“Юнивишн” компанийн хоёрдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэх гэж буй шинэ үйлчилгээ журмын талаар болон SPS, төлбөртэй спорт сувгийн үйлчилгээний талаар сэтгүүлч Э.Амарсайхан хуульч О.Батхүү, хөлбөмбөг спорт сонирхогч иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийв. Тус компани хоёрдугаар сарын нэгнээс эхлэн иргэдийн интернет хэрэглээг хязгаарлах болсноо мэдэгдсэн. Үүнд нь хэрэглэгчид ихээхэн бухимдалтай байгаа билээ.
Хуульч О.Батхүү хэлэхдээ “Хэрэглэгчид энэ компаниас гэрээнээс гадуур зүйл ерөөсөө хүсээгүй. Гэрээгээр заасан үүргээ биелүүлээч, гэрээгээ мөрдөөч л гэж хүсэж байна. Мөн Юнивишн компанийн хэрэглэгчидтэйгээ хийдэг гэрээг харахад маш их асуудалтай байна. Тус компанийн хувьд гэрээндээ давуу эрх эдэлж байна. Хэрэглэгчдээс ямар ч хамааралгүйгээр гэрээндээ өөрчлөлт оруулж болохоор тийм гэрээ байна. Хэрэв энэ гэрээг шүүх дээр бариад очвол асуудал үүснэ” гэлээ. Мөн эдгээр асуудлаа шийдэхгүй бол Юнивишн компанийг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдэв.
Хэвлэлийн хурал хийгчид Юнивишний асуудлаар Харилцаа холбооны зохицуулах газарт хандсан ч “Манайд хамааралгүй” гэх хариултыг өгчээ. Иймд ШӨХТГ-т хандсан байна. Тухайн үед тус газрын даргаар Т.Аюурсайхан ажиллаж байсан бөгөөд эл асуудлыг нааштайгаар хүлээн авчээ. Харин дараа нь ШӨХТГ-ын дарга солигдсоноор эл асуудал таг болсон гэнэ. Иймээс тэд ШӨХТГ-ын одоогийн дарга Д.Мөнхтөрийг дээрх асуудалд анхаарлаа хандуулж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахыг хүслээ.