Өчигдөр
“Дэлхийн энхийн их наадам” ТТБ, “Монголын уламжлалын академи”, “Дэлхийн энх
тайвны зөвлөл” зэрэг Монгол дахь энх тайвны байгууллагууд өөрсдийн нэгдмэл
үнэлэмжийг илэрхийлсэн дээд шагнал “Энхийн шагнал”-аа гардуулжээ. Энэхүү нэр
хүндтэй шагналын эзнээр өмнөх жилүүдэд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн,
Дэлхийн Энхтайвны зөвлөлийн Дэд ерөнхийлөгч Д.Цахилгаан, УИХ-ын гишүүн
Ц.Нямдорж, “Азийн хүүхдүүд” сангийн Тэргүүн С.Эрдэнэчулуун нар тодорч байжээ.
Энэ жилийн Энхийн шагналд төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагаас 20
хүний нэр дэвшсэнээс шалгаруулж, Монголын хүүхэд залуучуудын боловсрол мэдлэг,
оюуны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа “Монголын Оюун Ухааны Академи”-ийн
тэргүүн, олон улсын шүүгч, ой тогтоолтын мастер Хандсүрэнгийн Хатанбаатар
тодорсон байна.
Х.Хатанбаатар нь 2009 онд хүүхэд, залуус, ахмад үеийнхэнд сурах
арга барилыг олгох, оюуны хөгжлийн олон талт сургалтууд зохион байгуулах, оюуны
спортыг хөгжүүлэх зорилгоор Монголын Оюун Ухааны академийг санаачлан байгуулсан
цагаас хойш олон арван байгууллага, иргэд, ерөнхий боловсролын болон их, дээд
сургуулийн оюутан, сурагчдад оюуныг хөгжүүлэх чиглэлээр сургалт семинар зохион
байгуулжээ. Мөн оюуны спортын олон улсын 35 тэмцээнд нийт 50 гаруй тамирчдыг
бэлтгэн оролцуулж, олон улсын түвшний томоохон тэмцээний 484 медалийг хүртэн эх
орноо олон улсад амжилттай сурталчилсан байна.
Энэ бүхний үр дүнд Монголчууд
оюуны спортын олон улсын Их Мастер 3, Их Мастер 2, олон улсын Мастер 7-г
төрүүлсэн бөгөөд оюуны спортын дэлхийн олон дээд рекордыг эзэмшиж байна. Ой тогтоолтын
дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улс багаараа сүүлийн 4 жилийн турш
эхний гуравт тогтмол шалгарсан амжилтыг үзүүлжээ. Х.Хатанбаатарыг Монгол хүний
оюуны потенциалыг дэлхийд гаргаж, Монгол хүний үнэ цэнийг олон улсад хүлээн
зөвшоөрүүлж буй чадсан шилдэг сурган хүмүүжүүлэгч, Монголын оюуны салбарт
оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлж, Энхийн шагналтнаар ийнхүү тодруулжээ.