Categories
мэдээ цаг-үе

Өв соёлоо дээдлэгч бизнесмэн

Халхын умард замын дундад хошууны нэгэн ноён Богдод хандан нутгийн нэгэн нэртэй отчийг урамшуулан шагнаж, цол хэргэм хайрлахыг хүсчээ. Түүнийг нь ёсоор болгож хариуд нь отчийг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл болгон Найман Манал бурхан өргөмжлөлийн хамт илгээсэн байна. Богдоос ирүүлсэн бурхан болон дархан оточ өргөмжлөлийг нь баталгаажуулсан захидлыг нутгийн хошуу ноён оточ маарамбад хүргүүлсэн түүхтэй. Эдгээр нь өнөөдөр Монголын урлагийн музейн үнэт үзмэрүүдийн нэг юм. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө түүнийг “Модун” группийн ерөнхийлөгч Д.Батбаяр нэртэй маарамбын хойч удмаас худалдан авчээ. Шар торгон дээр хар бэхээр “Найралт төвийн наймдугаар оны намрын тэргүүн сарын шинийн долоон” хэмээн бичсэн нь 1730 оны наймдугаар сарын 7-ны өдөр аж. Түүнийг Халхын умард замын дундад зүүн этгээдийн хошуу захирагчийн тамгатай бичгийг түүхчдээр уншуулан нягтлуулж суухад нь очиж таарсан юм. Хуучин монгол бичигт тайлагдсан хэд хэдэн хүнээр уншуулан орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлэн бичүүлж авснаа залуу докторуудаар дахин хянуулж буй ажээ. Утга санааны хувьд эргэлзээ төрүүлсэн үгүүд, чухам аль хошууны ноён бичсэн эсэхийг ийнхүү мэргэжлийн эрдэмтдээр тайлуулсан нь энэ. Манай томоохон бизнес эрхлэгчид бүгд л зах зээлд шилжсэн 1990-ээд оны үед ганзагын наймаанаас гараагаа эхэлсэн Д.Батбаяр Монголын радиод редактороор ажиллаж байгаад 1992 онд наймаа хийж амьжиргаагаа дээшлүүлэхээр ажлаасаа гарсан гэнэ.

Анх 500 мянган төгрөгийн зээл банкнаас авч бизнесээ эхэлсэн бөгөөд Бээжингээс бараа дарж Орост аваачиж зарахаар явсан боловч Эрхүүгээс буцсан байна. Шантарсандаа ч биш ганзагын наймаа өөрт нь тохирохгүй гэдгийг мэдэрсэн гэнэ. Түүнээс хойш бараа солилцоо болон мөнгөөр авсан тарваганы арьсаа өөрөө элдэж зарахаас эхлээд янз бүрийн наймаа хийжээ. 1995 оны үед Өмнөд Солонгосоос “Аксент”, “Соната”, “Спортейж” маркийн шинэ машинууд анх оруулж ирж байсан үеэ дурсан ярив. Улаанбаатараас Сөүл хот руу долоо хоногт ердөө нэг л удаа МИАТ-ийн онгоц ниснэ. Өнөөдрийнх шиг олон улсын банк хоорондын харилцаа хөгжөөгүй, онлайнаар мөнгө шилжүүлдэггүй, зээлийн карт хэрэглээнд нэвтрээгүй байсан үе. Машин авах 200000-300000 ам.доллараа цүнхлээд явна. Хүмүүс ихэвчлэн хуучин машин оруулж ирнэ. Худалдан авагчдын шаардлага өөр болсныг эрт анзааран шинэ машин авснаа цуг явсан хүмүүстээ ярьжээ. Тэгэхэд бүгд л түүний тэнэгийг гайхсан гэнэ. Харин Улаанбаатарт ирэхэд түүний машинууд хамгийн түрүүнд борлогдож, харин хуучин машин зарагдахгүй нэлээд уджээ. Цуг явсан нөхөд нь түүнийг сайн зөвлөж хэлсэнгүй хэмээн гомдоллож байсан удаатай гэнэ.

“Исимусс”, “Харли Дэвидсон” “Riley” нэртэй шөнийн клубууд Улаанбаатарт моодонд орж байсан үе бий. Батбаяр “Исимусс”-ээ Төв номын сангийн үүдэнд байсан Сталины хөшөөгөөр чимжээ. Тухайн үед Сталины хөшөөг буулгаж, хааш нь аваачихаа мэдэхгүй байхад нэг бизнесмэн авсан талаар яриа сонстож байсан. Харин тэр нь “Модун”-ы Д.Батбаяр байв. Тэрээр Улсын төв номын сантай, баримлыг арван жил түрээслэх гэрээ хийсэн гэнэ. Тэр үед мөн “Riley” хэмээх дээд зэрэглэлийн биллиард клуб байгуулж залуучууд, бизнес эрхлэгчдийн цуглардаг газар болсон.

Д.Батбаяр Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, ээжээсээ арван нэгүүлээ, айлын гурав дахь хүүхэд. 80 гарсан ээж нь одоо ч нутагтаа амьдардаг, 4000 гаруй малтай. Ойрд нутагтаа, ээж дээрээ очсон уу хэмээн сонирхоход Дундговь аймагт сүүлийн жилүүдэд ган болсон тул манайхан аймаг дамнан байнга оторт явдаг болсон. Тэднийг олоход хэцүү гэв. Ээж нь 1989 онд аймгийн аварга саальчин болж байсан бол 2005, 2010 онуудад хоёр дүү нь аймгийн аварга малчнаар шалгарчээ. Таван дүү нь нутагтаа мянгат малчин.

Д.Батбаяр “Модун” группийг 90-ээд оны үед байгуулж, 1998 оноос барилгын салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Харин сүүлийн жилүүдэд улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэн нь бизнес эрхлэгчдийг хүнд байдалд оруулж байгааг ярив. Гэхдээ энэ нь мөнхөд үргэлжлэхгүй, эдийн засгийн байдал сайжрах нь гарцаагүй гэнэ.

Тэрээр утга зохиол, урлаг, тэр дундаа уран зураг, эртний үнэт эдлэлийг олон жилийн өмнөөс сонирхсон. 2009 оноос эхлэн уран зураг цуглуулах болсноо нэлээд хожуу эхэлсэн хэмээн тодорхойлов. Түүний цуглуулгад Монголын орчин үеийн зураачдын нэлээд бүтээл байдаг. Олон жилийн туршид цуглуулсан уран зураг, эртний ховор эд зүйлс, урлагийн бүтээлүүдээрээ Монголын урлагийн музейг байгуулж өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр нээлтээ хийжээ. МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав ёслолын ажиллагаанд оролцож үг хэлэхдээ “Батбаяр бол ер нь их сонин хүн. 2008 оны эдийн засгийн хямралын үеэр “Mongolians” зоогийн газраа нээж байсан. Харин энэ удаагийн хямралаар “Монголын урлагийн музей”-гээ байгууллаа” гэж тэмдэглэсэн. Ямар ч үед нээсэн бай энэ музей манай улсын соёлын түүхэнд тохиож буй бас нэгэн чухал үйл явдал гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Музей байгуулахын тулд сүүлийн арван жил судалгаа хийжээ. Дотоод дизайн, бүтээлүүдээ хэрхэн байрлуулах, үзмэрүүдийн тайлбараа яаж бичиж, ямар материалаар хийж, хаана нь байрлуулах зэрэг нь маш нарийн ажил. Энэ бүхнийг одоо болтол судалсаар байгаа гэнэ. Итали, Франц, Герман, Япон, Швейцарь гээд өндөр хөгжилтэй орнуудын дэлхийд нэртэй музейг үзэхдээ юм юмыг нь анзаардаг. Ер нь гадаадад явахдаа музейгээс салдаггүй гэнэ. Германы Манхаймын музей, Францын Лувр, Мюнхений орчин үеийн урлагийн музейг үзэхэд өөрийн эрхгүй биширч, бахархах сэтгэл төрсөн тухайгаа ярьсан юм. Хүн төрөлхтний түүх өнгөрсөн, одоо, ирээдүй гурваас бүрддэг шиг урлаг ч мөн адил. Тиймээс музей энэ гурван үеийг харуулах ёстой хэмээн ярив. Аль нэг үеэр нь дагнасан бол өрөөсгөл мэт санагддаг гэнэ. Тиймээс ч Монголын урлагийн музейдээ гурван үеийг харуулахыг зорьсон. Нийтдээ зургаан танхимтай. Хүрэл зэвсгийн үе, угсаатны зүй, бурхад, танка зураг, үнэт эдлэл, орчин үеийн урлаг гээд. Харин музейн дэргэдэх “Од” галерей нь зураач, уран бүтээлчид, цуглуулагчдад үзэсгэлэнгээ гаргах боломж олгож байгаа гэнэ. Мөн музейн дэргэд тохилог кофе шоп байгуулж уран бүтээлчдийн уулзаж санал бодлоо солилцдог газар болоосой хэмээн боджээ. Нээгдсэн цагаасаа хойш музейгээ сайжруулах ажил үргэлжилсээр байгаа. Энэ бол нэг өдөр, нэг сар ч юм уу нэг жилд хийгээд дуусдаг ажил биш. Цаг хугацааны явцад цаашдаа ч үргэлжилсээр байх болно. Учир нь цаг хугацаа үргэлжилж шинэ, шинэ бүтээлүүд туурвигдсаар байна гэв. “Модун” групп Хан-Уул дүүрэгт томоохон цогцолбор барьж байгаа. Монголын урлагийн музейн үйл ажиллагааг яваандаа тэндээ төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Монголд ирж буй жуулчид очиж үздэг, Монголын түүх, орчин үеийн уран зургийн талаар тодорхой ойлголт өгдөг газар болох зорилготой гэдгээ ч хэлсэн юм.

Д.Батбаярын ийнхүү урлагийн бүтээл, тэр дундаа эртний ховор эдлэл, уран зураг шимтэн сонирхдог нь удам судартай нь холбоотой бололтой. Өвөө аав нь аймаг орондоо алдартай уран Санжид хэмээх алт, мөнгөний дархан хүн байжээ. 1939 онд Халх голын дайнд оролцож цэргээс ирэхдээ нэлээд хэдэн хайрцагтай хаягдал сэлэм, жад зэргийг нутагтаа авч ирсэн гэдэг. Тэдгээрийгээ хайлуулж хэт хутга хийж нутгийнхандаа худалдан улмаар өөрийн гарын хийцийг хүртэл бий болгож байжээ. Саяхныг болтол улсын томоохон музейд өвөөгийнх нь хийсэн хэт хутга, мөнгөн аяга зэрэг нь харагддаг байсан гэнэ. Батбаярын нагац ах нь хүүхдийн нэрт зохиолч С.Надмид агсан.

Биднийг ийнхүү ярьж суутал музей үзэх гэсэн хэсэг хүмүүс орж ирэв. Батбаяр тэдэнтэй ярилцаж музейнхээ талаар тайлбарлав. Соёлын хосгүй үзмэрийг агуулсан музейгээ цаашид хэрхэх талаар сонирхоход “Энэ музей бол миний болон манай гэр бүлийн өмч биш. Монголын ард түмнийх” гэв. Түүний ярьснаар бид бол зөвхөн урлагийн бүтээл, соёлын өвийг тээгч, хадгалагч, хамгаалагч нь. Харин музей бол ард түмний өмч, цаашилбал Монгол Улсын тусгаар тогтнолын нэг баталгаа хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *