Categories
мэдээ нийгэм

Хүйтэн энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн дарга Ж.Цогтоос дараахь тодруулгыг авлаа.

Энэ хүйтэн хэр удаан үргэлжлэхийг хүмүүс мэдэхийг хүсч байгаа. Энэ сарыг дуустал үргэлжилнэ гэдэг үнэн үү?

-Хүйтрэлт үндсэндээ ойрын хоёр, гурван хоногоос илүү их мэдрэгдэж байна л даа. Ер нь арванхоёрдугаар сар харьцангуй дулаахан өнгөрсөн. Гэхдээ энэ өвлийг өмнөх жилтэй харьцуулбал цастай нутаг илүү их байгаа юм. Ноднин өвөлжингөө хүмүүс надаас цас нэхсэн. Энэ жил цас яагаад орохгүй байна гэхгүй байхыг бодоход цас хүрэлцээтэй байгаа юм байлгүй. Харин зуншлага муутай, энэ өвөл тун хэцүү болно доо гээд шуугиад байсан чинь ямар ч байсан өвлийн эхэн, дунд сар гайгүй өнгөрчихөв үү дээ. Өвлийн адаг сардаа л үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг болох гэж байгаа юм болов уу. Ойрдоо хүйтний эрч чангараад л байна. Өвлийн сард Монгол оронд их хүйтрэх нөхцөл юунаас үүсдэг гэхээр баруун Сибирь, төв Сибирь рүү хүчтэй их даралт бий болоод ирэхээр өндөр өргөргөөс манай нутаг руу хүйтэн агаар шилждэг. Хүйтэн энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

Бичин жилийн зуд болно гээд хүмүүс их сэрэмжилсэн. Бичин жилийн өвөл жирийн үеийнхээс их хүйтэрдэг гэдэг үнэн үү?

-Бичин жилийн зудын тухай ярих эрт байна. Бичин жил чинь гараагүй байгаа шүү дээ. Бичин жилд зуд турхан болж байсан уу гэвэл байсан. Тэр үеэр илүү хүйтэрсэн үе байдаг. Бичин жил биш ч зуд болоод, цас ихтэй, олон жилийн дунджаас хүйтэрсэн, хүйтэн олон сараар үргэлжилж байсан үе бий. 2009-2010 оны зудны үеэр дөчин хэдэн оны бичин жилийн зуднаас ч их малын хоргодол гарсан. Тэгэхэд энэ бичин жил биш байсан. Заавал бичин жил болохоор зуд болдог гэх аргагүй. 2009-2010 оны өвөл гэхэд л арваннэгдүгээр сараас эхлээд цас орж, арванхоёр сар, нэгдүгээр сард хүйтрэлт үргэлжилсэн, их цастай, зун зуншлага муутай, мал тарга аваагүй, бэлтгэл тааруу байсан.

Ер нь бичин жил эхлэх үедээ хатуу байдаг юм уу, төгсгөлдөө хатуурхдаг уу?

-Бичин жилийн зун нь зуншлага муутай болоод, ган гачиг болбол өвөлдөө хэцүүддэг. Одоо бол бичин жилийн хавар эхэлнэ. Энэ зун асуудал үүсвэл ирэх өвөл зуд нүүрлэх эсэх нь тодорхой болно.

Хамгийн их хүйтэрдэг газруудаар хэд хүрч байна вэ?

-Завханы хойд нутгаар 48 хэм хүрч хүйтэрч байгаа. Монгол оронд хамгийн хүйтэн болсон тохиолдол 56 хэм гэж тэмдэглэгдсэн байдаг. Ийм хүйтрэлт Увс аймгийн Зүүнговь суманд ажиглагджээ. Улаанбаатар хотод 1954 оны арванхоёрдугаар сарын 30-нд Нисэх, Яармагийн орчимд 49 хэм хүрч байсан удаа бий. Тэр нь морь жил байсан.

Ес эхэллээ гэцгээдэг. Гунан үхрийн эвэр хуга хөлддөг гэгддэг гурван ес үргэлжилж байна. Ардуудын энэ ажиглалт шинжлэх ухаанаар батлагддаг уу?

-Цаг уурт есөн ес гэж байхгүй. Арванхоёрдугаар сарын 22-ноос ес эхэлдэг шүү дээ. Олон жилийн дундаж үзүүлэлтээр 20-д гараад манай нутагт хүйтний үзүүлэлт эрс нэмэгддэг. Энэ хүйтрэлт явсаар байгаад дөрвөн есийн үед эрч нь суларна. Өдөр харьцангуй уртсаад байгаа биз дээ. Нарны тусгал нэмэгдээд, хонхор хотгорт байсан хүйтэн агаарыг түрж, өдөртөө хүйтний эрч сулраад ирэх жишээтэй. Манайхан олон жилийн ажиглалтаар өдөр шөнө тэнцдэг өдрөөс эхлээд хүйтэрдэг, дөрвөн есийг авчих юм бол бас учиртай болдог гэдэг нь цаг уурын олон жилийн дундаж үзүүлэлттэй давхацдаг. Ес эхлэхэд их хүйтрэх зүгээр л гэдэг юм билээ. Энэ өвлийн ес эхлэхдээ хүйтрээд эхэлсэн. Ямар ч байсан хоёр дахь есөөс хүйтний эрч чангарсаар дөрвөн есийн үеэс хүйтний эрч сулрах юм болов уу.

Дэлхийн дулаарал хүйтний эрчид нөлөөлж байна уу?

-Нөлөөлж байгаа шүү дээ. Өвөл харьцангуй цас их унадаг боллоо. Жилд ордог тунадасны 10 хүрэхтэй үгүйтэй хувь нь хүйтний улиралд ордог байсан бол одоо 10 гаруй хувь нь өвлийн цагт ордог болоод байгаа. Өвөл харьцангуй дулаарч байна. Хотын хүмүүсийн хувцаслалтыг ч хар. Айхавтар зузаалаад, битүү үсэн дотор явдаг хүн багасаад, хөнгөн хувцаслаж байгаа биз дээ. Энэ чинь нэг талаасаа уур амьсгалын дулааралтай холбоотой. Зуны цагт олон хоногоор халах, тунадас багасч, ган гачиг зудны давтамж ойртоод ирэх жишээтэй. Хуучин цагт 5-10 жилдээ гангийн асуудал яригддаг байсан бол энэ тоо улам ойртоод байна.

Гамшгийн давтамж дэлхий даяар ихэсч байгаа гэдэг?

-Манай судалгаагаар цаг агаарын аюултай үзэгдлийн тоо жилдээ 1980-аад оны үед 25-30 удаа ажиглагддаг байсан бол одоо 50 гаруй удаа ажиглагдах жишээтэй. Ялангуяа зуны аадар бороотой холбоотой аюултай үзэгдэл улам нэмэгдэж байгаа. Энэ бүхэн уур амьсгалын дулааралтай холбоотой тайлбарлагддаг. Хэт халалтаас үүдэлтэйгээр өдрийн цагт үүл үүсч, аадар бороо орсноос хохирлын хэмжээ ихэсдэг. Хүчтэй салхи Монгол орны хувьд нэгт явдаг цаг агаарын аюултай үзэгдэл. Дараа нь цасан болон шороон шуурга, зун цагийн хүчтэй аадар бороо, аянга цахилгаан, хуй салхи орно. Зун гэр орноо хөнгөлдөг. Хүчтэй хуй салхи гэрийг нь нураагаад хаячихдаг. Аянга цахилгаанд хүнтэй малтайгаа цохиулчих гээд байдаг.

Фэйсбүүкт хамраараа татсан цасан дунд яваа морины зураг байна лээ. Ингэхэд цас хэр их орсон бэ?

-Морины хамар далдрахаар их цастай нутаг Монголд байхгүй байх аа. Жалган дотор оруулж байгаад зургийг нь авчихаагүй юм бол. Түүнээс биш цасны зузаан хамгийн ихдээ л 20 гаруй см байгаа. Хунгарласан газраа 40 см байгаа юм шиг байна лээ. Энэ бол адууны хамраар хүрэхгүй л дээ.

Б.Янжмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *