Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч эх орондоо ирэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн холбооны улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлж, энэ удаагийн чуулга уулзалтаар “Үйлдвэржилтийн дөрөв дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд салбар хуралдаанууд болсон юм.

Энэ удаагийн чуулга уулзалтаар эрүүл мэнд, санхүү, боловсролын салбарыг хэрхэн өөрчлөх, уур амьсгалын өөрчлөлт, бүх нийтийн эрүүл мэндийн асуудлуудыг шийдвэрлэхэд технологийн хөгжил дэвшил хэрхэн нөлөөлөх, тулгарч буй асуудал, сорилтууд урьд өмнөхөөс илүү ээдрээтэй, хурдацтай, харилцан хамааралтай болсон үед оновчтой зөв шийдвэр гаргах чадамжтай Төрийн байгууллагын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн билээ.

Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, тавьж буй хөгжлийн зорилтоо танилцуулах зорилгоор нэгдүгээр сарын 22-нд “Монголын үдэш” арга хэмжээг зохион байгуулсан юм.

Чуулга уулзалтад Монгол Улс өндөр дээд түвшинд оролцох нь улс орноо сурталчлах, олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэгт ач холбогдолтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *