Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ

Монголын нийт ард иргэд ээ,

Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр бол манай улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хуулиа баталсан түүхт баярын өдөр юм.

Энэ баярын өдөр шинэ Үндсэн хуулийг батлахад бие, сэтгэл, оюунаа чилээн оролцсон Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, эрдэмтэн судлаачид, хуулийн төсөл боловсруулах, хуралдаанд бэлтгэх ажлыг хариуцсан Улсын Бага Хурлын Тамгын газрын ажилтнууд болон нийт ард түмэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, баярын мэнд дэвшүүлье.

Олон хуульч, улстөрчид нийгмийн зүтгэлтнүүдийн хүч оролцоотойгоор боловсруулагдсан Үндсэн хуулийн төслийн талаар тухайн үед нийт ард түмнээсээ 3 сар гаруй хугацаанд санал авч, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, улс төрийн олон намын тогтолцоо бүхий Ардын Их Хурлын 430 депутат 76 хоногийн турш оюун бодол, эрдэм мэдлэг, ажил, амьдралын туршлагаа дайчлан ажиллаж, идэвх зүтгэл гаргасаны үр дүнд Монгол Улсын анхны ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй.

Ардчилсан нийгмийн суурийг бэхжүүлсэн шинэ Үндсэн хууль маань тусгаар тогтнолыг улс төрийн хувьд баталгаажуулж, хүний эрх, эрх чөлөөг бодитой хангахын тулд, иргэн бүрийн өмчлөх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, төрийн удирдах хэрэгт оролцох боломжийг баталгаажуулан, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг бий болгосноороо өмнөх гурван Үндсэн хуулиас ялгагдах өвөрмөц онцлогтой, дэвшилтэт чанартай болсон юм. Үндсэн хуулиар хувийн өмчийг хамгаалах хөшүүргийг баталгаажуулснаар эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, иргэдийн чөлөөт сонголтоор зохицуулах үндсийг тавьснаараа түүхэн чухал үүрэгтэй болсон юм.

Сүүлийн жилүүдэд төрийн удирдлагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, зарим зүйл заалтыг боловсронгуй болгох талаар санал, санаачилга олонтоо гарч байна. Үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын даргын 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 27 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2011 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу боловсруулан 2015 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.

Монгол Улсын иргэн бүрийн сайн сайхан, эрх чөлөөтэй амьдрах нийтлэг хүсэл зориг, ашиг сонирхлыг хамгаалах гол баталгаа болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудалд хэсэг бүлэг хүмүүс, үзэл бодлын зөрчилдөөнөөс илүүтэй ард түмний нийтлэг эрх ашгийн үүднээс хандан, нухацтай хэлэлцэн, Үндсэн хуулийн одоогийн хүрсэн түвшин, ололт амжилтыг бууруулахгүй, цааш нь улам бэхжүүлэн, сайжруулах чиглэлийг чанд баримтлах учиртай гэж би үздэг.

Монголын ард иргэд ээ,

Үндсэн хуулийнхаа залгамж чанарыг хадгалан баяжуулж, хүний эрх, эрх чөлөө, парламентын засаглал, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, иргэдийн улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаанд оролцох тэгш боломж, ил тод байдал, нээлттэй хэлэлцүүлэг зэрэг ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн шинэ Үндсэн хууль ард түмний маань хүсэл зоригийн баталгаа байх болтугай.

Тогтвортой төр, хуулийн шударга хэрэгжилт дор төр улс маань хөгжин мандах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *