“Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр”, “Металл хийц, тоног төхөөрөмж, машин үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх хөтөлбөр”-үүдийг танилцуулах уулзалт өчигдөр Аж үйлдвэрийн яаманд боллоо. Тус уулзалтад мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, ТББ зэрэг 20 гаруй байгууллагын 60 орчим төлөөлөгч оролцож, санал бодлоо солилцсон юм.
УИХ-аас баталсан Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичигт дээрх салбарын бодлогууд нарийвчлан туссан бөгөөд 2030 онд тодорхой зорилгод хүрсэн байхаар заажээ.
Манай улс сүүлийн таван жилийн хугацаанд 13.6 тэрбум ам.долларыг машин, түүний тоног төөхөрөмжийг импортлоход зарцуулсан байна. Энэ нь нийт импортын 50-60 хувийг эзэлж буй аж. Тэгвэл “Металл хийц, тоног төхөөрөмж, машин үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх хөтөлбөрт 2020 он гэхэд үйлдвэрлэлийн түүхий эдийн 30 хувийг дотоодын аж ахуйн нэгжүүдээс хангахаар заажээ.
“Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр”-т:
2025 он гэхэд төмрийн хүдэр, баяжмалыг экспортод гаргахыг бүрмөсөн хориглох, үндэсний үйлдвэрлэлийг урт хугацаанд түүхий эд материалаар тогтвортой хангах. 2023 оноос ганг чанаржуулагч эрдсүүдийн хүдэр баяжмалыг экспортод гаргахыг хориглох эрх зүйн орчин бий болгох шаардлагатай хэмээн заасан байна. Мөн Орхон аймагт жилийн 100 мянган тонн ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай төслийг 2018 онд багтаан дуусгах. Дархан-Сэлэнгийн бүсэд жилийн 500 мянган тонн шууд ангижруулсан төмөр, 350 мянган тонн ган үйлдвэрлэх хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт 2020 онд багтаан барьж байгуулах зорилт тусгагджээ.
Үүнд хүрэхийн тулд тус салбарынхан нэгдсэн зохион байгуулалтад орж, хүчээ нэгтгэх зайлшгүй шаардлага тулгарч буй аж. Тиймээс мэргэжлийн холбоод нэгдсэн удирдлагад орж, хувийн хэвшлийнхэн нь төртэй хамтарч ажиллахад анхаарах юм байна.