шүүх хуралдаан хуралдсанаас 37 мянга 546 шүүх хуралдааны журам сахиулан улсын хэмжээнд 44 шүүхийн байрны аюулгүй байдлыг хоногийн 24 цагийн туршид хамгаалан ажиллаж байгаа юм. Яллагдагч, ялтныг хуяглан хүргэх чиг үүргийн хүрээнд Стандарт хэмжил зүйн газраар баталгаажуулсан тусгай тоноглосон тээврийн хэрэгслээр 11 мянга 765 яллагдагч, ялтныг хуяглан хүргэх ажиллагааг хэрэгжүүлэн, 1697 шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийн дагуу шүүх хуралдааны оролцогчдыг албадан ирүүлэх ажиллагааг 2015 онд гүйцэтгэжээ.

Түүнчлэн иргэний хэргийн хариуцагчийг эрэн сурвалжлах чиглэлээр нийт 3561 шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу иргэний хэргийн хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж 2225 шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг биелүүлснээр хуралдаан хойшлох асуудал буурч, хэргийг цаг алдалгүй шийдвэрлэн шүүн таслах ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдсан эерэг мэдээлэл байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 346 дугаар тогтоолоор батлагдсан “Гэрч хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд улсын хэмжээнд 73 өргөдөл хүсэлт хүлээн авч, 85 гэрч, хохирогч, шүүгч, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах ажлыг Тахарын албан гардан зохион байгуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *