Categories
мэдээ улс-төр

Зарим Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг эгүүлэн татах тухай саналыг өргөн мэдүүлжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй Монгол Улсаас гадаад улсад суугаа зарим Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг эгүүлэн татах, томилуулах тухай саналыг танилцуулахаар өнөөдөр өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн тухай гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн гадаад харилцааны талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тухай 14 дүгээр зүйлийн 3, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 заалтыг тус тус үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэнжавын Сүхбаатар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маньбадрахын Ганболд, Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төгсжаргалын Ганди, Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатар нарыг тус тус эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганхуяг, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүрэнгийн Цоггэрэл, Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зэнээмядарын Батбаяр, Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Жамбалдорж нарыг тус тус томилох саналыг зөвшилцөхөөр хүргүүлжээ.

Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар нэр дэвшиж буй албан хаагчид нь мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй тул улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой хэмээн үзсэн байна. Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нь Дипломат албаны тухай хуульд заасан Дипломат төлөөлөгчийн газрын бүрэн эрх /7 дугаар зүйл/, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний бүрэн эрх /10 дугаар зүйл/-ийг хэрэгжүүлэн суугаа болон хавсран суугаа орондоо Монгол Улсыг төлөөлөн, харилцааг хөгжүүлэх талаар санал боловсруулах, хэрэгжүүлэх, шийдвэрлэх, хоёр болон олон талын хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, тохиролцсон арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, улс орныхоо хөгжлийн зорилтыг шийдвэрлэхэд шаардагдах судалгаа хийх, холбогдох байгууллагад танилцуулах, хилийн чанадад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаалах чиг үүрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *