Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн түүхийн музейд залсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд хүндэтгэлтэйгээр буцааж залах ёслол өнөөдөр 10 цаг 45 минутад /2016.01.15/ болов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Үндсэн хуулийн 24 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ширэндэв нар шинэ Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейн тусгай хоргоноос авч Ерөнхийлөгчийн албан өргөөнд хүндэтгэлтэйгээр заллаа.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдрийг тохиолдуулан шинэ Үндсэн хуулийн уг эхийг тав хоногийн хугацаатайгаар Төрийн ордонд залж иргэд, олон нийтэд сонирхууллаа. Энэхүү боломжийг олгосон Монгол Улсын Ерөнхийлөгчид Улсын Их Хурал, түүний Тамгын газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гээд шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанд гардуулж өгөв.
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн цорын ганц уг эх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд хадгалагдаж байдаг бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Үндсэн хуулийн энэхүү уг эх дээр гараа тавьж тангараг өргөдөг уламжлалтай.
Төрийн хамгаалалтад байдаг Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдрийг тохиолдуулан 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн түүхийн музейд залж, тав хоногийн хугацаанд Төрийн ордон, Улсын Их Хурлын чуулганы ажиллагаатай танилцсан иргэд, олон нийтэд үзүүлж сонирхуулсан юм.
Үндсэн хуулийн уг эхийг буцааж залах ёслолд Төрийн ёслолын албаны дарга Х.Жанцан, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Х.Батбилэг нар оролцлоо.