Categories
мэдээ цаг-үе

Техникийн хяналтын үзлэгтээ зөвхөн хавар гэлтгүй тухайн жилдээ багтаж л байвал хэзээ ч орсон болно

Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Т.Баясгалантай ярилцлаа.

-Авто тээврийн үндэсний төвөөс техникийн үзлэг оношлогоог жолооч нарт чирэгдэл учруулахгүй байхаар зохион байгуулж эхэлсэн гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй тайлбарлаач?
-Авто тээврийн үндэсний төвийн үйл ажиллагааны гол чиглэл бол тээврийн хэрэгслийн техникийн үзлэг оношлогоог хийх байдаг. Автотээврийн тухай хуульд зааснаар авто тээврийн хэрэгсэлд жилд нэг удаа техникийн үзлэг хийх ёстой. Үүний дагуу Зам тээврийн сайдын тушаалаар техникийн хяналтын үзлэг оношлогоо явуулах журам батлагдаж, үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгсэлд үүнийг нь нотлох гэрчилгээ буюу машины цонхон дээр наах оношлогооны наалт өгдөг. Энэ наалт нь замын хөдөлгөөнд оролцох эрх олгож буй гэрчилгээ гэсэн үг. Өмнө нь гурваас тавдугаар сарын хооронд нийслэлийн болон дүүргүүдийн засаг даргын захирамжийн дагуу оношлогоонд хамруулж, татварыг нь авдаг байсан. Ингэснээр жолооч нарт багагүй чирэгдэл учруулж, оношлогоондоо хамрагдах гэж олон цагаар дараалал үүсгэн зогсдог байсан.
Энэ оноос эхлэн НИТХ, нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу дээрх хугацааг сунгаж, нэгээс тавдугаар сарын хооронд татвараа төлж байхаар болсон. Өөрөөр хэлбэл нэгдүгээр сард улсын дугаар нь 1, 6-гаар төгссөн тээврийн хэрэгслийн жолоочоос, хоёрдугаар сард 2, 7-гоор, гуравдугаар сард 3,8-аар, дөрөвдүгээр сард 4, 9-өөр, тавдугаар сардаа 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгслийн татварыг авч байхаар журамласан. Гэхдээ жолооч нар татвараа энэ хугацаанд төлөх ёстой ч үзлэгтээ тухайн жилийнхээ хэдийд ч орж болно. Үүнийг Авто тээврийн тухай хууль, Техникийн хяналтын үзлэг оношлогоо явуулах журмаараа зохицуулсан. Техникийн үзлэг оношлогоо бүтэн жилийн турш тасралтгүй явдаг болсон. Тиймээс жолооч нар 2015 оны наймдугаар сард техникийн хяналтын үзлэгтээ орсон бол 2016 оны наймдугаар сард дахин орох ёстой. Наймдугаар сардаа л багтаж байвал сарынхаа эхээр, дундуур, сүүлчээр байх эсэх нь хамаагүй. Ингэснээр урьдынх шигээ заасан хугацаанд оношлогоонд орох гэж уртаас урт дараалал үүсгэн зогсч, цаг заваа баран, ундууцах хэрэггүй болсон гэсэн үг. Ихэнх жолооч нар гурав, дөрөв, тавдугаар сард үзлэг, оношлогоондоо ороод дадчихсан. Хүсвэл урьдчилаад оношлогоондоо орж болно. Энгийнээр бол жил бүр гуравдугаар сард үзлэгтээ ордог бол таван сарын дараа буюу наймдугаар сард дахиад орчихож болно. Тэгвэл дараа оныхоо наймдугаар сард буюу харьцангуй ачаалал багатай үед оношлогоондоо орж болно. Жилдээ нэг удаа оношлогоонд орох нь жолоочийн үүрэг бол хоёр, гурван ч удаа орж болох эрхтэй. Тэр бүү хэл журмын дагуу нийтийн зорчигч тээврийн автобусыг жилд хоёр ч удаа техникийн хяналтын үзлэгт оруулах ёстой байдаг ч манайх жилд дөрвөн удаа буюу улирал тутамд оруулдаг. Ингэснээр зорчигчдын амь нас, аюулгүй байдлын баталгаа нэмэгдэж байна гэсэн үг.
-Нийтийн тээврийн том оврын автобусууд Солонгостоо олон жил яваад, ашиглалтын хугацаа дууссаны дараа манайд ирдэг гэх яриа бий?
-Монголын нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн стандарт гэж бий. Автобус үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш 12 жилийн насжилттай байна. Өөрөөр хэлбэл 12 жилийн хугацаанд нийтийн тээвэрт явуулж, 13 дахь жилээс нь үйлчилгээнд явуулахгүй. Энэ онд нийтийн тээврийн үйлчилгээнээс 213 тээврийн хэрэслийг насжилтаар нь хасна. 30-аад нь такси бол 170 гаруй нь хот хооронд болон хот доторх нийтийн зорчигч тээвэрт явдаг дунд, том оврын автобус.
-Энэ жилээс дунд оврын автобус буюу микроавтобуснууд нийтийн тээврийн үйлчилгээнээс насжилтаараа хасагдана гэлээ. Хугацаа нь чухам хэзээнээс юм бол?
-Микро автобусуудыг энэ оны нэгдүгээр сараас нийтийн тээвэрт явуулах эрхийг хассан атал наймдугаар сарыг хүртэл сунгасан гэсэн ташаа мэдээлэл цацагдсан. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр техникийн хяналтын үзлэгт ороод нийтийн тээвэрт явж болно гэж хүртэл ташаа мэдээлсэн. Зам тээврийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаас стандартаа хатуу барьж ажиллана гэсэн чиглэлийг баримталж байгаа. Зорчигчдын амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой учраас үйлдвэрлэгдээд 12 жил болсон л бол дунд, том оврын автобусуудыг үйлчилгээнд явуулахгүй.
Микронуудыг нэгдүгээр сарын 1-нээс үйлчилгээнд явуулахгүй гээд бүгдийг нь зогсоогоод, торгоод байх боломжгүй. Микроны жолооч, кондукторуудын орлогын эх үүсвэр гэх утгаараа нэлээд олон өрхийн орлогын эх үүсвэрийн асуудал яригдах бол нөгөө талдаа микрогоор үйлчлүүлдэг иргэдийн эрх ашиг гэж бий. Тиймээс микронуудын чиглэлд стандартын шаардлага хангасан автобустай аж ахуйн нэгжүүдийг явуулах замаар ойрын хугацаанд энэ асуудлыг үе шаттайгаар шийднэ. Дан ганц аж ахуйн нэгж гэлтгүй хувь хүмүүс ч микроавтобусаа шинэчлээд шугамандаа үргэлжлүүлэн явж болно. Хот хоорондын зорчигч тээврийн хувьд ялгаагүй дээрх журмыг баримтлахаас гадна засмал замаар холбогдсон аймгууд руу том оврын автобусаар зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлж, бага оврын автобус, жижиг тэргээс татгалзах чиглэлийг баримтлан ажиллаж байгаа.
-Мэргэшсэн жолоочийн шалгалтыг элдэв чирэгдэлгүйгээр онлайнаар авдаг болсон гэсэн. Энэ тухайд?
-Автотээврийн тухай хуульд улс хоорондын ачаа, жуулчин, зорчигч тээвэр, аюултай ачаа болон хот орчмын тээвэрлэлт гүйцэтгэж байгаа жолооч нар мэргэшсэн байх ёстой гэсэн нэмэлт, өөрчлөлт орж, 2010 оноос мэргэшсэн жолоочийн шалгалт авч эхэлсэн. Энэ ажлыг улсын хэмжээнд Автотээврийн үндэсний төв дангаар хэрэгжүүлдэг. Өнгөрсөн жилийн есдүгээр сараас Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Дорнод зэрэг долоон аймагт мэргэшсэн жолоочийн шалгалтыг онлайнаар авч эхэлсэн. Энэ ондоо багтаан бүх аймагт үүнийг нэвтрүүлнэ. Ингэснээр асар их хугацаа, мөнгө хэмнэж байгаа хэрэг. Өмнө нь жолооч нар хөдөө орон нутгаас хотод ирж эсвэл орон нутагт очиж шалгалт авах мэргэжилтэнг хотоос томилон явуулдаг байсан. 2008 оны наймдугаар сарын 8-наас өмнө жолооч болсон хүмүүс шууд шалгалтаа өгөөд, тэнцвэл мэргэшсэн жолоочийн үнэмлэхээ авна. Жолооч нарыг B, C, D, E гэсэн дөрвөн ангиллаар мэргэшүүлж, үнэмлэх олгодог. Уг үнэмлэхийг таван жилийн хугацаатайгаар олгож байгаа. 2015 онд 5539 жолооч шалгалт өгч, мэргэшсэн жолоочийн үнэмлэх авсан бол 2223 жолооч мэргэшлээ дээшлүүлж, ангиллаа ахиулсан.
-Авто худалдааны цогцолборт импортын техникийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээг төвлөрүүлсэнд иргэд ам сайтай байна лээ?
-Автотээврийн үндэсний төвийн бас нэгэн гол үйл ажиллагаа бол тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох ажил. Энэ ажлыг манай төв өнгөрсөн оноос бие даан хийж эхэлсэн. 2015 онд импортын 50900 тээврийн хэрэгслийг бүртгэсэн. 217 мянга гаруй тээврийн хэрэгсэл шилжилт хөдөлгөөн хийлгэсэн. Өмнө нь импортын тээврийн хэрэгслийг бүртгэх ажлыг нийслэлийн хэмжээнд найман цэгээр дамжуулан гүйцэтгэдэг байсан бол энэ оноос Авто худалдааны цогцолбор руу төвлөрүүлсэн. Өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн Засаг даргаас Зам тээврийн яаманд хүсэлт тавьсны дагуу энэ ажил хэрэгжсэн. Дагалдах нэг цэгийн үйлчилгээ болох банк, даатгал, татвар, улсын дугаарын үйлдвэр хүртэл тэнд ажиллаж байгаа. Ингэснээр Авто худалдааны цогцолбороос машин авсан иргэд тэндээсээ дугаараа аваад, даатгалаа хийлгээд гарах боломж бүрдэж байгаа юм. Өдөрт 100-150 тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгож, шинээр бүртгэж байна. Харин тээврийн хэрэгслийн шилжилт бүртгэлийн үйлчилгээг АСА цирк, “Хөсөг Трэйд” дээр үзүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *