Францын Парис хотноо ирэх сарын 6-нд болох жудо бөхийн олимпийн эрх олгох “Их дуулга” тэмцээнд Монголын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор болжээ. “Их дуулга” тэмцээн нь энэ оны олимпийн эрх олгох анхны тэмцээн бөгөөд манай улсаас эрэгтэй 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д. Амартүвшин, 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д С.Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр нар оролцох аж. Мөн 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Л.Отгонбаатар нар барилдах юм байна. Түүнчлэн -100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр, +100-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн нар мэдүүлгээ явуулжээ.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, 57 кг-д Д.Сумьяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, ОУХМ Ц.Цэрэннадмид, 70 кг-д Ц.Наранжаргал, 78 кг-д ОУХМ П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа нар зодоглох аж.