Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт өнөөдөр /2016.01.21/ Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв.

Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Монгол Улсад анх удаа 2016 оны 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор 3500-4000 гаруй албаны төлөөлөгчид, зочид, сэтгүүлчид ирэхээр байна. Иймд АСЕМ зочид, төлөөлөгчдийн үйлчилгээнд 320-350 автомашины ашиглагдах тооцоо гарчээ.

Улсын төсөв хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд төсвийн хөрөнгөөр автомашин худалдан авах боломж хязгаарлагдмал байгаа тул дээд түвшиний уулзалтын зохион байгуулалтанд шаардагдах автомашиныг хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас холбогдох хувийн хэвшлийн компаниудын импортоор оруулж ирэх автомашиныг уулзалтын үйлчилгээнд ашиглахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Энэхүү гэрээний дагуу АСЕМ-ын уулзалтын үеэр ашиглах автомашинуудыг үнэ төлбөргүйгээр хэрэглэх бөгөөд гэрээ байгуулсан автомашины дистрибьютор, диллер компаниудын импортоор оруулж ирэх автомашинуудыг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлөх шаардлага үүсчээ. Мөн дээд түвшний уулзалтыг зохион байгуулах хүрээнд аюулгүй байдлыг хангах, нисэх буудал, хилийн шалган нэвтрүүлэх, зочид буудлын тав тухыг хангахад хэрэглэгдэх техник хэрэгслийг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлүүлэх шаардлагатай байгааг харгалзан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Хуулийн төслүүдэд АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортооор оруулж байгаа суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвараас чөлөөлөхөөр тус тус зааж, дээр дурдсан албан татвараас чөлөөлөгдөх автомашин, техник хэрэгслийн төрөл, тоо хэмжээ, импортлогч хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батлахаар тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *