Categories
мэдээ улс-төр

Нийтийн сонсголын тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Нийтийн сонсголын тухай хуулийн талаар өнөөдөр /2015.12.31/ мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээлэлдээ, Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2014 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа тусгах боломж нөхцлийг бүрдүүлсэн маш чухал хууль батлагдсан гэдийг онцлоод хуулийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм.

Нийтийн сонсголын тухай хууль нь 5 бүлэг 26 зүйлтэй. Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг тогтоох, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, түүнчлэн хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах зорилгоор нийтийн сонсголын үйл ажиллагааг зохион байгуулна. Ингэхдээ Нийтийн сонсголын тухай хуулиар хууль тогтоомжийн төсөл, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн 6 төрлийн сонсголыг доор дурдсан үндэслэл, журмаар явуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгажээ.

Үүнд:

1. Хууль санаачлагч нь хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой болон нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд хууль тогтоомжийн төслийн сонсголыг явуулахаар тусгасан байна.

Хууль тогтоомжийн төслийн сонсгол явуулах асуудлыг тухайн Байнгын хорооны нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар шийдвэрлэх бөгөөд иргэн хуулийн этгээд уг сонсголыг явуулах хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын болон дэд хороонд хандан гаргах юм.

2. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн мониторинг үнэлгээ хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага ерөнхий хяналтын сонсголыг явуулахаар тусгав. Ингэхдээ Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг тогтмол явуулах бөгөөд тухайн хууль, тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болсноос хойш 24-30 сарын дотор эхний хяналтын сонсголыг, дараагийн сонсголыг таван жил тутамд нэгээс доошгүй удаа заавал зохион байгуулна.

3. Улсын Их Хурал нь төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төсвийн орлого, зарлага, төсвөөс санхүүжүүлсэн болон хөрөнгө оруулсан үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хянах зорилгоор улсын нэгдсэн төсвийн биелэлт, зарцуулалттай холбоотой асуудлаар Төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулахаар тусгав.

4. Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар албан тушаалтныг томилохдоо Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтийг үндэслэн томилгооны сонсголыг явуулахаар заажээ.

5. Захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн сонсголыг захиргааны хэм хэмжээний актыг батлах, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахын өмнө зохион байгуулахаар тусгав.

6. Орон нутгийн сонсголыг Улсын Их Хурал, Засгийн газар нь тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүсэлт, тухайн асуудал хариуцсан байнгын хорооны шийдвэрийг үндэслэн тодорхой асуудлаар тухайн газарт очиж явуулахаар заасан байна. Нийтийн сонсголын тухай хуулийг баталснаар хууль тогтоох болон төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэний оролцоог хангах, иргэд төрөөс гарах шийдвэрийн талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх, шийдвэрт нөлөөлөх эрх зүйн үндэс бүрэлдэж, төр иргэн хооронд мэдээллийн эргэх холбоо үүсч, иргэдээс төрд итгэх итгэл нэмэгдэх бөгөөд үүний үр дүнд хууль, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актын чанар сайжирч, нийтээр хүлээн зөвшөөрөх хандлагад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзжээ.

Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *