Categories
гадаад мэдээ

Орос, Америк, Япон зэрэг оронд цас их орох болжээ

Энэ өвөл ойрын хэдэн жилдээ хүйтрээгүйгээр хүйтэрч байгаа билээ. Хөрш зэргэлдээ ОХУ болон арлын Япон оронд ч мөн их хэмжээний цас орж, хүйтний эрч чангарч эхэлсэн байна. Тухайлбал, ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод сүүлийн өдрүүдэд их хэмжээний цас үргэлжлэн орж, цасны хэмжээ нэмэгдсээр байгаа аж. Их цас орсны улмаас зам тээврийн хөдөлгөөн, шугам сүлжээ, нисэх болон төмөр замын хөдөлгөөнд багагүй саад учирч эхэлжээ. Өмнө нь Москва хотын тээврийн газраас цаг агаарын байдал эрс хүндэрч буйтай холбогдуулан хотын иргэдэд хандаж сэрэмжлүүлэг гаргасан байна. Одоогийн байдлаар Москвад орсон цасны зузааны хэмжээ 77 см хүрчээ.

Мөн энэ үеэр Японы ихэнх нутгаар цас орж, зарим бүс нутагт онц байдал зарлахад хүрсэн тухай “NHK” телевиз мэдээлжээ. Япон улсын Онцгой байдлын газраас мэдээлснээр Симькава мужид орсон цасны улмаас 7000 өрх цахилгаангүй болсон байна. Өчигдрөөс эхлэн сургууль, цэцэрлэг үйл ажиллагаагаа зогсоожээ. Өнөөдрийг хүртэл хэд хоног үргэлжилсэн цасны зузаан 150 см хүрч, цасан бүрхүүл тогтсон байна. Зарим мужид 70-100 см-ийн цасан бүрхүүл тогтжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт зарим нислэгийг цуцалсан билээ.

Түүнчлэн АНУ-ын зүүн зүгийн нутгаар ойрын хоёр хоногт цасан шуургатай байна. Цасан шуурганаар АНУ-д сүүлийн 100 жилд ороогүй их хэмжээний хур тунадас унахыг цаг уурын агентлагаас нь сэрэмжлүүлжээ. Цасан шуурганы улмаас АНУ-ын таван муж улсад онц байдал зарлаж, газар болон агаарын тээврийн үйлчилгээг зогсоосон аж. АНУ-ын Мэриленд, Хойд Каролина, Пеннсилвани, Виржиниа, Вашингтон муж улсад онц байдал зарлажээ. Оршин суугчид цасан шуурганаас өмнө хүнсээ базаахаар супермаркетуудад урт дараалал үүсгэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *