Categories
мэдээ спорт

“Пэпси лиг”-ийг “Хангарьд” тэргүүлж байна

Футзалын улсын аварга шалгаруулах“Пэпси лиг” тэмцээн энэ сарын 9-нд эхэлсэн билээ.

Тэмцээний тоглолтууд амралтын өдрүүдээр явагдаж байгаа юм. Нийт 12 баг тойргийн журмаар тоглох ёстой.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдэнэтийн “Хангарьд” клубийнхэн “Баянгол ФС”-тэй тоглож 9:1 харьцаатай хожлоо. Лигт олон жил тоглож буй тус багийн залуу тамирчин О.Мижиддорж хеттрик хийж ялалт байгуулсан юм. Ням гаригт болсон тоглолтоор “Соёмбын Барсууд”-ыг мөн л ялсан юм.

Одоогийн байдлаар хүснэгтийг тэргүүлж байгаа “Хангарьд”-ынхан энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр тоглолт хийхгүй, өнжинө. Харин нэгдүгээр сарын 23-нд “Улаанбаатарын Унаганууд”, 24-нд “ФС Улаанбаатар” багуудтай тус тус тоглох хуваарь гарчээ.

Оноогоор тэргүүлж байгаа бас нэгэн баг бол “Улаанбаатарын Унаганууд”. Тэд эхний тоглолтоо өнгөрсөн ням гаригт “ФС Улаанбаатар” багийн эсрэг хийж 11:0-ээр ялсан юм. Э.Ганзориг болон Ц.Түмэнжаргал нар тус бүр 2 гоол оруулж, П.Алтантулга, Г.Анархүү, С.Наранбаатар, Н.Цэдэнбал, Э.Пүрэвдорж, Г.Баярсайхан зэрэг тоглогчид тус бүр нэг гоолыг оруулснаар ялалт авсан.

Лигийн гуравдугаарт “Арвис” клуб бичигдэж байна. Тэд футзалын УАШТ-ий өмнө зохиогдсон тэмцээнд долоон ялалтыг авч “Пэпси лиг”-т оролцох эрхтэй болсон юм. Эхний тоглолтоо “Улаанбаатарын Мазаалайнууд” багийн эсрэг хийж 7:1 харьцаатай хожил байгуулсан билээ. Тэд нэгдүгээр сарын 16-ны бямба гаригт “Эрчим” клубтэй тоглох хуваарьтай байна.

Сэлэнгэпресс клубийн хувьд “ФС Улаанбаатар” багтай тоглож 5:3-аар эхний хожлоо байгуулсан бол дараагийн тоглолтоо “Баянгол ФС” багтай хийж, харин нэгдүгээр сарын 17-нд “Дэрэн”, “Континентал” багтай өрсөлдөх юм.

Эрчим клүб энэ удаагийн лигийн тэмцээнд үндсэн тамирчдаа оролцуулаагүй байна. Залуу тамирчдаар багаа бүрдүүлэн эхний тоглолтоо Континетал багтай хийж 4:4 харьцаатай тэнцэж гараагаа амжилттай эхлүүлсэн. Ирэх наймдугаар сард “AFC Cup” Эрчим клуб оролцох бөгөөд гол тамирчдаа бэртлээс хол байлгах үүднээс ийнхүү залуу тамирчдаар багаа бүрдүүлжээ. Дараагийн тоглолтоо тэд футзалын Улсын аварга “Арвис” багийн эсрэг хийх болно.

“Хоромхон” багийн хувьд энэ тойргийг өнжсөн ба ирэх 7 хоногт тэд эхний тоглолтоо “Соёмбын Барсууд” багтай хийх юм.

Тоглолтын тоймоос танилцуулахад одоогоор ийм байна. Тэмцээн ирэх гуравдугаар сарыг дуустал үргэлжлэх юм.

Бэлтгэсэн: С.САЙНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *