УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт “Буянт-Ухаа 2” орон сууцны цогцолборын нээлтэд оролцохдоо олны анхаарлыг татсан нэг мэдэгдэл хийлээ. Орон сууцны найман хувийн зээлийн хүүг одоогийнхоос ч багасгах боломж байгаа гэсэн УИХ-ын даргын үг Цэцийн шийдвэрээс болж байрны зээлэнд орох үгүйгээ мэдэхээ больсон хүмүүсийн чихэнд чимэгтэй сонсогдсон нь гарцаагүй. Найман хувийн зээл зогсохгүйгээр барахгүй хүү нь ч буурч магадгүй нь. Орон сууцны бага хүүтэй зээлтэй холбоотой цэцийн шийдвэрээс болгоомжлох хэрэггүй, хуулийг бүх зүйл заалтаар нь дахиж батална гэсэн үгийг зүгээр ч нэг дарга хэлсэнгүй. Хууль баталдаг, шийдвэр гаргадаг УИХ-ын дарга хэлсэн нь олон хүнд итгэл өглөө. Тэр “Найман хувийн ипотекийн зээлийг зогсоосны харгайгаар “Буянт-ухаа 2” хороололд орох байсан 1620 айл байрандаа орж чадсангүй. МАН-ын нүгэл гэж яриад байгаа найман хувийн зээлийн асуудлыг АН ард түмнээ орон сууцтай болгох, барилгын салбараа ажилтай байлгах, утаанаас салах хамгийн зөв зам гэж санаачилсан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарахаас өмнө хэвийн явж байсан ажил. УИХ энэ асуудлыг яаралтай горимоор шийдэж найман хувийн зээл удахгүй сэргэнэ” хэмээн ярьж. Тэгэхээр найман хувийн зээл үргэлжлэх эсэх дээр эргэлзэх зүйл алга. Үргэлжлэхээр барахгүй хүү нь буурна гэдгийг өмнө онцолсон. Харин хэд болж буурах боломжтой вэ гэдэг асуудал л цэцийн шийдвэрээс илүү анхаарал татаж эхэллээ.
Орон сууцны зээлийг зургаан хувь болгох бүрэн боломж байгаа юм билээ. Дөрвөн хувь руу ч оруулахад асуудалгүй гэдгийг албаны эх сурвалж онцолсон. Эдийн засаг талаасаа хэр боломжтой шийдвэр вэ гэсэн асуулт гарч ирэх нь ойлгомжтой. Инфляци гурван хувь руу уруудсан учраас байрны зээлийн хүү буурах бүрэн үндэслэлтэй гэж эдийн засагчид хэлж байна. Инфляци 14 хувь байхад найман хувийн зээл олгож эхэлж байсан. Дажгүй л хэрэгжээд явчихсан. Одоо инфляци гурван хувь. Зургаа байтугай дөрвөн хувь болгох суурь нь аль хэдүйнэ бүрдчихсэн гэсэн үг.
Байрны зээлийн хүүг зургаа юм уу дөрөв болгочихвол эдийн засагт ямар өөрчлөлт гарахыг төсөөлцгөөе. Хамгийн их мөнгө гацаасан салбарын нэг бол барилга. Орон сууцны хоосон барилгууд хотоор нэг байна гэж бичиж мэдээлэхээс хэтрэхгүй сууцгааж байгаа. Зээлийн хүү буурангуут орон сууцны зээл дорхноо сэргээд ирнэ. Ипотекийн зээлээр наян мянга орчим өрх байртай болсон гэсэн статистик бий. Тэгвэл дахиад энэ хэмжээний өрхийг хямд хүүтэй зээлээр байртай болгох боломж байгаа гэсэн тооцоог учир мэдэх улс хийсэн байна лээ. Тэгэхээр барилгын салбарт их мөнгө цутгаж эхэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл барилгын салбарт гацсан, царцсан мөнгө эдийн засагт эргэлдэж эхэлнэ. Эргэлтэд орсон мөнгө яах нь тодорхой. Бусад салбараа тэтгээд өндийлгөөд ирнэ. Хэрвээ орон сууцны хямд хүүтэй зээлийг сэргээхгүйгээр цаашилъя гэвэл эдийн засагт байгаа мөнгө төсвийн алдагдлыг нөхөхөд л зарцуулагдана. Эдийн засагт ямар ч эерэг нөлөө үзүүлж чадахгүй гэсэн үг.
Байрны зээлийн хүү буурангуут орон сууцны зээл авах хүмүүсийн тоо өснө. Учир нь зээлийн хүү уруудах тусам төлөх мөнгө нь багасна, төлөх мөнгө танагдчихаар орлогын босго намсана. Өдгөө байрны зээл хүссэн хүмүүсээс орлого нь дор хаяж нэг сая 500 мянган төгрөг байх ёстой гэсэн шаардлага тавьж буй. Харин байрны зээлийн хүү буурвал орлогын босго нэг сая болж багасна. Батлан даагч, хамтран зээлдэгч энэ тэр гэхгүйгээр орон сууцны зээлд хамрагдах боломж нээгдэнэ гэдэг иргэдийн хувьд таатай хэрэг.
Нийслэлийн засаг дарга “Буянт-Ухаа 2”-ын нээлтэнд очихдоо 600 гаруй мянган иргэн орон сууцанд орох хүлээлттэй байгаа гэсэн тоо хэлж байсан. Ямартай ч дахиад 80 мянган өрх ойрын хугацаанд байрны зээлд хамрагдах боломж нээгдэх нь. Тэгэхээр шийдвэр нэг талдаа хүндрэл үүсгэсэн ч нөгөө талдаа байдлыг эргэж харах боломж олгосныг өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлууд батлав. Хотын дарга гэхэд л УИХ-ын даргад “Америк, Герман гээд бүхий л орнуудад моргейжийн зээлээр л орон сууцтай болдог практик байдаг. Орон сууцжуулах бодлогын гол эргэлт нь ипотекийн зээл. Иргэдийнхээ үндсэн хэрэгцээгээр битгий улстөржөөч. Хашааны газрыг эргэлтэд оруулах боломж бий болж, УИХ хууль баталсан ч Үндсэн хуулийн цэц бас хүчингүй болгосон. Иргэд яагаад хашааны газраа эргэлтэд оруулж, бизнес хийж болохгүй юм бэ. Иймээс эдгээр шийдвэрийг хатуу анхаарч, УИХ-ын гишүүддээ анхааруулаач” гэж байсан юм.
Засгийн газар 2012 оноос найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 2013-2014 онд 2.5 сая метр квадрат орон сууц шинээр ашиглалтад орсон гэсэн статистик бий. Тэр цагт улсын хэмжээнд 5.2 их наяд төгрөгийн орон сууцны барилга угсралтын ажил хийгдсэн байдаг. Найман хувийн зээл хэрэгжээд эхлэнгүүт бараг л толгойтой бүхэн байрны зээл хүссэн өргөдлийг банкуудад өгч эхэлсэн. Эрэлт ихсээд ирэнгүүт байрны метр квадратын үнэ өссөн нь бас үнэн. Найман хувийн зээл олгож эхэлснээс хойш гарсан сөрөг гэж хэлж болохоор зүйл гэвэл байрны үнийн өсөлт. Авах хүмүүс нь ихсээд ирэнгүүт барилгын компаниуд байрныхаа метр квадратын үнийг өсгөөд эхэлсэн. Харин одоо орон сууцны үнэ хөрсөндөө буучихаад байгаа. Худалдаж авах мөнгөтэй хүн багассан учраас бодит үнэ рүүгээ орсон гэж шинжээчид онцолж буй. Тэгэхээр орон сууцны зээлийн хүүг бууруулбал шаардлага гэх үү, босго гэх үү нэг зүйлийг тусгаж өгмөөр байгаа юм. Барилгынхаа метр квадратыг бодитойгоор үнэлбэл хямд хүүтэй зээлд хамруулах боломжтой гэсэн хязгаарлалт хийх шаардлага бий. Ухаандаа метр квадратыг нь 1.2 саяар үнэлбэл байрны зээлийн хүү дөрөв рүү уруудахад асуудалгүй гэх гээд байна л даа.
Ямартай ч эдийн засгийг сайнаар харах нэг гарц яах аргагүй орон сууцны хямд хүүтэй зээл болж байна. Зургаа, дөрөв нь яахав, ямартай ч байрны зээлийн хүү буурвал эдийн засагт чамлахааргүй мөнгө эргэлдэх нь. Өөр нэг сайн мэдээ нь мэдээж Оюу толгой. Ирэх жил шууд орж ирэх хөрөнгө оруулалт гэхэд л нэг тэрбум ам.доллар. Хөрөнгө оруулалтын нэг ам.доллар хоёр ам.доллар болж үрждэг гэсэн тооцоогоор бол хоёр тэрбум гаруй ам.доллар эдийн засагт орж ирнэ. Тэгэхээр орон сууцны хямд хүүтэй зээл үргэлжилж, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт өрнөж байхад учиртай гэсэн үг. Эдийн засаг ч алзахгүй ээ гээд итгэл төгс урагшилж болохоор л байна.