Өглөөний ургах наран дундаас хувинтай ус бариад ирж яваа ээжийнхээ өөдөөс гараа алдлан гүйж буй бяцхан хүүхдийн зургийг хараагүй, мэдэхгүй хүн үгүй. Энэ бол ардын зураач, Төрийн соёрхолт Дагдангийн Амгалангийн “Өлгий нутгийн минь өглөө” цуврал зургийн нэг хэсэг “Ээж ээ, сайн байна уу” зураг юм. Д.Амгалан гуай энэхүү бүтээлээ оюутан ахуй цагтаа буюу 1962 онд бүтээж, “Өлгий нутгийн минь өглөө” цувралаараа 1969 онд Төрийн шагнал хүртэж байжээ.
Эрвийсэн сормуус, бумбайсан хацар, сарвайсан бамбагар хөөрхөн гар, сэвлэг сөөсгөр үстэй, баацайсан хөлтэй, тонтгор хөөрхөн балчир хүүхдийн булбарайхан төрхийг харсан хэний ч хайр өөрийн эрхгүй төрмөөр. Хүн бүрийн сэтгэлд балчир бага насандаа эргэн очих шиг, хорвоогийн хамгийн аз жаргалтай мөчүүд эргэн ирэх шиг мэдрэмж төрүүлнэ. Энэ зурганд хорвоогийн гэрэлт нэгэн өглөө аз, жаргал баяр баясал өнгө бүхнийг хоёрхон өнгөөр дүрсэлжээ. Хулдаасан барын аргаар бүтээсэн эл зургаа цагаан дэвсгэр дээр улаан хар хоёрхон өнгийг ашиглан дүрсэлсэн. Нарны цацраг эхийн хувцас нүүр царай, хүүхдийн нүүрийг хараар дүрсэлсэн ч, хүүхдийн дотуур цамцыг час улаанаар дүрсэлсэн нь зургийг илүү тодруулж өгнө. Мөн яагаад ганцхан хүүхдийн цамцыг улаанаар зурсан юм бол гэдэг нь олон хүний сонирхлыг төрүүлдэг.
Хүүхдийг гол баатар болгон хэдийгээр цаашаа харуулж дүрсэлсэн ч нүүрэн дэх сэтгэл хөдлөл зэрэг нь түүний гараа сарвайлган гүйж байгаагаас тодорхой харагддаг. Харин эхийг нааш харуулан зурсан хэдий ч нүүр царайны ерөнхий дүрслэлийг бүдүүн тоймоор гаргажээ. Гэсэн ч эхийн жаргалтай инээмсэглэл, үрээ харж буй хайр энэрлийн уян зөөлөн харц мэдрэгдэнэ. Хурц нарны өөдөөс харж буй хүнд юмс үзэгдэл ингэж л харлаж харагддаг даа гэж бодогдохоор.
Ардын зураач Дагдангийн Амгалан Сүхбаатар аймгийн Дарьганга нутагт 1933 онд мэндэлж зургаахан насандаа эцгээс өнчирч элбэрэлт эхийн ачаар хүний зэрэгт хүрчээ. Хар бага наснаас зураг зурах дуртай байсан бяцхан хүү 13 насандаа хүүхдийн зургийн уралдаанд түрүүлэн, 1945 онд сууриа тавьсан Дүрслэх урлагийн дунд сургуульд оюутан болж очсон байна. Москвагийн уран зургийн дээд сургуульд элсэн суралцаж байх үеийн нэгэн амралтаараа тэрээр эхнэр хүүхдүүд дээрээ ирээд байхдаа энэхүү алдарт зургаа туурвижээ. Тэрбээр “Ээж ээ, сайн байна уу” зургаа хэрхэн бүтсэн талаар дурсан ярьсан байдаг.
Д.Амгалан гуай 1959 онд Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургуульд элсэн оржээ. Айлын хажуу өрөө түрээслэн эхнэр хүүхдээ байлгадаг байсан тарчигхан оюутан зун, өвлийн амралтаараа нутагтаа ирээд Урчуудын эвлэлийн хороотой гэрээ байгуулж, зураг зурдаг байж. Тэгж олсон хэдэн төгрөгөөрөө ард үлдсэн эхнэр хүүхдэдээ нэмэрлэнэ. Энэ л үедээ тэрбээр “Баян талын өглөө”, “Бадралт соёлын минь өглөө”, “Атар талын өглөө”, “Аварга үйлдвэрийн өглөө”, “Улаанбаатарын өглөө”, “Уламжлалт ирээдүйн өглөө” зэрэг зургаан цуврал бүхий ”Өлгий нутгийн минь өглөө” уран бүтээлээ туурвижээ. Энэ цуврал зургийнхаа төгсгөлийн хэсэг болох “Уламжлалт ирээдүйн өглөө” гэсэн сэдвээр “Ээж ээ, сайн байна уу” зургийг зурсан байна.
Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Би өвлийн амралтаар ирээд байсан үе. Эхнэр бид хоёр хүүхдүүдийн хамт айлын нэг өрөөнд амьдарч байлаа. Нэг өглөө дунд охин Жавхлан маань нойрмог нүдэлчихсэн “Ээж ээ” гэсээр галын өрөөнд орж ирсэн. Тэр үед охин маань дөнгөж хоёр ойтой байсан үе. Ээжийгээ алга болохоор уйлагнан үгүйлж, олж хараад баярлан хөөрөх охины минь тэр хонгорхон зан энэ зургийн санааг анх надад төрүүлсэн юм. Зургаа хоёр өнгөөр зураад шөнөжингөө галын өрөөндөө сууж нухаж билээ. Хулдаасан барын аргаар бүтээсэн юм шүү дээ. Суриковын дээдэд шилжихээсээ өмнө Москвагийн Хэвлэлийн дээд сургуулийн зургийн ангид сурч байхдаа зураасан зураг, мод, чулуу болон хулдаасан барын аргаар хийж сурсан. Тэгээд л шинэ төрлөөр бүтээе гэж оролдсон минь тэр” хэмээн дурсан ярьсан нь үлджээ.Том охин Жаргалан, дунд охин Жавхлан хоёр нь багадаа “Энэ би, энэ би” гээд л хоорондоо булаацалддаг байж. Тэгэхэд нь “Та нар бүгдээрээ өөрийгөө гэж бод, өглөө босоод л ээж рүүгээ тэмүүлцгээдэг шүү дээ” гэж ярьдаг байсныг түүний шавь зураач С.Төгс-Оюун дурсан бичсэн нь бий.
Түүний “Өлгий нутгийн минь өглөө” цувралын бүх зурагт нар байдаг. “Ээж ээ, сайн байна уу” зурагт ч өглөөний нарны цацрагийг зургийн бүхий л хэсэгт тусгаж өгсөн. Алтан наран бүхий л ертөнцийг ариусган гэрэлтүүлж, хүн бүхэн амьтан бүхэн дээр ялгалгүй тусна гэдэг сэдлийг эрхгүй төрүүлнэ. “Ертөнцийн наран мандаж байна. Ээж минь ч бас наран юм гэсэн санааг тусгая гэж бодсон. Яахав, муугүй бүтээл болсон байх аа. Олон удаагийн үзэсгэлэнд тавигдаж байсан. “Иностранная литература”, “Огонек” зэрэг гадаадын хэвлэлд нийтлэгдсэн. Монголдоо бол сонин хэвлэлд олон гарсан даа” хэмээн нэрт зураач Д.Амгалан дурсан ярьж байжээ.
Д.Амгалан гуай 1993 онд жаран насныхаа ойгоор уран бүтээлийн тайлан үзэсгэлэнгээ гаргахдаа энэ зургаараа “анонс” хийж байжээ. Анхны эх нь олдохгүй болохоор дахиж хийсэн эхээ үзэсгэлэнгийн хойморт залсан байна. Харин тэрхүү эх зургаа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын гэргий Ш.Цэвэлмаад дурсгал болгон бэлэглэсэн тухай сонин хэвлэлд гарч байсан юм.
Дөч гаруй насыг туулж яваа “Ээж ээ, сайн байна уу” зураг олон ч албан газар байгууллага, сургуулийн ханыг чимж, олон мянган хүүхдийн уран зургийн мэдлэгт хувь нэмэр оруулж буй бүтээл.
Социализмын үед л гэхэд 120 мянгатын нэгэн байшингийн хананд энэ зургийг бүтнээр нь зурж, бүхэлд нь дүүргэсэн нь олон хүний сэтгэлд хоногшин үлдсэн байдгийг тэр хавиар амьдарч байсан хүмүүс дурсан ярих нь бий.
Энэхүү нэрт бүтээлийг өнгөрсөн онд Дорнод аймгийн төв “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд хөшөө болгон бүтээж, мөнхөлсөн юм. Энэ нь тус бүтээл хэр үнэ цэнтэй болохыг илтгэх бас нэгэн үнэлэмж болсон билээ.